Шинэхэн нар мандаж уулсын оройд ногоон торгон судал татуулан байж нэгэн шинэ өглөө та биднийг угтсан. Алтан шалгар өнгөөр тэнгэрийн хаяаг эмжиж мөнх наран ээж жаргаж буй энэ цаг дор эрхэм уншигч танд энэ өдрийн мэд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.
БХ-ын сайд Б.Бат-Эрдэнээс эр цэрэг, эрэлхэг хөвгүүдийн амийг нэхье
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, алба хаагчид энэ сарын 27-ны өдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа аж. Манай улс дайн байлдаангүй тайван орон. Гэсэн ч энхийн цагт эрэлхэг хөвгүүд минь амь эрсэдсээр байгаа нь тун харамсалтай. Хамгийн сүүлийн мэдээгээр он гарсанаас хойш 5 удаагийн осол аваар гарчээ. Тодруулбал,
2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан хэрэг гарсан. Хүү өнөөдөр хүний асрамжинд орж, хөлнийхөө 9 хурууг тайруулсан билээ.
2017.02.17 Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн. Тус хэргийг Батлан хамгаалахын яам нам дарж, чимээгүй өнгөрсөн.
2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан аймшигт хэрэг гарсан.
2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Талийгаачийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээллийг албаны хүмүүс өгсөн.
2017.08.27 Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар 3 цэрэг усанд осолдож нас барсан хэрэг гарлаа.
Дэлхий нийтэд эрдэнэт хүний амь нас эрсдэхэд салбарын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар нь маш хурдан хугацаанд гарч ирж ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж, уучлалт гуйдаг. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гынь Хе гэхэд төр барих хугацаанд ард түмнээсээ хоёр удаа бөхийж, нүдэндээ нулимстай уучлалт гуйсан. Тодруулбал, 2014 онд болсон “Севол” хөлөг онгоцны осолтой холбогдуулан ард түмнээсээ албан ёсоор уулчлалт гуйжээ. Тэрбээр төв телевизээр хэлсэн үгэндээ аюул ослоос сэргийлж чадаагүй, аврах ажиллагааг цаг алдаж эхлүүлсэн зэрэгт эрх баригчид буруутай хэмээн толгой бөхийн ард түмнээсээ уучлалт гуйж байв.Гэтэл манай салбарын сайд Б.Бат-Эрдэнэ уучлалт гуйх нь битгий хэл байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй байна. Ер нь бол Б.Бат-Эрдэнэ сайдыг толгой бөхийж уучлалт гуй гэж байгаа юм биш. Гэхдээ салбарын сайдын хувьд шаардлагатай цаг үед шуурхай ажиллаж ард түмэндээ мэдэгдэл хийж байх ёстой.
Б.Бат-Эрдэнэ сайдын ажилаа хүлээн авч, тамгаа гардаж авах үедээ “Батлан хамгаалах салбар бол маш чухал салбар. Эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой чухал салбар. Хариуцлагатай салбарын сайдаар томилогдсондоо баяртай байна. Хууль зүйн шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно. Энэ салбарт элэгтэй хүний хувьд хийх олон ажил миний өмнө байна. Цаашдаа салбарынхантайгаа гар нийлэн Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө хамтдаа зүтгэнэ" хэмээн хэлж байсныг тод санаж байна.
Таны энэ байдлыг харахад юун “Хариуцлагатай салбарын сайд” вэ.Зүлэг ногоон дэвжээнээ эр бярыг уралдуулан барилдаж, ард түмний хайрыг хүртэж явсан сайхан цаг үе таньд байгаа. Гэхдээ одоо таньд алдах эрх байхгүй шүү.Олон аав ээжүүд хайртай үр хүүхдээ “Таньд даатгаж, эх орны хүү болгосон шүү” Эрхэм сайд аа. Эцэг эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Цэргийн алба хааж яваад шархадсан, амиа алдсан цэргүүдийн амийг Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнээс нэхье.
Б.Бат-Эрдэнэ: Цэргүүд осолдсон асуудалд бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэе
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 27-ны өдөр өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. Энэ талаар манай сэтгүүлч Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Уржигдар буюу энэ сарын 27-ны орой Ховд аймгийн ЗХ-ний анги байгууллагын цэргийн ангийн алба хаагчид Ховд голд усанд осолдсон тухай мэдээллийг надад өгсөн. Энэ мэдээллийг дуулаад холбогдох ЗХЖШ-ын байгуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Одоогоор эрлийн үйл ажиллагаа үргэлжилж байна.
Эдгээр цэргүүд осолдсон асуудалд бид бүх төвшинд хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдэе. Хуулиар ЗХЖШ-ын дарга зэвсэгт хүчин, цэрэг, түүний сахилга, бэлэн байдал, осол, аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс шат шатандаа хариуцлага яригдана. Гэхдээ тус хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудал яригдана" гэв.
Ц.Нямдорж: Ямар ч асуултад хариулт өгөхгүй
МАН-ын Бүлгийн хуралдаан 15:00 цагийн үед эхэлж хаалттай горимд шилжсэнээр хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тавьсан хүсэлтийг хэлэлцэж байгаа. Хуралдаан эхэлсний дараахан УИХ-ын гишүүд Ц.Нямдоржоос хуралдааны талаар тодруулахад "Одоогоор ямар ч асуултад хариулт өгөхгүй" гэв
Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Будапештэд болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Унгар улсын Ерөнхий сайд В.Орбан нарын хамт тэмцээний нээлт үзсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэр “Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах энэ чухал тэмцээний үеэр тантай уулзахдаа маш их баяртай байна. Бид хоёулаа энэ спортод элэгтэй хүмүүс учраас цаашдын харилцаанд маань эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Төлөвлөсөн ёсоор бид ойрын хугацаанд Владивостокт ажлын уулзалт хийнэ.
Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад удаагүй байна. Миний бие хойд хөрштэйгөө харилцаагаа улам өргөжүүлэхийг хүсч байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн үед өсч байгаад хил орчмын бүс нутгийн худалдаа, эдийн засгийн харилцаа их үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр улс 4000 гаруй км газар нутгаар хиллэдэг учраас энэ бүс нутгийн хоорондын харилцааны асуудалд түлхүү анхаарал тавих нь зүйтэй гэж би үзэж байна.
Бид гадаадын хөрөнгө оруулалт татах сонирхолтой. Бидний тэргүүлэх чиглэл бол төмөр зам. Энэ салбарт Улаанбаатар төмөр зам хэмээх манай хоёр улсын 50:50 хувийн оролцоотой хувь нийлүүлсэн компани ажиллаж байгаа” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Ноён Ерөнхийлөгч тантай уулзах завшаан тохиосонд би туйлын баяртай байна. Бид таныг улстөрч бөгөөд чадварлаг тамирчин гэдгээр нь мэддэг. Энд болж буй ДАШТ-ийг Монголын жүдочид амжилттай эхлүүлж байгаад баяр хүргэе.
Хоёр талын харилцааны хувьд таны оролцохоор зэхэж буй Владивостокийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр илүү нухацтай ярилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байна. Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм.
Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна. Бидэнд Владивосток хотод үргэлжлүүлэн нарийн авч хэлэлцэх олон зүйл бий” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин нар есдүгээр сарын эхээр Владивосток хотноо ажил хэрэгч олон саналтайгаар дахин уулзахаа илэрхийллээ.
МАН-ын бүлгийн хурал хаалттай горимд шилжлээ
МАН-ын бүлэг 15:00 цагийн үед эхэллээ. Хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, О.Содбилэг, Н.Оюундарь, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Б. Энх-Амгалан, М.Билэгт, Г.Тэмүүлэн, С.Саранчимэг, Х.Баделхан, Ш.Занданшатар, Ц.Нямдорж С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Н.Учрал, Д.Лүндээжанцан нарын гишүүд ирснээр хурлын ирц бүрдлээ. Хуралдаан хаалттай горимд шилжсэн бөгөөд шилжсэн Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын тавьсан хүсэлтийг хэлэлцэх юм.
Тарваган тахлын сэжиг бүхий 6 тохиолдол бүртгэгджээ
Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдэж, Ховд аймгийн Жаргалант суманд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж байгаа аж.
Иймд ард иргэд та бүхнийг тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.
Морингийн даваа орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Хан-Уул дүүргийн 10-хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. 28 хоног үргэлжлэх хорио цээрийн дэглэм тогтоосон тул хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Иймд иргэд та бүхэн Өлзийт хорооллын замыг сонгон зорчино уу гэж ЗЦА-аас мэдээллээ.
Хил хооронд зорчиж буй жолооч нарын АНХААРАЛД
2017 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд Эрээн хотод зорчиж буй Монголын суудлын болон том оврын автомашины жолооч нар БНХАУ-ын Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль тогтоомжийг 30800 удаа зөрчсөнөөс 8500 зөрчил нь улаан гэрлээр хөдөлгөөн үргэлжлүүлж гэрлэн дохио зөрчсөн, 3300 зөрчил нь урсгал сөрсөн, 16000 зөрчил нь замын тэмдэг, тэмдэглэл дайрсан, УАЗ-469 маркийн автомашин 48 удаа эвдэрч замын зорчих хэсэгт зогссоны улмаас бусад зорчигчдын хөдөлгөөнд саад учруулсан, 4 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, даац хэтрүүлэн ачаа тээвэрлэлт явуулж байгаа талаар дурджээ.
Хил хооронд зорчиж буй жолооч нарын анхааралд
1. Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заасан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх.
2. Мөн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэх зэрэг зөрчил гаргахгүй байх.
3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоно уу.
Томуугийн вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Интермэд эмнэлэгт томуугийн вакциныг хийж эхэлжээ. Томуугийн эсрэг вакцин нь ханиад хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах арга юм. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаална.
Томуугийн вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс
1.Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
2. Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)
3. Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
4. Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд
5 Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс
-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
-6-аас доош сартай хүүхдүүд
Илэрч болох гаж нөлөө
Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.
М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар Дэлхийн аваргын хос медальтан болов
Унгарын нийслэл Будапешт хотноо ДАШТ өчигдөр эхэллээ. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдав. Эдгээр тамирчдаас хоёр гавьяат нь медалийн тавцанд зогсож, эх орныхоо төрийн далбааг Будапештын тэнгэрт мандуулж, төрийн дууллалаа эгшиглүүлсэн юм.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд зодоглосон Дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан болсон юм. Улмаар 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртэв.