Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна.Гишгэсэн мөрөө эргэж нэг хар. Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар.
Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа:
Ж.Эрдэнэбат: Би нэг л хүнээс мөнгө авч, томилгоо хийсэн байдаг юм бол огцорход бэлэн байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо.. 19 гишүүнээс 17 нь хуралдаанд оролцлоо.. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат " Хэрвээ би нэг л хүнээс мөнгө авч, томилгоо хийсэн байдаг юм бол огцорход бэлэн байна. 800 тэрбумын концессыг та өөрийнхөө бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуусан дээр байх. Манай Засгийн газар бол Хан-Уул дүүрэгт 800 ортой хүүхдийн эмнэлэг, нөгөө нь авто замын концесс өгсөн. Хууль хүчний байгууллагын асуудал яагаад орж ирж байгааг та нар мэдэж байгаа. Ямар нэгэн байдлаар миний зүгээс зохион байгуулсан зүйл байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат " Гурван жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн Газрыг унагааж байхад нэг үг хэлж байсан юм. Тэрийг өнөөдөр хэлье гэж бодож байна. Засгийн газрыг олонхи биш цөөнх унагадаг юм гэж би хэлж байсан. Үүнийг дахин давтан хэлж байна. Одоо наад хэрүүлээ дотооддоо шийдээчээ. Улс төрчдийн ёс зүй алга. Асуудлаа нэг тийшээ шийдээчээ. Төрийн албыг чанаргүйжүүлсэн 22 мянган хүнийг халсан. Мэдээж бид цөөнх. Гэхдээ манай нам ард түмний тал байна. Ард түмэн бид нарыг биш та нарыг харж байна. Та бүхний хэрүүл явж явж хэдхэн хүний эрх ашиг болж хувирлаа. Танай нам төрийн албыг чанаргүйжүүлж, өнгөрсөн сонгуулиар ард түмнээс үнэлгээгээ авсан. АН ард түмнийхээ талд л зогсоно. 65-ын бүлэг хийж чадна л гэж ажлаа авсан. Бид бол сөрөг хүчин, есхөн суудал юу юм бэ. Олонхи асуудлаа шийднэ " гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд ирсэн 17-нээс найман Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрч, 9 нь татгалзлаа.
Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсөн гишүүд: Б.Жавхлан, С.Батзориг, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан
Засгийн газрыг огцруулахыг татгалзсан гишүүд: Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Я.Содбилэг, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар татгалзлаа.
МАН-ын бүлэг Засгийн газраа авч үлдэх үү, эсвэл.....
Хэдэн өдрийн өмнөөс яригдаж ирсэн МАН-ыг бүлгийн хурал өчигдөр эхэллээ. Хуралдааны ирц бүрдэж, хуралдаан хаалттай горимд шилжиж үргэлжилсээр шөнийн 22.00 цаг хүртэл хуралдлаа. Өнөөдөр ч үргэлжилнэ. Өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдаан өмнө нь байгаагүйгээр өндөр хамгаалалтын дор явагдлаа. Учир нь МАН-ын бүлэг хуралдаж байгаа жигүүрийг тэр чигт нь хамгаалагч нар хамгаалалтанд авсан талаар эх сурвалж онцлов. Мөн утасны сүлжээ унагаагч байршуулжээ. Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм.
Засгийн газрыг огцруулах болон Шадар сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хэлэлцэж байгаа учраас бүлгийн хурал нэлээд ширүүхэн өрнөж, гишүүд ч багагүй маргалдсан талаар зарим гишүүд ам нээсэн юм.
Тус хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын 40 гаруй гишүүн оролцож байгаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүн бүлгийн хуралдаанд оролцохгүй гэсэн мэдээлэл гараад байсан ч тэдгээр гишүүдийн төлөөлөл үүнийг үгүйсгэж, бүлгийн хуралдаандаа оролцлоо. Үүнээс харахад - 10 биш, + 11 болж тараад байх шиг байна. Энэ томъёолол их энгийн. МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаа 30 гаруй гишүүн гарын үсгээ зурж албан бичгээ УИХ-д өргөн барьсан. Баттай эх сурвалжийн мэдээлснээр эдгээр 30 гишүүн дээр нэмж МАН-ын 11 гишүүн Засгийн газраа огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зурсан аж. Энэ нь +11 юм. Цаашид энэ тоо ч нэмэгдэх хандлагатай байгааг МАН-ын зарим гишүүд ярьж байна. Гэтэл өчигдрийн МАН-ын бүлгийн хуралдааны өмнө Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдээс 10 гишүүн нэрээ татсан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ нь -10 юм. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд энэхүү асуултад хариулт өгч байр сууриа илэрхийлсэн юм. Тэдний хэлснээр “гарын үсэг зурсан гишүүдээс хасагдсан зүйл байхгүй. Хасагдахгүй. Бид энэ байр сууриа хатуу хамгаална” гэх мэтээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Бичлэгийг http://chuhal.mn/r/24918, http://chuhal.mn/r/24917 эдгээр линкээр орж үзнэ үү.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулахад "Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурснаасаа буцна гэсэн ойлголт байхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг гарын үсэг зурсан гишүүдийг дарамталсан, тендер санал болгосон гэсэн мэдээлэл бол худлаа мэдээлэл. Би Засгийн газарт орж ажиллахгүй. Би ер нь Засгийн газраас нэг ч тендер авч үзээгүй, надад хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй. Миний хувьд Засгийн газрыг огцруулах санал дээрээ хатуу зогсоно" хэмээн хэлсэн
Ерөнхийлөгчийн зарилгаар Есдүгээр сарын 1-нийг “Эх хэлний өдөр” болголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Зарлиг гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцов. Ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн туслах Д.Мөнхбадрал “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлигийг уншин сонордууллаа.
