8o
Улаанбаатар хот
mobile menu

Засаг огцруулах албан бичгээ өргөн барьж, АТГ олны анхаарлыг татсан мэдэгдэл хийж, Дэлхийн шинэ аваргатай болсон 7 хоног

2017-08-26 10:50:00

Зуны аагим халуун илчээ бууруулж, намрын сэвэлзүүр салхи өглөө, оройдоо жиндүүлнэ. Жилийн дөрвөн улиралтай эх орон минь нэгэн намартай золгож байна. Энэ өдрүүдэд нийгэм, улс төрийн амьдрал дуулиан шуугиан ихтэй нэг 7 хоног өнгөрч байна. Амралтын энэ өдөр уншигч та бүхэнд хүрдэг 7 хоногийн тоймоо хүргэе. Тоймоо хүлээн авна уу.

Ерөнхийлөгч орон тооны бус зөвлөхүүдээ томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томилов. Үүнд, Ч.Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, О.Амгаланбаатар,  Гааль, татварын асуудал хариуцсан, Ч.Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, С.Пүрэвсүрэн, Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Ц.Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Ш.Батцэцэг нарыг орон тооны бус зөвлөхөөр томилсон байна. Мөн  Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Л.Эрдэнэчимэг,  Эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал хариуцсан, Д.Жаргалсайханыг Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан, Сампилдондовын Чулууныг Монгол судлалын асуудал хариуцсан, Цэнджавын Чинбатыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан, Цэдэнгийн Сосорбарамыг Усны асуудал хариуцсан, Бат-Өлзийн Баатарыг Кино урлагийн асуудал хариуцсан, Ням-Очирын Лхагвадоржийг Оюутны хөгжлийн асуудал хариуцсан, Сүхбаатарын Дэмчигийг Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан, Нарангэрэлийн Оргилыг Кино урлагийн асуудал хариуцсан, Лувсандоржийн Баян-Алтайг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс Догмидын Сосорбарам, Цэрэндэжидийн Бямбажав, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Баянжаргалын Бямбасайхан нарыг чөлөөлжээ.

Засгийн газрыг огцруулах албан бичгээ УИХ-д өргөн барьж байна

Төрийн ордонд Засгийн газрыг огцруулах бичгээ албан ёсоор өргөн барьж байна.  Албан бичгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй нэр бүхий гишүүд өргөн барилж байна. Мөн УИХ-ын дарга байхгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Я.Санжмятавд гардуулав. УИХ-ын дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа аж. Энэхүү өргөн бариг бичиг Засгийн гарыг огцруулахаар 31 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг энэ үеэр онцоллоо. LIVE энд дарж үзнэ үү. 

Э.Идэрцог: МАН-ын дарга М.Энхболдоос авсан мэдүүллэгийг хянаж, шалгах ажил явагдаж байгаа

АТГ  хагас жилийн ажлын тайлангаа танилцуулж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  60 тэрбумын хэрэг, Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудал,оффшор, төмөр зам гээд олон нийтийн дун хүлээлт үүсгэж шалгагдаж байгаа асуудлуудад хариулт өгсөн юм. Энэ үеэр 60 тэрбумын хэрэгт холбогдуулан МАН-ын дарга М.Энхболдоос мэдүүлэг авсан эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийн дарга, Эрхэлсэн комиссор Э.Идэрцогтоос тодруулахад тодруулахад " Энэ хэрэгт холбогдуулан МАН-н дарга М.Энхболдоос мэдүүлэг авсан. Одоогоор мэдүүллэгийг хянаж, шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлэл гарч байсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалыг дахин хянаж үзээд хүчингүй болгожээ. Тодруулбал, иргэн Ч.Наранзаяагийн гомдлоор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон байна. Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна.

П.Орхон дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин боллоо

ОУХМ П. Орхон ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар ийнхүү Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулж, Төрийн дууллалаа эгшүүллээ. П.Орхон нь чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болж дэлхийн аваргын буухиаг ийнхүү үргэлжлүүлж байна.

Цэцэрлэгийн цахим элсэлт нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа

2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн 7 дугаар сарын 25-наас өчигдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг хүртэл явагдаж дууссан. Өнөөдөр өглөө 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн хувьд цахим бүртгэлд 2 настай 72 хүүхэд бүртгүүлсэнээс өнөөдөр 60 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар сонгон шалгаруулж, цэцэрлэгт элсүүлэхээр боллоо. 10 цагт цахим элсэлт эхэлмэгц цэцэрлэгт элсэх боломжтой болон боломжгүй болсон хүүхдүүдийн эцэг эхэд гар утсаар нь мэдээлэл ирж байсан юм.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 623 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хамрагдалт 70 орчим хувь байсан бол 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443 нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, хамран сургалт 77.6 хувьд хүрч, өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар өсөх төлөвтэй байна.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд 24 хороо цэцэрлэггүй байна. Бид 2020 он гэхэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгож, цэцэрлэгийн хамран сургалтыг 85 хувьд хүргэх буюу олон улсын стандартал нийцүүлэхээр төлөвлөж байна. Энэ жил цэцэрлэгт хамрагдалт өнгөрсөн жилийнхээс 7 хувиар нэмэгдсэн нь том алхам. Хувийн цэцэрлэгүүдэд байгаа орон тоог ашиглаж, улсын төсөвт 1.4 тэрбум төгрөгийг суулгаж өгснөөр бид 3087 хүүхдийн асуудлыг шийдлээ. Мөн 5 байгууллагын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгууллаа. 30 гаруй хувийн хэвшлийн цэцэрлэг мөн нэмж байгуулагдсанаар цэцэрлэгийн хүртээмж 77.6 хувьд хүрсэн.” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэнэ. Энэ хүүхдүүдээ бид ингээд орхихгүй. Бүх нөөц бололцоогоо лайчилж, хувилбарт сургалт зэргээр хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулахад анхаарна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн МАН-ын гишүүдийн нэр ИЛ БОЛЛОО

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон МАН-ын бүлгийн зарим гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах албан бичгийг өргөн барих мэдээлэл гараад байгаа. Одоогийн байдлаар МАН-ын бүлгийн 65 гишүүний 32 нь огцрох нь зүйтэй гэсэн саналд нэгдсэн байна. Тодруулбал,Т.Аюурсайхан, Сү.Батболд Б.Баттөмөр, Б.Батзориг, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Гантулга, Ц.Гарамжав, Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Г.Сумъяабазар, .Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар ,С.Чинзориг, Б.Энх-Амгалан , Энхболд , Л.Элдэв-Очир , Ө.Энхтүвшин , Ж.Энхбаяр нарын гишүүдийн нэр ил боллоо.

Э.Идэрцог: Шадар сайдыг яллагдагчаар татаад байгаа

АТГ цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АТГ-т шалгагдаж буй хэд хэдэн хэргийн талаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог Шадар сайдыг тагнаж, чагнасан асуудалд асуусан сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр  "Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн дүү Отгонбаярын хамт 2017 оны долоодугаар сард өөрийгөө тагнаж чагнасан гэх мэдээллийг олон нийтэд тараасан. Одоогоор энэ асуудалтай нь холбогдуулж яллагдагчаар татаад байгаа. 

Шадар сайдыг тагнаж, чагнасан энэ хэрэг ТЕГ, цагдаагийн байгууллагаар дамжаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирсэн. Одоогоор энэ хэрэгт нийт 9 хүнийг шалгаж байна" гэсэн мэдээлэл өгсөн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment