8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: АТГ Шадар сайдыг яллагдагчаар татсан гэдгээ мэдэгдэж, 2 настнууд “ёндогоо” үзсэн өдөр

2017-08-25 18:36:00

Амжилт бүтээл дагуулсан ажлын долоо хоног ийнхүү дуусаж байна.  Дуулиантай, дуулгах сонинтой, дурсах өдөртэй долоо хоног таньд шинэ амжилт бүтээл дагуулсан гэдэгт итгэлтэй байна. Харин амралтын өдрөө хайртай гэр бүлдээ, хайртай бүхэндээ цаг гаргаж, амралтаа сайхан өнгөрүүлээрэй.  Ингээд та бүхэндээ тойм мэдээллийн"Монголын нэг өдөр" булангаараа өнөөдөр болсон үйл явдлыг хүргэе. 


ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан, зураагүй гишүүдийн хэн нь хэн бэ?

-МАН-ын "бор халзан хонин"-ууд оодорч, Боловсролтой нь "урвагчид" болсон уу-

МАН-ын нэр бүхий 31 гишүүн энэ сарын 23-ны өдөр Засгийн газраа огцруулах албан бичиг УИХ-д өргөн барьлаа. МАН-ын нийт гишүүдийн бараг 50 хувь нь энэхүү албан бичигт гарын үсэг зурсан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар МАН-ын гишүүдийн 48 хувь нь гарын үсэг зуржээ.  Энэ тоо нэмэгдэнэ. Учир нь өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газрыг огцруулах асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “60 тэрбумын асуудал нь Монгол төрийг худалдсан шившигт явдал боллоо. Энэ бүгдийг шийдэхийн тулд МАН дотроо дорвитой өөрчлөлт хийх ёстой. МАН-ын бүлгийн 30 гишүүн гарын үсгээ зурсан. Гарын үсэг зураагүй дэмжиж байгаа манай намын олон гишүүд байгаа. Засгийн газар одоо болно, улс орноо бод. Шулуухан хэлэхэд, МАН-ын гарын үсэг зураагүй Монгол гэж ярьж явдаг гишүүд бол “чонотой нийлсэн нохой" хэмээн жиргэсэн юм. Үүнээс харахад МАН-ын нэр нөлөө бүхий улс төрчид Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаа нь илт байна. Мөн гарын үсэг зураагүй ч Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдгээ аман байдлаар илэрхийлсэн 7 гишүүн байгаа аж. Үүнээс харахад Засгийн газрыг огцруулахыг МАН-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь дэмжиж байна гэхэд болно. Тэгвэл МАН-ын 65 гишүүний хэн нь Засгийн газрыг огцруулахтай санал нийлсэн, хэн нь эсрэг байр суурьтай байсныг харцгаая.

МАН-ын нийтийн гишүүдийн бараг 50 хувь нь Засгийн газраа огцруулах албан бичиг гарын үсэг зурсан гэж хэлж болно. Тодруулбал өнөөдрийн байдлаар МАН-ын гишүүдийн 48 хувь нь гарын үсэг зурсан. Энэ тоо нэмэгдэнэ.

ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд:

Т.Аюурсайхан, Д.Лүндээжанцан, Сү.Батболд,  Х.Нямбаатар, Б.Баттөмөр, Ц.Нямдорж, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ, Х.Болорчулуун, М.Оюунчимэг Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Ц.Даваасүрэн, Г.Солтан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Г.Занданшатар, А.Сүхбат.

Засгийн газрыг огцруулахгүй гэж гарын үсэг зураагүй гишүүд:

Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, М.билэгт, Л.Болд, Д.Ганболд, С.Жавхлан, Л.Мөнхбаатар, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Л.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, Б.Наранхүү, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Б.Саранчимэг, О.Содбилэг, М.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Энхболд гэх мэт гишүүд гарын үсэг зураагүй.

Эдгээр гишүүд гарын үсэг зурсан, зураагүйгээрээ ялгарч биесээ “баалж” нэр “хоч” өгч эхэлсэн байна. Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зураагүй гишүүд гарын үсэг зурсан гишүүдээ урвагч, шарвагч, худалч, намын нэр төрд халдагсад гэх мэтийн хатуухан үг “чулуудаж” яваа сурагтай. Бас болоогүй “хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо” гэх мэтээр нэрлэж, хочилж яваа гэнэ. Тэгвэл  Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан, зураагүй гишүүдийн хэн нь хэн бэ гэдгийн эргэж нэг харцгаая. 

Засгийн газрыг огцруулах бичиг гарын үсэг зураагүй гишүүд гарын үсэг зурсан гишүүдээ урвагч, шарвагч, худалч, намын нэр төрд халдагсад гэх мэтийн  хатуухан үг “чулуудаж” яваа сурагтай.

ЗГ-ыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн хувьд улстөрийн хүрээнд танигдсан, хэд хэдэн удаа тойргоосоо нэр дэвшиж байсан хүн олон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр 2008 онд УИХ-д Говь-Алтай аймгаас анх удаа сонгогдсон. 2012 онд УИХ-д дахин сонгогдож, өнгөрсөн жил болсон 2016 оны УИХ-ын сонгууль Баянзүрх дүүргээс сонгогдож одоогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын албыг хашиж байгаа. Тэрбээр 2008 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ 7-8 хууль санаачилж, батлуулж байсан аж. Мөн Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих үеэр “Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Сургууль гурван ээлжээр хичээллэсэн хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Монгол төрийг худалдсан 60 тэрбумын шившигтэй явдал. Итгэж байсан төр нь, найдаж 65 суудал өгсөн МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг, авлигалын эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг, нам нь нам шиг явах цаг болсон” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлсэн “Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амласан” гэдэг үг нь түүнийг ямар тулхтай гишүүн болохыг харуулж байгаа юм. 

МАН нь иргэдийн итгэлийн мөнгөөр үнэлж, зарж байгаа нь туйлын ноцтой, үндэсний язгуур эрх ашгийг зөрчсөн, төрийн эсрэг, авлигалын эсрэг гэмт хэрэг. Үүнийг цэвэрлэх цаг нь болсон.

УИХ-ын гишүүн Н.Учрал. Тэрээр өнгөрсөн 2016 оны сонгуулиар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүд болсон. Өнгөрсөн жилийн сонгуулиар  улс төрд орж ирсэн залуу гишүүн. Тэрбээр сонгогдсон цагаасаа хойш тойргынхоо ард иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлүүлж ирсэн. Залуу гишүүдийн дунд нэлээд нэр хүнтэй бөгөөд тойрогтоо “элгэмсэг” гишүүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн ч хэлдэг.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016 онд дахин сонгогдож МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байгаа. Мөн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Г.Занданшатар нарын улстөрд төдийгүй салбартаа нэр хүндтэй, ажиллаж хөдөлмөр эрхэлсэн хийсэн зүйлтэй, хэлсэн үгтэй хүн олон байна.

Бүтэн нэг жилийн хугацаанд эдгээр гишүүд хууль санаачилсан уу, санаачилсан хууль гар бие оролцсон уу гээд тэдний хийсэн ажлыг шалгаж, дүгнэвэл тааруухан “дүн” гарах биз.

Харин Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй гишүүдын хувьд танхимын сайд нар болон шинэхэн гишүүд багтаж байгаа юм.  Шадар сайдын хувь ажлаа өгсөн. Харин үлдсэн танхимын сайд нар өөрсдийнхөө эсрэг "тахимаа" өгч Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурахгүй нь тодорхой. Тэдний хувьд намын шинэчлэлээс илүү өөрсдийнхөн нь "зөөлөн сэнтий" чухал.  Мэдээж тэд ямар нэгэн байдлаар сайдын суудалдаа үлдэхийг хичээнэ. Харин  бусад шинэ гишүүндийн хувьд МАН-ын нэрээр орж ирсэн гэхэд болно. Учир нь 2016 оны сонгуулиар МАН-аас бол "бор халзан хонь" байсан ч сонсогдохоор байсныг хэн хүнгүй хэлдэг. Бүтэн нэг жилийн хугацаанд эдгээр гишүүд хууль санаачилсан уу, санаачилсан хуульд гар бие оролцсон уу гээд тэдний хийсэн ажлыг шалгаж, дүгнэвэл тааруухан “дүн” гарах биз. Хатуухан хэлэхэд зарим УИХ-ын гишүүдийг нь иргэд таних уу, тэд танигдахаар зүйл хийсэн үү. Чуулганы үеэр ч дугарч үзээгүй гишүүд ч энд бий. Тэднийг иргэдийн төлөөлөл болгож УИХ-д сонгосон. Мөн хууль санаачилах нь тэдний үндсэн үүрэгт ажил. Гэтэл тэд хууль санаачлах нь бүү хэл намынхаа хуул бус, бусармаг үйл хэрэгтэй эвлэлдэн нэгдэж байгаа нь харамсалтай. Эсвэл Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй, гарын үсэг зураагүй гишүүд намынхаа хууль бус бусармаг үйл явдлыг харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөхийг хүссэн үү. Нөгөө талаас нь харвал тэдэнд зурахгүй байх өөр шалтгаан бий юу. 

Эцэст нь дүгнээд хэлэхэд МАН-ын "бор халзан хонин"-ууд оодорч, Боловсролтой нь "урвагчид" болоод байх шиг байна. 

Л.Эрдэнэцэцэг: Манай сургуулийг төгссөн сурагчид БНХАУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах боломжтой

"Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа. 

Сайн байна уу. Юун түрүүнд та өөрийг танилцуулахгүй юу. "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургууль анхны элсэлтээ авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн байна уу. Chuhal.mn сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний нэрийг Л.Эрдэнэцэцэг гэдэг. "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургуульд захирлаар ажиллаж байна. Манайх 2010 оноос одоог хүртэл “Путонхуа” хятад хэлний сургалтын төвөөр ажиллаж байгаад энэ жилээс Хятад хэлний бүрэн дунд сургууль болж өргөжин 6-12 ангидаа шинэ элсэлт авч байна.

-Бусад Хятад хэлний сургуулиас ялгарах онцлог нь юу байна. Танай сургуулийг төгссөн хүүхдүүд БНХАУ-д тэтгэлэгээр суралцах боломжтой гэсэн?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Хятад хэлний бүрэн дунд сургуулиуд олон байгаа. Манай сургуулийн онцлог болон давуу тал нь  12 дугаар ангиа төгссөн сурагчид БНХАУ-ын их дээд сургуулиудад Засгийн газрын болон Мужийн засгийн газрын тэтгэлэг, бусад тэтгэлгүүдэд хамрагдан  суралцах  боломжтой юм. Эдгээр тэтгэлэгүүдэд хүүхдүүд хамрагдаж суралцсанаар ирээдүйд Монголдоо сайн боловсон хүчин болж ирэх юм. Тиймээс манай хамт олон үүнийг хамгийн том зорилгоо болгож, "Путонхуа" хятад хэлний бүрэн дунд сургууль болон ажиллаж байна.

-Төлбөртэй дунд сургуулиуд хүүхдүүдийг сайн сургах, боловсрол эзэмшүүлэх гэхээсээ илүү олон хүүхэд элсүүлэхийг эрмэлздэг. Харин танай сургууль жил бүр  сурагчидаасаа Хятад хэлний түвшин тогтоох шалгалт авдаг гэж сонссон. Тэгэхээр хүүхэд нэг бүр дээр анхаарлаа хандуулж ажилладаг гэж ойлголоо?

-Та маш зөв ойлгосон байна. Хятад хэлийг сурч байгаа хүүхдүүдээс түвшин тогтоох HSK гээд шалгалт гэж авдаг. Хятад хэлний сургууль учраас хүүхдүүдээ түвшин түвшингээр нь шалгалтанд хамруулна. Энэ шалгалтыг өгсөнөөр хүүхдийн Хятад хэлний түвшинг тогтоож байна гэсэн үг. Ер нь Хятадын их дээд сургуульд элсэн суралцахад босго оноо HSK 4-р түвшин байдаг. Гэхдээ бодит амьдрал дээрээ HSK 4-р түвшин Хятадын их дээд сургуулиудад элсэн суралцахад  хангалтгүй байдаг бөгөөд  манай сургууль сурагчидаа HSK 5,6-р  түвшин хүртэл амжилттай сургахыг гол зорилгоо болгон ажиллана  .

-Танай сургуульд ямар ч хүүхэд элсэн суралцах боломжтой юу. Хэлний шаардлага тавих уу?

-Хэлний мэдлэгтэй болон мэдлэггүй хүүхдүүд манай сургуульд элсэн суралцах бүрэн боломжтой. Хүүхдүүдийн түвшингөөс шалтгаалаад хятад хэлийг бүлэг болгон заах ба ерөнхий эрдмийн хичээлүүдийг цөм хөтөлбөрийн дагуу мэргэжлийн багш нар  заана. Хятад хэлний анхан шатны хичээлийг Монгол багш нар, дунд, дээд шатны хичээлийг мэргэжлийн хятад  багш заана.

-Танай сургууль өдөр өнжүүлэхтэй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хичээл орсоны дараагаар өдөр өнжүүлэх ажиллуулж байгаа  гол шалтгаан нь сурагчдынхаа эцэг эхийг ажил хийх нөхцөл боломжоор хангахад чиглэгдэж байна. Мөн манай сургуульд хятад хэлний мэдлэгтэй болон мэдлэггүй хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд өдөр өнжүүлэх ажиллуулж байна. Эцэг эхчүүд хятад хэл, англи хэлний хичээлийн гэрийн даалгаврыг төдийлөн сайн давтуулж чаддаггүй. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүдийг хичээл маш хүнд шүү дээ. Тийм учраас өдөр өнжүүлэхэд багшийн хяналтан дор гэрийн даалгавараа хийх боломжтой. Гэхдээ хүүхэд өдрийн турш  хичээл хийхгүй. Хичээлээ хийж дуусаад янз бүрийн дугуйланд секцэнд хамрагдах бүрэн боломжтой. Өдөр өнжүүлэхэд явж байгаа хүүхдүүдэд хөнгөн цай, мөн тэжээллэг хоол өгнө. Мөн сурагчдыг хүүхдийн тусгай зориулалтын аюулгүй байдлыг хангасан автобусаар зохих маршрутын дагуу гэрийн тань ойролцооноос цагийн хуваарийн дагуу өглөө орой авч өгөх үйлчилгээ үзүүлнэ.

-Сургалтаас гадна хүүхдийн хоол хүнс  эцэг эхчүүдийн анхаарлыг маш их татдаг. Хоол хүнсэн дээр хэр анхаарч ажилладаг вэ?

-Сурагчдын хоолыг технологийн дагуу нэг хүүхдэд оногдох тэжээллэг, чанарлаг бүтээгдэхүүнээр мэргэжлийн тогооч нар хариуцан бэлтгэнэ. Өглөөний 08.00 цагаас оройны 17.30 хүртэл манай сургууль дээр таны хүүхэд байгаа учраас хамгийн эрүүл хүнс, эко хоолыг хийж өгнө. Мөн цаашид сургуулиа камержуулна. Эцэг эхчүүдийн дунд улирал тутам хоолны өдөрлөг зохион байгуулж, санал хүсэлтийн дагуу хоолны цэсэнд өөрчлөлт оруулж шинэчлэгдэж байх болно

-Танай сургуульд элсэн суралцах байгаа сурагчид зуны амралтаараа Хятад руу ярианы дадлага хичээлд явдаг гэсэн. Хүссэн хүүхэд бүр явах боломжтой юу?

-Хятад хэл сурч байгаа учраас зуны амралтаар Хятадын дунд сургууль юм уу их дээд сургууль руу 14-30 хоногийн хугацаатай ярианы дадлага хийх боломжтой. Хятад руу аялах хичээлийн зардлын 30 хувийг сургууль хариуцна. Хүссэн хүүхэд явах боломжтой. Нэмэлт нэг мэдээлэл өгөхөд төлбөрийн уян хатан нөхцөлтэйг дуулгахад таатай байна. Ингээд та бүхнийг манай сургуульд хүүхдээ элсэн суралцуулахыг урьж байна.

Өөрсдөдөө концессын гэрээ өгсөн сайд нар

Ашиг сонирхолын зөрчилтэй сайд нарын концессын гэрээ ил болж эхэллээ. Өмнө нь төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан билээ. Өчигдөр МАН-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг өргөн барих үеэр Засгийн газрын сайд нар концессын гэрээг хувааж идсэн. Үүнтэй эвлэрч чадахгүй хэмээн хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Засгийн газрын гишүүдийн нэгдмэл ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгжүүдэд Концессийн гэрээ байгуулах эрх олгосон асуудал дэлгэгдэж эхэллээ. Гэвч үүнийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мөн л эсэргүүцэж мэдэгдэл хийсэн. Сайд нарын авсан концессын гэрээн дотор ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбаттай холбоотой гэрээ мөн орсон байна. Өөрөө сайдын албан тушаал хашиж байж өөрсдийн хамаарал бүхий компанидаа концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл авах нь өөрөө ашиг сонирхолын зөрчил үүснэ. Энэ нь эргээд өөрсдийг нь огцруулахад хүргэж байна. 

УИХ дахь МАН-ын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар 2016 оны 8-р сарын 17-ны өдөр “Коницессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гаргаж концессын зүйлийн жагсаалтад “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. 


Гэтэл 2016 оны 12-р сарын 7-ны өдөр “Төсөл хэрэгжүүлэх тухай” 180 дугаар тогтоолоор эрчим хүчний салбарт 6, зам тээврийн салбарт 4 төслүүдийг хэргэжүүлэхээр жагсаалтыг батлаж, тэдгээр төслүүдийг концессын гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчтэй 2017 оны эхний хагас жилд багтаан гэрээ байгуулж, ажлыг эхлүүлэх үүргийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарт даалгасан байна. 
Ингээд нийтдээ 7 төрлийн 807.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий концессын гэрээнүүдийг байгуулсан байна. Тэдгээрээс Засгийн газрын гишүүдийн ашиг сонирхол бүхий аж ахуй нэгжүүдтэй байгуулсан гэрээнүүд нь:


 1. Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын МАК компанитай шууд гэрээ байгуулсан 78.752.800.000 (Далан найман тэрбум долоон зуун тавин хоёр сая найман зуун мянга) төгрөгийн төсөвт өртөг бүхий “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл”. Энэ төслийн талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэхдээ төслийн хүрээнд Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчинд холбоно гэсэн мэдээллийг өгч байсан боловч тухайн 2 сумыг эрчим хүчээр холбох агаарын шугамыг 2015 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж, бүтээн байгуулалтын ажил дууссан байсан байна. Харин тодорхойгүй шалтгаанаар өнөөдрийн хүртэл тэдгээр сумдыг эрчим хүчний нэгдсэн системд холбоогүй байна. Энд концессийн гэрээгээр ажил гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан МАК ХХК нь Засгийн газрын гишүүн Н.Номтойбаярын хувийн компани бөгөөд төслийн хүрээнд түүний компанийн эзэмшилд хууль бусаар очсон Цагаан суваргын орд газарыг эрчим хүчний системд холбох гэж байна. Энэ төслийн эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад хийхээр гэрээнд тусгасан байна.

2. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий Засагт чандмань майнз ХХК-тай байгуулсан 162.869.200.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төсөл. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдлгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна

Э.Идэрцог: Шадар сайдыг яллагдагчаар татаад байгаа

АТГ цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-т шалгагдаж буй хэд хэдэн хэргийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудалд асуусан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр  "Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн дүү Отгонбаярын хамт 2017 оны долоодугаар сард өөрийгөө тагнаж чагнасан гэх мэдээллийг олон нийтэд тараасан. Одоогоор энэ асуудалтай нь холбогдуулж яллагдагчаар татаад байгаа. 

Шадар сайдыг тагнаж, чагнасан энэ хэрэг ТЕГ, цагдаагийн байгууллагаар дамжаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирсэн. Одоогоор энэ хэрэгт нийт 9 хүнийг шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа

Үргэлжлэн орсон борооны улмаас орон нутгийн зарим замд эвдрэл үүсчээ. Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замын Бумбатын даваанаас-Хөөвөрийн гүүр хүртэл нийт 37 км газарт замын явах анги болон хөвөөнд их хэмжээний эвдрэл үүсссэн байна.  Иймд энэ чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхаарууллаа.

Э.Идэрцог: МАН-ын дарга М.Энхболдоос авсан мэдүүллэгийг хянаж, шалгах ажил явагдаж байгаа

АТГ  хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  60 тэрбумын хэрэг, Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудал,оффшор, төмөр зам гээд олон нийтийн дун хүлээлт үүсгэж шалгагдаж байгаа асуудлуудад хариулт өгсөн юм. Энэ үеэр 60 тэрбумын хэрэгт холбогдуулан МАН-ын дарга М.Энхболдоос мэдүүлэг авсан эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга, Эрхэлсэн комиссор Э.Идэрцогтоос тодруулахад тодруулахад " Энэ хэрэгт холбогдуулан МАН-н дарга М.Энхболдоос мэдүүлэг авсан. Одоогоор мэдүүллэгийг хянаж, шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар нойтон цас орж ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Ногоочид, тариаланчдын анхааралд:

Наймдугаар сарын 27-28-ны шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН 26-НААС 08 ДУГААР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Наймдугаар сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутаг, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.

Уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь, тал хээрийн нутгаар, 29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 

27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment