Энэ засгийн газар огцрох нь тодорхой болоод буй энэ өдрүүдэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг огцорч байгаад олон хүн баяртай байна. Учир нь анхнаасаа л худал хуурмагаар ажлаа эхэлж, хувийн эмнэлэгтэй мөртлөө “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэсэн тодорхойлолт АТГ-аас гаргуулж сайдын сэнтийд заларсан энэ хүн сайдаар ажиллах хугацаандаа сайнаасаа илүү саарыг бүтээсэн учраас тэр юм. Түүний хийсэн олон балагаас ердөө ганцыг нь энд өгүүлье. А.Цогцэцэг хэмээгч нь ЭМС-ын сайдаар томилогдсоныхоо дараа “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хуулийг санаачилж, хуулийн хэлэлцүүлэг нь багагүй хэл ам дагуулж байсныг манай уншигчид санаж байгаа. Энэ хууль 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Уг хуулийн хэлэлцүүлгийн шатанд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулиар нийгмийн харилцааг зохицуулдаг болохоос зан үйлийг оролддоггүй юм. Гэтэл эх, үрийн хоорондох зан үйлийг үүгээр зохицуулах гээд байх юм. Төрөлхөөсөө хөхний сүүгүй хүнд тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэг үү? Эмэгтэйчүүдийг доромжлоод байгаа юм уу. Гоо сайхнаа бодож хүүхдээ хөхүүлдэггүй хүмүүс Барууны орнуудад л байдаг биз. Ингэж хууль хуулдгаа болих хэрэгтэй” гэдгийг сануулж байсныг хэвлэлд мэдээлсэн. Тэгвэл энэ хуульд эмэгтэй гишүүд нь хэрхэн хандаж байсан бол?
Хувийн ашиг сонирхол нь хэтийдсэн эрүүл мэндийн сайд бидэнд хэрэгтэй юу?
Хачирхалтай нь эрхэм эмэгтэй гишүүд нь эх үрийн харилцааг хатуу хуульчлахад санал нэгдэж байв. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Хуульд хүүхдээ хөхөөр хооллох нь чухал гэдэг санаа агуулагдаж байгаад баяртай байна. Тухайн ээж хүүхдээ хөхүүлж чадахгүй зайлшгүй шалтгаантай байвал орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэж болно. Бусад тохиолдолд хөхөөр хооллох ёстой гээд хуульчлаад өгчихвөл хөхөөр хооллолт нэмэгдэнэ” гэсэн санал хэлсэн байдаг. Гэтэл уг хуульд “Энэ хуулийн зорилт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг тодорхойлох, эрүүл, аюулгүй хүнсээр хангах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн эхлэл бичигдсэн атлаа ганцаас бусад бүх заалт нь зөвхөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай байгаа нь хачирхалтай. Энэ хууль тэр чигтээ л эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон нярай хүүхдийн хоол тэжээлийн төрөл зүйлийн бизнесийг, түүний дотор импортыг дэмжих хууль болжээ. Хуулийн зүйл заалтуудаас харвал Ц.Цогзолмаа гишүүний ойлгож, дэмжин хэлж байсанчлан “хөхөөр хооллолтыг нэмэгдүүлэх” биш харин “эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн” хууль болох нь үг, өгүүлбэр, зүйл заалт бүрээс нь анзаарагдана. Тэгэхээр энэ хуулийн ачаар хүүхдээ хөхөөр тэжээх нь нэмэгдэх бус, харин эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэх, импорт нь геометрийн прогрессоор өсөх, улмаар үйлдвэрлэл бизнес болон өргөжих гэж буй үнэр илт мэдрэгдэж байна.
Хуульд хэд хэдэн ноцтой заалт бий. Хамгийн түрүүнд уг хуулийн 3.1.6.-д “нялхсын сүүн тэжээл” гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг хэлнэ хэмээн заасан. Тэгвэл ургамлын гаралтай ямар сүүгээр монголчууд хүүхдээ тэжээж байсан юм бэ? Эсвэл тэжээгээд байгаа юм бэ? Гаднаас оруулж ирсэн эхийн сүү орлуулагчийг генийг өөрчлөлттэй эрдэнэшиш г.м ургамлаар бэлтгэсэн эсэхийг манай манай лабораториуд тогтоож чадах уу, үгүй юу гэсэн асуулт энд тавигдаж байна. Мөн сүүтэй адилтгах бүтээгдэхүүн гэж чухам юуг хэлээд байгаа нь ч тодорхой бус хэвээр үлдлээ. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Хуулийн төслийг дэмжиж байна. Эрүүл мэндийн яам ийм санаачилга гаргаж, хуулийн төсөл боловсруулж орж ирсэнд баяртай байна. Малын сүүгээр эхийн сүү орлуулах бүтээгдэхүүн хийдэг болохын төлөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаарай” гэсэн саналыг хэлж байсан. Амьтны гаралтай сүүний хувьд манайхан үнээ, ямааны сүүгээр хүүхдээ угжиж өсгөдөг уламжлал бий. Гэвч хэт европ жишиг тогтоохоор улайрч буй энэ засгийн газрын ЭМС-ын сайд А.Цогцэцэг бэлчээрийн малын сүүгээр нялх балчир хүүхдийн хүнс хийж болохгүй хэмээн дөвчигнөж ч мэдэхээр байгаа. Хэрвээ гаднаас оруулж ирсэн, хашаандаа тэжээлгээд л байж байдаг фермийн үнээний сүүгээр нялх балчир хүүхдийг тэжээнэ гэх юм бол том аюул нүүрлэж буй нь тэр юм. Стресстэй, хүчжүүлсэн тэжээлээр бордогддог малын сүүг бэлчээрийн монгол малын сүүтэй адилтгах боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд л хамгийн түрүүнд ойлгох ёстой баймаар санагдана. Гэтэл тийм биш аж. Бизнесийн ашиг орлого л чухал болохоос, монгол хүүхдүүд нялх нярайгаасаа эхлэн генийн өөрчлөлттэй, магадгүй химийн хорт бодистой ч байж мэдэх юугаар хийсэн нь үл мэдэгдэх сүүн тэжээлээр угжуулсаар өсөж торних нь түүнд огт хамаагүй аж. Өөрөө эх хүн байж эх үрийн хоорондох зан үйлийг хуульчлан боомилох замаар европ жишгийг нутагшуулж, монгол хүний удмын санд аюул учруулахыг зэхэж буй А.Цогцэцэг сайдын шунал үнэхээр хэрээс хэтэрч байна бус уу? Үндэсний гэсэн бүхнээ үгүйсгэн, гаднын соёлыг сохроор дагаж хувийн ашиг сонирхолдоо хэт автсан ийм Эрүүл мэндийн сайд бидэнд хэрэгтэй гэж үү?
Ахиад ийм хүнийг эрүүл мэндийн сайдаар бүү томилоосой
2015 оны 7 сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байсан “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай” хуулийг хүчингүй болгож байгаад “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай” хууль санаачлан батлуулах “их ажил” хийсэн А.Цогцэцэг сайд шинэ хуулиараа ямар шинэ санаачилга гаргав гэдгийг баримт түшин өгүүлье.
- 15.2.Амаржих газар, тасаг нярай хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулна.
- 15.3.Эхийн сүүний нөөцийн банк байгуулж, ажиллуулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Тэгэхээр энэхүү хэт өрөөсгөл заалтын дагуу эхийн сүүний нөөцийн банк байгуулах юм бол юу болж хувирахыг одоохондоо таахад ч бэрх юм. Хөхний сүүгээр дамжиж халдвар авах магадлалтай учир бусдын хүүхдийг хөхүүлдэг ээжүүд багассан өнөө үед, эхийн сүүний банк бүрдүүлэгч эхчүүд гэсэн хэсэг хүмүүс гарч ирэх юм шиг байна. Тэгээд тэдгээр хүмүүс эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаж байж сүүгээ банкинд нийлүүлэх байх л даа. Гэвч бүгд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадах уу? Тэдгээр эхчүүд бүгд 100 хувь эрүүл байх магадлал хэдэн хувьтай вэ? Тэгээд ч эхийн сүүг хэд хоног хадгалж болох вэ? гээд олон асуулт тавигдана.
Уг нь эхийн сүү бол хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, аминдэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг. Эхийн сүүг хүүхэд хөхнөөс шууд хөхдөг учир муудах, хуучрах, бохирдох аюул байхгүй. Харин тэр олон хүний хөхний сүүг хадгалаад ирэхээр чанар, аюулгүй байдлын асуудал зайлшгүй яригдах болно шүү дээ. Тодруулаад асуухаар, “Сүү ихтэй ээжийн сүүг авч хадгалаад сүүндээ цадахгүй байгаа нярайд дамжуулж өгөх банк” гэсэн тайлбар хэлж үүнийгээ олон улсын жишиг хэмээн тайлбарлаж суух нь бүр ч хачирхмаар. Ямар улсын туршлагыг хуулсан юм бол доо? Хүүхдийг эхийн сүүгээр тэжээх бодлого нь энэ л бололтой юмаа даа, янз нь. Гэтэл бас эхчүүд хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй бол эмчийн бичгээр, зөвшөөрөлтэй эмийн сангуудаас эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн авах тухай заалт тус хуулинд бий. Энэ заалт эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээг л өсгөн нэмэгдүүлнэ үү гэхээс, эхийн сүүгээр хооллохыг дэмжин дэлгэрүүлэх нь юу л бол.
Эсвэл эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн адил хөнгөлөлттэй үнээр олгох гээд байгаа юм уу? Тэгэхээр эхийн сүү орлуулагч нь өөрөө “эм” болж таарна биз дээ. Эмээр хүүхдээ угжих болж байна уу, тэгээд? Ядаж л эхийн сүү орлуулагчийг байнга худалдаж аваад байх боломж эхчүүдийн хэдэн хувьд нь байгааг эрхэм сайд гуай ер нь тооцож үзсэн юм болов уу? Ямар гарц, шийдлийг бодож олсон болоод ийм заалтууд хуульд оруулаад батлуулчихсан байгаагаа төдийлөн сайн тайлбарлаж чадахгүй хэрнээ, “олон улсын жишиг” гэдэг үгээр халхавч хийж суугаа нь хачин санагдахгүй байна гэж үү?
Уг нь манайд “Хүүхдийн сүүний газар” орон даяар ажиллаж, хүүхдээ хөхөөр тэжээх боломжгүй эхчүүд тэндээс сүү авч хүүхдээ угжин өсгөсөөр ирсэн туршлага бий. Тэр ч байтугай хүүхдийн нэмэлт тэжээлийг олон нэр төрлөөр нь тэнд л үйлдвэрлэдэг байсан. Энэ мэт сайн туршлагаа дахин сэргээхийн оронд, гаднаас импортоор оруулж ирэх эхийн сүү орлуулагч болон бусад төрлийн импортын бүтээгдэхүүний хэрэглээг улам нэмэгдүүлэх замаар, хүүхдийг эхийн сүүгээр тэжээх бодлого хэрэгжүүлнэ хэмээн эндүүрч суугаа Эрүүл мэндийн сайдыг юу гэж ойлгох вэ? Аз болж энэ засгийн газар огцорч байна. Ахиад ийм хүнийг Эрүүл мэндийн сайдаар бүү томилоосой. Эхийн сүү болоод эх үрийн хоорондох зан үйлийн талаар өчүүхэн ч ойлголтгүй, үндэсний уламжлалаа уландаа гишгэн хэт барууны үзэлд автсан, хувийн ашиг сонирхол нь хэтийдсэн, мэдлэг чадвар муутай, асуудал шийдэхийн тулд нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог сайд А.Цогцэцэгээр дуусгавар болох болтугай. Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн ёс зүйтэй, анагаахын өндөр боловсролтой хүнээр удирдуулж, монгол хүний удмын сангаа хамгаалсан эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэмжээнд хүргэх цаг нэгэнт болжээ.
Э.Дөлгөөн