Уг зарлигт “Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон язгуур соёл, өв уламжлал, төрт ёсны түүхээ дээдлэн хамгаалж, төрийн албан бичиг баримтыг хуульд нийцүүлэн хөтлөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эх хэл, түүх соёлоо сурталчлах, иргэн бүр төрөлх монгол эх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор,
- Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.
- Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
- “Эх хэлний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд:
а/ Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирил үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах;
б/ “Эх хэлний өдөр”-ийг угтаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэхийг хэвшүүлж ажиллахыг уриалсугай.
4.Монгол Улсын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад даалгасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлиг гардуулж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш ард түмэндээ хандсан, бүх нийтийг уриалсан анхны зарлигаа гаргасан нь Эх хэлний өдөртэй болох тухай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг юм.
Д.Отгондалай Oлимп, дэлхийн хос медальтан болов
ХБНГУ-ын Хамбург хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг жинд медалийн төлөөх тулаан хийсэн гавьяат тамирчин Д.Отгондалай Венесуэлийн тамирчныг 5:0 харьцаагаар яллаа. Тэрбээр ийнхүү олимп, ДАШТ-ий хос медальтан боллоо. Тэрбээр ирэх сарын сарын 1-нд мөнгөн медалийн төлөө Олимпийн мөнгөн медальт Францын тамирчинтай медалийн өнгөө хувиргахын төлөө хүч, ур чадвараа сорих юм байна.
Хязгаарлалт тогтоосон бүс рүү хоол хүнс, эм тариа зэргийг чөлөөтэй нэвтрүүлж байна
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа буюу нисэхийн зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тус хэсгийн нийт 12 км радиуст хөл хориог тогтоосон бөгөөд голомтоос гадагш гарах хөдөлгөөнийг хорьж, гаднаас дотогш хоол хүнс, эм тариа зэрэг зүйлийг холбогдох мэргэжилтнүүдийн хяналтан дор нэвтрүүлж байгаа юм.
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.Цэвэлмаа ”2017 оны намдугаар сарын 25-нд голомтоос дуудлага ирсэн. Дуудлагын дагуу мал эмнэлгийн эмч нартай ирж үзлэг хийгээд дээж аван шинжлэхэд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Ингээд 2017 оны наймдугаар сарын 26-нд хотын даргын захирамж гарсанбайгаа. Бид энэхүү захирамжийн дагуу ажиллаж байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй” гэв.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын ахлах байцаагч Б.Цогтоо “Морингийн давааны баруун, зүүн талд 4 км, гэр хорооллын урдаас хойш 4 км нийт 12 км радиуст хязгаарлалтын дэглэм тогтоосон байгаа. Энэ хэсэгт нийт 16 постод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлэг, зооноз судлал зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид ажиллаж байна. Хязгаарлалт тогтоосон газар буюу Морингийн даваанд 740 орчим айл өрхийн 2300 гаруй иргэн амьдардаг. Голомтоос ямар нэгэн зүйлийг гаргахыг хорьсон. Гаднаас хоол хүнс, эм тариа оруулах зэргийг албаныхны хяналтан дор чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Мэргэжлийн байгууллагууд ариутгалын бодисын нөөцөө хангалттай татчихсан гэр хорооллын бүсийн гудамж талбайг ариутгаж байна
Ховдод хөл хорио тогтоожээ
Ховд аймгийн Жаргалант сумын төвд тарваган тахал өвчин гарч нэг иргэн өвчлөөд буй. Урьдчилсан байдлаар уг тахлыг уушигны хэлбэрийнх гэж оношилж байсан бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр 17.30 минутын албан ёсны шинжилгээний хариу гарчээ. Тодруулбал, уг өвчин нь залгиур булчирхайн төрлийнх гэдэг нь батлагджээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа юм байна.
Халдвар тархах зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 сарын 30-ны 23 цаг хүртэл хөл хорио тогтоосон. Энэхүү өвчний эх үүсвэр болсон тарвагыг Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас 7 сарын 20-26-ны хооронд агнасан болох нь тогтоогдсон байна.
С.Марта: 1300 хүүхэд ширээ сандалгүй, самбаргүй хичээлээ эхлүүлэх гэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ээлжийн ачааллыг бууруулж, 2 ээлжид бүрэн шилжүүлнэ”, “Хороо бүрийг цэцэрлэгтэй болгоно” хэмээн заасан. Гэсэн ч харамсалтай нь жил болгон яригддаг сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал улс орны тулгамдсан асуудал хэвээр байна. Ихэнхи цэцэрлэг нялх балчир хүүхдүүдийг сугалаа сугалуулж "азтай"-г нь авсан. Харин сургуулиудын хувьд ачаалал ихтэй гурван ээлжээр хичээллэдэг. Тэр сургуулиудын нэг нь Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль. 84 дүгээр сургуулийн энэ ачаалал бага ч гэсэн хөнгөлөгдөж, энэ жил өргөтгөл ашиглалтанд орж байгаа юм байна. Харамсалтай нь тус өргөтгөлд тавих ширээ сандал, самбар байхгүй асуудал тулгарсан байна. Энэ талаар бид Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захирал С.Мартагаас тодрууллаа.
-Танай сургуулийн 1300 гаруй сурагчид ширээ сандал, самбаргүй хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Манай сургууль 94 бүлэгтэй. Өнгөрсөн жил манай сургууль 4500 гаруй сурагч гурван ээжлээр хичээллэсэн. 10 шахам жил хөөцөлдөж байж манай сургуулийн өргөтгөл баригдаж байгаа. Өргөтгөлийн барилгын ашиглалтанд орох хугацаа болоогүй ч гэсэн энэ 9 дүгээр сарын 01-нд ашиглалтанд оруулах гээд зүтгэж байна. Харамсалтай нь хамгийн хүндрэлтэй 1640 хүүхдийн өргөтгөл ашиглалтанд орохоор 1 ширхэг ширээ сандал тавилга, самбар байхгүй. Хичээл эхлэх дөхсөн энэ үед ширээ сандал нийлүүлэгдэх нь тодорхойгүй байна. 1300 хүүхэд ширээ сандалгүй, самбаргүй зогсоогоороо хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж байна. Би одоо яах вэ.
-Та хаана хандсан бэ. Таньд ямар хариу өгч байна?
- Шат, шатны байгууллагад хандсан боловч шийдвэрлэж өгөхгүй байна. Мөн манай сургуулийн хажуу талд орон сууцны барилга байшин их хүн амын төвлөрөл их байна.Сургууль цэцэрлэг нэг орчинд төвлөрсөн мухар гудамжтай. Хүн машины бөөгнөрөл их үүсдэг. Тийм учраас хүүхдийн аюулгын байдлын үүднээс сургуулийн зүүн талын хороолол дундах нарийн замыг нэг урсгалтай болгож өгөөчээ гэдгийг холбогдох газруудад 4 дэх жилдээ албан бичиг өгч байна. Энэ хугацаанд нэг ч албан байгууллагаас хариу ирдэггүй. Өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар нэг урсгалтай зам болгох шийдвэр гарч, төсөв мөнгө суугдсан гэж сонссон. Гэтэл зун болоход манай сургууль уг төсвөөс хасагдсан байсан.
-Яагаад хасагдсан талаар та асууж тодруулсан уу?
-Яагаад хасагдсаныг асууж тодруулсан бол учир нь олдоогүй өнгөрсөн.16 сургуулийн хажуу талын замыг засаж өөрчилнө гээд төсөв батлагдсан байсан. Гэтэл манай сургууль хасагдчихлаа. Хүүхэд автомашины осолд өртөх магадлал өндөр байна. Газрын хуулийн 46.2-ыг үндэслээд нийтийн эрх ашгийн үүднээс хэн нэгний эзэмшилд байгаа газрыг захиргааны журмаар шийдвэр гаргаад авч болдог юм байна. Тэр хэсэг замыг нээх хүсэлтийг Хотын орлогч Баярхүү гэдэг хүнд гурван удаа албан бичиг өгч нэг удаа өөрийн биеэр очиж уулзсан. Энэ хүн зөвшөөрлийг өгчихдөг юм бол сургууль өөрсдийн хүчээр засая гэж байгаа. Улс мөнгөө өгч чадахгүй байгаа бол өөрсдөө засаж янзална. Сургуулийн ойр орчмын замыг нэг урсгалтай нээх эрхийг нь өгөөч гэсэн хүсэлт тавьсан.