8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Мөнх-Эрдэнэ:Шигшээ багтаа маш сайн тоглож амжилт гаргахыг хүсэж байна

2017-08-29 12:15:00

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн 14-р тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн Ням гарагт боллоо. Тодруулбал “Унаганууд”, “Сэлэнгэпресс” багуудын тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, багууд эхний хагаст гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн. Шийдвэрлэх үед ч гоол оролгүй удаж, тоглолт тэнцээгээр өндөрлөх дөхөөд байсан ч 85 дахь минутад Таку Хишидагийн хөндлөн дамжуулалтыг Б.Мөнх-Эрдэнэ гоол болгосон нь гурван онооны үнэтэй байв. Бид энэ тоглолтын өмнө Загвар өмсөгч, хөлбөмбөгчин Б.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцсан юм. 

-Та хэзээнээс хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Хэдэн жил дээд лигт тоглож байна?

-Би 2006 оноос хойш хөлбөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхлээд 11 жил болж байна. Дээд лигт тоглоод 6 жил болж байна.

-Та өмнө нь “Эф Си Улаанбаатар” багт тоглож байсан. Энэ жилээс эхлээд багаа сольж “Сэлэнгэпресс” багт тоглож байгаа юм байна. Багаа яагаад солих болсон бэ?

-Багаа солих хувийн шалтгаан байсан. Шинэ багт орж, сайн тоглолт үзүүлэхийг хичээж байна. Манай багийн хувьд энэ тойргийн тоглолтуудаас маш их зүйл шалтгаалах учраас багаараа хичээж байна.

-Тайландад болсон олон улсын тэмцээнд Монголын залуучуудын шигшээ багтай хамт оролцоод ирсэн гэсэн. Тэгэхээр тус тэмцээний сонин сайхнаас бидэнтэй хуваалцахгүй юу?

-23 хүртэл насны Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тоглолтонд яваад ирсэн. Энэ тэмцээнд явсанаар бидэнд маш том туршлага, ур чадвар судлах боломж болсон. Тайландын багтай 1:1 харьцаатай тэнцсэн нь бидний хувьд маш том амжилт, урам зориг өгсөн. Манай монголын хөлбөмбөгчид олон улсад  тэнцүү хэмжээнд тоглож чадна гэдгээ харуулаад ирлээ. Харин одоо бидэнд олон улсын тоглолтын туршлага л дутаж байна. Манай баг тус тэмцээнд Герман дасгалжуулагчтай хамт яваад ирсэн. Багийн тоглолт, тактик, багийн бэлтгэлжилт маш сайн байсан ч гэсэн олон улсад тоглох туршлага л  дутуу байсан.

-Ер нь олон улсын шинж чанартай тэмцээнд оролцож байна уу. Оролцох боломж нь хэр байдаг юм бэ?

-Шигшээ баг жилдээ 1-2 удаа олон улсын шинж чанартай тэмцээнд явж байгаа. Эмэгтэй баг хүртэл гадагшаа тэмцээнд оролцож байгаа. Энэ нь өөрөө багийн ур чадварыг нэмэгдүүлэхэд маш том хувьд нэмэр болж байна.

-Манай монголын хөлбөмбөгийн лигт гаднаас нэлээдгүй тамирчид ирж тоглож байна. Энэ нь өөрөө багийн спортыг хөгжүүлэхэд хэр хувь нэмэр оруулж байна?

-Легионер тамирчдын тоо жилээс жилд ихсэж байна. Ирж байгаа тоглогчдын чанар чансаа хүртэл нэмэгдэж байна. Үүнийг дагаад манай тамирчид туршлага судалж байна. Легионер тамирчдын ихэнхи нь Япон орноос ирсэн. 40 гаруй гадны тамирчин монголын лигт тоглож байна.

-Монголын  хөлбөмбөгийн холбоо болон багийн эздүүд сүүлийн жилүүдэд маш сайн ажиллаж байгаа учраас хөлбөмбөг хурдацтай хөгжиж байна гэж зарим хүмүүс ярих юм?

-Мэдээж хөлбөмбөг хөгжихөд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн чухал. Хүрхрээ дээд лиг сүүлийн 3 жил 120 сая төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулагдаж байна. Үүнийг дагаад багийн чанар чансаа ч мөн нэмэгдсэн. Мөн хөлбөмбөгийг сонирхдог бизнесмэнүүд энэ спортод маш их хөрөнгө оруулж байна. Энэ мөн маш том түлхэц болж байна. Шагналын сан өсөхөд тамирчдын авах цалин урамшуулал хүртэл дагаад нэмэгддэг. Үүнийг дагаад багуудын чанар чансаа ч нэмэгдэж байна.  Ер нь сүүлийн гурван жилийн хугацаанд манай хөлбөмбөгийн спорт маш хурдацтай хөгжиж байна. Шинэ удирдлагууд маш сайн ажиллаж байгаа.

-Хүрхрээ үндэсний дээд лигийн тоглолтыг сүүлийн гурван жилийн турш “Арвайн үндэс” компани ивээн тэтгэж байгаа гэсэн. Тэгэхээр тус компанийн хамт олонд хандаж үг хэлэхгүй юу?

-Хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Арван үндэс” компанийн хамт олонд маш их баярлаж явдгаа хэлье. Цаашдаа ч гэсэн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулна гэдэгт итгэлтэй байна.

-Таныг хөлбөмбөгчнөөс гадна загвар өмсөгч гэдгийг мэднэ. Тэгэхээр цаг заваа хэрхэн зохицуулж ажилладаг вэ?

-Загварын ертөнц, хөлбөмбөгийн спорт хоорондоо тэс өөр салбар. Хэдийгээр завгүй ачаалалтай байдаг ч гэсэн, бүгдийг амжуулахыг хичээж байна. Зарим үед бэлтгэл сургуулилт тасрахаас эхлээд хүндрэл бэрхшээл бол гарна. Гэхдээ багаасаа хүсэж мөрөөдөж байж сонгосон учраас хөлбөмбөгтөө илүү их хайртай.

-Таныг загвар өмсөгч Сарнайгийн нөхөр гэдгийг мэдэх юм байна. Саяхан танай гэр бүл хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан гэсэн. Энэ их ажлын хажуугаар аавынхаа үүргийг хэр гүйцэтгэж байна?

-Саяхан хөөрхөн охинтой болж, хоёр хүүхдийн аав боллоо. Маш их аз жаргалтай байгаа, сайхан л амьдарч байна.  Үүний хажуугаар бас ажил хийж байна. Олон зүйлийг зэрэг хийхэд бэрхшээл гардаг ч шантрахгүй сайхан амьдрахын төлөө зүтгэж байна.

-Цаашдын тань зорилгыг хуваалцаж болох уу?

-Цаашдаа шигшээ багтаа маш сайн тоглож амжилт гаргахыг хүсэж байна. Багийн хамт Хүрхрээ лигийн аварга болох зорилго байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zulaa
Mundag zaluu mongoliin hulbumbug mandan badrageee :-)
2017/09/11 43.228.129.78
Oogii
Amjilt amjilt
2017/08/29 202.70.46.215
Ahaa
Mundag shvv
2017/08/29 202.70.46.215
Cccc
Amjilt
2017/08/29 202.70.46.215