8o
Улаанбаатар хот
mobile menu

н.Мөнхсаруул: Зээлээ төлөөд 100 мянган төгрөгөөр амьдарч байна

2017-08-31 08:46:00

Өчигдөр нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн багш нар төв талбайд ээлжит жагсаалаа хийлээ.  Тэд есдүгээр сарын 01-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах түвшинд хүртэл жагсан үр дүнд хүрэхгүй бол хичээл хаялт зарлахаа мэдэгдсэн юм.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд багтдаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч цалин авдаг юм байна. Тодруулбал, 1-5 жил ажилласан багш 430 мянган төгрөг авдаг бол 5-аас  дээш жил ажилласан багш нар 530 мянган төгрөг авдаг аж. Харин ахмад багш нар хамгийн өндөр буюу 608 мянган төгрөгний цалин авдаг аж. 35 тасралтгүй боловсролын байгууллагад ажилласан багш гар дээрээ 582 мянган төгрөгний цалин авдаг аж. Энэ нь тэдний амьдралд огт хүрэлцэдгүй хэмээж байв.  Тиймээс гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг болохыг шаардаж буй энэхүү жагсаалд нийслэлийн төдийгүй орон нутгийн 3000 гаруй багш нэгдэхээ мэдэгдсэн байна. Бид энэхүү багш нарын төлөөлөл болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн н.Мөнхсаруул багштай ярилцлаа.

Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Багш нарын цалингаа нэмэгдүүлэх жагсаалд хаанаас ирж оролцож байна вэ?

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Улсын тэргүүний Бор-Өндөр цогцолбор сургуулийн бага ангийн ахмад багш  н.Мөнхсаруул гэдэг. Боловсролын байгууллагад өөрийнхөө эзэмшсэн мэргэжилд үнэнч байж, 35 жил тасралтгүй ажиллаж байна. 1983 онд багш болоод ажиллаж байхад 450 мянган төгрөг авдаг байсан. Тухайн үед 450 мянган төгрөг амьдрал ахуйд минь хүрэлцээд байдаг байсан. Харин одоо авч байгаа цалин үнэхээр хэцүү сэтгэл ханамжгүй байна. Тийм учраас бид цалингаа нэмүүлэх энэ жагсаалд нэгдэж, сумаасаа ирж оролцож байна. Өнөөдрийн энэ жагсаалд 21 аймаг, бүх сум, 9 дүүргийн багш нар дэмжиж оролцож байна.  Багшийн ачаалал их байна. Боловсрол маань тогтворгүй байна. 3-4 жил тогтмол өөрчлөгдөж байна. Үүнтэй ч мөн холбоотой. Энэ болгонд багш бид нар өөрийгөө хөгжүүлж, заах арга ур чадвараа дээшлүүлж, арга зүйгээ сайжруулж, ажиллаж байсан.  

-Та одоо хэдэн төгрөгний цалин авч байна. 1983 оноос хойш таныг цалинг хэдэн удаа нэмсэн бэ?

-Багшийн хамгийн дээд талын цалин 608 мянган төгрөгийг авч байна. Мөн дээрээ хөдөөгийн багш нарын нэмэгдэл, мөн зэрэглэлийн нэмэгдэл бас ордог. Гар дээрээ 582 мянган төгрөг авч байна. Үүнээс банкны зээлэнд 470 мянган төгрөг төлдөг. Тэгээд үлдсэн 100 мянган төгрөгөөр амьдарч байна. Миний цалингийн зээл 2019 онд дуусна.

МИНИЙ НАСНЫ БАГШ НАР 55 НАС ХҮРЭЭД ТАРХИ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ, ХАРАА, СОНСГОЛ МУУ БОЛДОГ ЮМ БАЙНА

-Тэгэхээр та 35 жил ажилласан гэхээр тэтгэвэрт гарах болсон юм биш үү. Цалингийн зээлээ үргэжлүүлээд төлнө гэсэн үг үү?

-2018 оны 5 сард тэтгэвэртээ гарна. Тэтгэвэрт гарсан ч гэсэн зээлээ төлнө гэсэн үг.

-Хөдөө орон нутагт 100 гаруй мянган төгрөгөөр амьдарч болж байна уу. Хотод бол яагаад ч амьдрах боломжгүй шүү дээ?

-Үр хүүхдүүд минь туслаж байгаа болохоор болж байна. Би сүүлийн гурван жилийн хугацаанд 1-р эмнэлэгээр эмчилгээ хийлгээд явж байна. Энэ бүхэнд үр хүүхдүүдийнхээ тусламжаар болж байна. Миний насны багш нар 55 нас хүрээд тархи зүрх судасны өвчтэй, хараа, сонсгол муу болдог юм байна. Үе мөч, бамбай хоолойны өвчтэй болоод тэтгэвэртээ гардаг юм байна. Энэ талаар би таньдаг тэтгэвэртээ гарах дөхсөн багш нараас судалгаа авч үзсэн. 10 багшийн 6  нь 57, 58, 62 хүрээд хорвоог орхиж байна. Энэ бол харамсалтай тоо. Тэгэхээр багш нарын тэтгэвэрийн насыг наашлуулж, онцгой авч үзэх хэрэгтэй.

-Таны өвчин хүүхдийн чимээ шуугиан, шохойноос болсон юм уу. Ямар онош гарсан бэ?

-Шавь  нарынхаа төлөө хоёргүй сэтгэлээр өнөөдрийг хүртэл зүтгэлээ. 1983 онд багш болсон үеэсээ хойш өөрийнхөө баримталдаг зарчимаа алдахгүй өдийг хүртэл явж байна. Өөрийнхөө хоёр хүүхдийг анхаарахгүй, түмний хүүхдийн төлөө, Монголын боловсролын төлөө зүтгэж ирлээ. Хичээлээ зааж байхад үе үе хоолой маань боогдох гэж байгаа юм шиг болдог байсан. Амралтын үеэр хоолой маань зүгээр болчихдог байсан. Гэтэл би үүнийг үл анзааран хичээлээ заагаад л яваад ирсэн. Оношоо мэдэхгүй удаан явсан гэсэн үг л дээ. Тэгээд хотод ирээд үзүүлэхэд намайг бамбайн өвчтэй болсон байна. Энэ өвчин мэргэжилтэй чинь бас холбоотой гэж мэргэжлийн эмч хэлсэн. Дууны хөвчтэй ч  холбоотой гэсэн. Ингээд улсын эмнэлэгт үзүүлээд 3 дахь жилдээ эмчлүүлээд явж байна.

-Цаашдаа олон жил эмчлүүлэх шаардлагатай юу?

-Насан туршдаа эмчлүүлнэ гэсэн. Өдөр бүр граммаар эм ууж байна. Миний амьдрал нэг иймэрхүү л байна даа.

-Багш нар цалингаа 1,6 сая болгох шаардлага тавьсан байгаа. Үүнийг хүлээж авахгүй бол 9 дүгээр сарын 15-аас эхлээд ажил хаялт зарлана гэж байна. Үүний цаана хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж эцэг эхчүүд харж байна?

-Хүүхдүүдээ ийм байдалд оруулж байгаадаа багш нарын сэтгэл эмзэглэж байгаа. Нийгмийн амьдрал багш нарт нөлөөлж байгаа учраас энэ тэмцлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Үүнийг эцэг эхчүүд ойлгоно гэж бодож байна.

 

 

  • Recent
  • Most Read
  • Most Comment