8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүүлийн таван жилийн хугацаанд 411 хүн амиа хорлосон баримт байна

2017-09-01 09:36:00

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс "Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын нөхцөл шалтгаан, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, "бусдыг амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн зохицуулалтад дүгнэлт хийх, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практиктийг судлах зорилгоор анхны суурь судалгааг хийжээ. Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, хууль зүйн ухааны доктор М.Гантулга, Судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа оролцов. Монгол Улсад 2012-2016 онд амиа хорлосон тохиолдлыг судалсан судалгааны онцлог нь сүүлийн 5 жилд Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бүх эрүүгийн хэргээс амиа хорлосон 2055 эрүүгийн хэрэг тус бүр дээр асуулт бөглөж үр дүнг нэгтгэсэн бөгөөд суурь судалгааны явцад гарсан үр дүнг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг уншиж хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна.

 Сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Судалгааны дүнгээс таван жилийн дунджаар жилд 411 хүн амиа хорлосон байна.  2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон байх бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна.  Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь нь бүртгэгджээ. Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн амиа хорлосон бөгөөд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байна. Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, өссөн орчин болон амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл, үерхэж буй охин, хөвгүүнтэй муудалцах, тохиолдлын бэлгийн харилцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлөвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг, хойд эцэг, эхтэйгээ ойлголцдоггүй, өөрт тулгамдаж буй асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой байжээ. Судалгааны дүнгээс харахад өсвөр насны хүүхдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчийн шударга бус харьцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлосон тохиолдлууд байгаа бөгөөд сүүлийн үед өсөх хандлагатай байгаад холбогдох газрууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Тиймээс судалгааны нэгдсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлжээ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас "Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дунд зохион байгуулах, судалгааны тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллах шаардлагатай байх тул Прокурорын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг удирдлага болгон мэдэгдэл бичиж хүргүүлээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хир баргийн юм тоодоггүй, хэнэггүй монгол хүнд амь хорлоно гэдэг юм байгаагүй. Битгий гадны юм оруулж судалгаа гэж хөөргөөд байл даа.
2017/09/01 135.23.229.11