Ашиг сонирхолын зөрчилтэй сайд нарын концессын гэрээ ил болж эхэллээ. Өмнө нь төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан билээ. Өчигдөр МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг өргөн барих үеэр Засгийн газрын сайд нар концессын гэрээг хувааж идсэн. Үүнтэй эвлэрч чадахгүй хэмээн хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Засгийн газрын гишүүдийн нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд Концессийн гэрээ байгуулах эрх олгосон асуудал дэлгэгдэж эхэллээ. Гэвч үүнийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мөн л эсэргүүцэж мэдэгдэл хийсэн. Сайд нарын авсан концессын гэрээн дотор ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай холбоотой гэрээ мөн орсон байна. Өөрөө сайдын албан тушаал хашиж байж өөрсдийн хамаарал бүхий компанидаа концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл авах нь өөрөө ашиг сонирхолын зөрчил үүснэ. Энэ нь эргээд өөрсдийг нь огцруулахад хүргэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар 2016 оны 8-р сарын 17-ны өдөр “Коницессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гаргаж концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.
Гэтэл 2016 оны 12-р сарын 7-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх тухай” 180 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт 6, зам тээврийн салбарт 4 төслүүдийг хэргэжүүлэхээр жагсаалтыг батлаж, тэдгээр төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчтэй 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгасан байна.
Ингээд нийтдээ 7 төрлийн 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий концессын гэрээнүүдийг байгуулсан байна. Тэдгээрээс Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхол бүхий аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээнүүд нь:
1. Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын МАК компанитай шууд гэрээ байгуулсан 78.752.800.000 (Далан найман тэрбум долоон зуун тавин хоёр сая найман зуун мянга) төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл”. Энэ төслийн талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэхдээ төслийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчинд холбоно гэсэн мэдээллийг өгч байсан боловч тухайн 2 сумыг эрчим хүчээр холбох агаарын шугамыг 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж, бүтээн байгуулалтын ажил дууссан байсан байна. Харин тодорхойгүй шалтгаанаар өнөөдрийн хүртэл тэдгээр сумдыг эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байна. Энд концессийн гэрээгээр ажил гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан МАК ХХК нь Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын хувийн компани бөгөөд төслийн хүрээнд түүний компанийн эзэмшилд хууль бусаар очсон Цагаан суваргын орд газарыг эрчим хүчний системд холбох гэж байна. Энэ төслийн эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад хийхээр гэрээнд тусгасан байна.
2. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий Засагт чандмань майнз ХХК-тай байгуулсан 162.869.200.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдлгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна