8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Жүдо бөхийн дөрөв дэх Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорч, Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцалсан өдөр

2017-08-31 18:30:00

“Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Чуулганаас өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувь заяа тодорхой болсон уу

 

МАН-ын бүлгийн хурал хоёр өдөр дамнан хуралдаж, нийтдээ 10 гаруй цагийн турш асуудлаа хэлэлцэж, тогоон дотроо асуудлаа шийдэхийг хичээв . Бүлгийн хурал дээр Засгийн газраа авч үлдэх үү, огцруулах уу гэдэг дээр саналаа нэгтгэх ёстой байсан. Гэвч хоёр өдөр дамнан хуралдсан МАН-ын бүлгийн гишүүд саналаа нэгтгэж чадахгүй  байсаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зураад байгаа. Эдгээр гишүүдээс зарим нь нэрээ татсан гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэг ч гишүүн хасагдаагүй талаар байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгсөн. Харин ч МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэмж гарын үсэг зурсан. Ц.Нямдорж гишүүний хувьд бүлгийн хурал дээр нэлээд ширүүн байр суурийг илэрхийлсэн бөгөөд, “алив тэр Засгаа огцруулах бичгээ аваад ир” гэж байгаад “заналтайгаар” гарын үсэг зурсан. Түүний энэ байдлаас МАН-ын бүлгийн хурал ямархуу уур амьсгалтай болсоныг харж болохоор байна. Ахмад гишүүд болж буй үйл явдлыг харж байгаад эцсийн мөчид шийдвэрээ гаргадаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бүлгийн эхний өдрийн хуралдаан дээр Засаг огцруулах бичиг дээр шууд гарын үсэгээ зурчихав. Ингээд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 31-д хүрсэн.

АН МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИВ

МАН-ын бүлгийн хурал хоёр дахь өдрөө хуралдаж байхад, Ардчилсан намын бүлгийн гишүүд хуралдаж, Ж.Эрдэнэбатыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэн дээр нэгдсэн талаараа мэдээлэл хийсэн.   Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Засгийн газрыг огцруулах асуудалд манай ажлын хэсэг  нухацтай хандсан байгаа. Дүгнэлт гаргах ажлын хэсгийг Л.Болд гишүүн ахалсан. Аль аль талын улс төрийн төлөөлүүдтэй уулзаж дөрвөн үндсэн зүйл дээр тулгуулаж дүгнэлтээ гаргалаа. Мөн түүнчлэн АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж АН-ын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид "АН-ын бүлэг улс эх орны язгуур эрх ашиг үндсэн хуулийг дээдлэн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс бүлгийн гишүүд  нэгдсэн байр суурьтай оролцоорой" гэдгийг тус зөвлөмжид онцолсон. Хоёрдугаарт,  Засгийн газрыг огцруулах асуудал нь нийгэм, улс төрд харш үйлдлүүд олон явагдснаас гадна амлалтаасаа ухарсан, төрийн албыг үнэгүйдүүлсэн, улс төрчдийн ухамсар, ёсзүйн доройтлыг илэрхийлсэн  гэх мэт олон сөрөг үйлдүүлд гаргасан учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг АН-ын бүлэгт ирүүлсэн. АН-ын бүлэг хуралдаж шийдвэрээ гаргалаа. Хуралдаанд оролцсон АН-ын бүлгийн нийт гишүүдийн олонх саналаар Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцох нь зүйтэй гэж үзлээ. Мөн энэхүү дүгнэлтийн дагуу АН Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэдгээ мэдэгдсэн. Үндсэндээ Засгийн газраа огцруулах хүний тоон дээр Ардчилсан намын бүлгийн 9 гишүүн нэмэгдэж, 40 болов.


 Ингээд МАН-ын бүлгийн хурал дуусаж, дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болсон. Хуралдаанд нийт 17 гишүүн орсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Гарын үсэг зурсан гишүүдийн  ердөө зургаан гишүүн л Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг. 


Тодруулбал, Б.Батзориг-МАН, Б.Жавхлан-МАН, Г.Занданшатар-МАН, Л.Оюун-Эрдэнэ-МАН, Д.Сумъяабазар-МАН, Тогтохсүрэн-МАН гишүүд дээр АН-ын Ж.Батзандан-АН, Д.Эрдэнэбат-АН нар нэмж кноп дарсанаар найман гишүүн огцруулахыг дэмжсэн. Харин  Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж кноп дарсан 9 гишүүн байсан. Тодруулбал, М.Энхболд-МАН, Ж.Эрдэнэбат-МАН, Д.Лүндээжанцан-МАН, Ж.Мөнхбат-МАН, О.Содбилэг-МАН, Б.Ундармаа-МАН, Д.Хаянхярваа-МАН, Цэрэнбат-МАН, Н.Энхболд-МАН нарын өсөн гишүүн авч үлдэх кноп дарав. 


Гэхдээ байнгын хороогоор санал унасан ч чуулган дээр Засаг огцрох нь тодорхой болсон. Одоогийн байдлаар Засгийн газраа огцруулахад 40 гишүүн санал нэгдсэн. Үндсэндээ ирэх сарын 07-ны өдөр МАН-ын Засгийн газрын хувь заяа шийдэгдэнэ. 

НИТХ-ын ээлжит хурлын үеэр Ц.Сандуйгийн суудал "ганхаж" эхлэх үү 

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаантай. Тавдугаар сараас хойш НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй. Учир нь өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан хуралдаагүй байсан. Тиймээс  НИТХ-ын ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэрлэх олон асуудал дарааллаа хүлээж байгаа сурагтай.

Тодруулбал энэ сарын 17-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж МАН-ын удирдлагуудад өргөн барьсан юм. Энэхүү өргөх бичигт МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь энэ албан бичигт гарын үсэг зурсан.

Эдгээр асуудлыг нэн тэргүүнд  НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах эсэхийг шийдвэрлэх аж.  НИТХ-ын дарга Ц.Сандуйг 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээлгэхээр намын зарим гишүүд нэгдэж эхэлсэн. Мөн түүнд хариуцлага тооцох шаардлагыг тус намын бүлгээс гаргасан. Мөн сөрөг хүчин болох НИТХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт гарын үсэг зурж МАН-ын удирдлагуудад өргөн барьсан юм. Энэхүү өргөх бичигт МАН-ын бүлгийн 34 төлөөгчөөс 16 нь энэ албан бичигт гарын үсэг зурсан. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаагүй бөгөөд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан төлөөлөгч нэмэгдэнэ гэдгийг тухайн үед НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар ярьж байсан.   

Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал яригдаагүй бөгөөд хариуцлага тооцох үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан

Дүрмээрээ бол НИХТ-ын нийт гишүүдийн 50+1 саналаар огцруулах үндэслэлтэй байдаг аж. Үүнээс харахад 35 гишүүнээс 18 нь гарын үсэг зурахад Ц.Сандуйгийн МАН-ын хорооны даргын суудал "ганхаж" эхэлнэ. Тэгвэл өнөөдөр болох НИТХ-ын гишүүдийн 50-иас илүү хувь нь Ц.Сандуйг огцруулахыг дэмжих болов уу. Ц.Сандуй огцрох уу.  Баттай эх суралжийн мэдээлж буйгаар өнөөдрийн хурлаар Ц.Сандуйг огцруулах саналтай гишүүд нэмэгдэж орж ирэх аж. Тухайлбал гишүүдийн 50-иас илүү хувь нь дэмжих хандлагатай байгаа сурагтай гэнэ.

Дүрмээрээ бол НИХТ-ын нийт гишүүдийн 50+1 саналаар огцруулах үндэслэлтэй байдаг аж. Үүнээс харахад 35 гишүүнээс 18-нь гарын үсэг зурахад Ц.Сандуйгийн МАН-ын хорооны даргын суудал "ганхаж" эхэлнэ.

НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай. Өнөөдөр хуралддаг өдөр нь. Гэхдээ одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Х.Баттулга: Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ

Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгуулсан. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга болж, монгол түмнийг баярлуулсан. Дэлхийн аварга Д.Сумъяагийн аваргын төлөөх барилдааныг Унгарын нийслэл Будапешт хотноо оршин суугаа монголчуудааас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл үзэж, баярын нулимс унагав. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдааны талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр   “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд алтан медаль авах гэж ирсэн. -48 кг жинд алт авахаар төлөвлөж байсан ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа.

Бид Японыг ялж, энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монгол улсад номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл. Жүдочид бид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэсэн байна.  

н.Мөнхсаруул: Зээлээ төлөөд 100 мянган төгрөгөөр амьдарч байна

Өчигдөр нийслэлийн 9 дүүрэг болон 21 аймгийн багш нар төв талбайд ээлжит жагсаалаа хийлээ.  Тэд есдүгээр сарын 01-нээс өмнө цуглан шат дараатайгаар үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийн нийгмийн байдлыг дээрдүүлэх шийдвэр гарах түвшинд хүртэл жагсан үр дүнд хүрэхгүй бол хичээл хаялт зарлахаа мэдэгдсэн юм.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар ТҮ5, ТҮ6 ангилалд багтдаг бөгөөд ажилласан жилээсээ хамаарч цалин авдаг юм байна. Тодруулбал, 1-5 жил ажилласан багш 430 мянган төгрөг авдаг бол 5-аас  дээш жил ажилласан багш нар 530 мянган төгрөг авдаг аж. Харин ахмад багш нар хамгийн өндөр буюу 608 мянган төгрөгний цалин авдаг аж. 35 тасралтгүй боловсролын байгууллагад ажилласан багш гар дээрээ 582 мянган төгрөгний цалин авдаг аж. Энэ нь тэдний амьдралд огт хүрэлцэдгүй хэмээж байв.  Тиймээс гар дээрээ 1,5 сая төгрөг авдаг болохыг шаардаж буй энэхүү жагсаалд нийслэлийн төдийгүй орон нутгийн 3000 гаруй багш нэгдэхээ мэдэгдсэн байна. Бид энэхүү багш нарын төлөөлөл болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас ирсэн н.Мөнхсаруул багштай ярилцлаа.

Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Багш нарын цалингаа нэмэгдүүлэх жагсаалд хаанаас ирж оролцож байна вэ?

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Улсын тэргүүний Бор-Өндөр цогцолбор сургуулийн бага ангийн ахмад багш  н.Мөнхсаруул гэдэг. Боловсролын байгууллагад өөрийнхөө эзэмшсэн мэргэжилд үнэнч байж, 35 жил тасралтгүй ажиллаж байна. 1983 онд багш болоод ажиллаж байхад 450 мянган төгрөг авдаг байсан. Тухайн үед 450 мянган төгрөг амьдрал ахуйд минь хүрэлцээд байдаг байсан. Харин одоо авч байгаа цалин үнэхээр хэцүү сэтгэл ханамжгүй байна. Тийм учраас бид цалингаа нэмүүлэх энэ жагсаалд нэгдэж, сумаасаа ирж оролцож байна. Өнөөдрийн энэ жагсаалд 21 аймаг, бүх сум, 9 дүүргийн багш нар дэмжиж оролцож байна.  Багшийн ачаалал их байна. Боловсрол маань тогтворгүй байна. 3-4 жил тогтмол өөрчлөгдөж байна. Үүнтэй ч мөн холбоотой. Энэ болгонд багш бид нар өөрийгөө хөгжүүлж, заах арга ур чадвараа дээшлүүлж, арга зүйгээ сайжруулж, ажиллаж байсан.  

-Та одоо хэдэн төгрөгний цалин авч байна. 1983 оноос хойш таныг цалинг хэдэн удаа нэмсэн бэ?

-Багшийн хамгийн дээд талын цалин 608 мянган төгрөгийг авч байна. Мөн дээрээ хөдөөгийн багш нарын нэмэгдэл, мөн зэрэглэлийн нэмэгдэл бас ордог. Гар дээрээ 582 мянган төгрөг авч байна. Үүнээс банкны зээлэнд 470 мянган төгрөг төлдөгТэгээд үлдсэн 100 мянган төгрөгөөр амьдарч байна. Миний цалингийн зээл 2019 онд дуусна.

МИНИЙ НАСНЫ БАГШ НАР 55 НАС ХҮРЭЭД ТАРХИ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ, ХАРАА, СОНСГОЛ МУУ БОЛДОГ ЮМ БАЙНА

-Тэгэхээр та 35 жил ажилласан гэхээр тэтгэвэрт гарах болсон юм биш үү. Цалингийн зээлээ үргэжлүүлээд төлнө гэсэн үг үү?

-2018 оны 5 сард тэтгэвэртээ гарнаТэтгэвэрт гарсан ч гэсэн зээлээ төлнө гэсэн үг.

-Хөдөө орон нутагт 100 гаруй мянган төгрөгөөр амьдарч болж байна уу. Хотод бол яагаад ч амьдрах боломжгүй шүү дээ?

-Үр хүүхдүүд минь туслаж байгаа болохоор болж байна. Би сүүлийн гурван жилийн хугацаанд 1-р эмнэлэгээр эмчилгээ хийлгээд явж байна. Энэ бүхэнд үр хүүхдүүдийнхээ тусламжаар болж байна. Миний насны багш нар 55 нас хүрээд тархи зүрх судасны өвчтэй, хараа, сонсгол муу болдог юм байнаҮе мөч, бамбай хоолойны өвчтэй болоод тэтгэвэртээ гардаг юм байна. Энэ талаар би таньдаг тэтгэвэртээ гарах дөхсөн багш нараас судалгаа авч үзсэн. 10 багшийн 6  нь 57, 58, 62 хүрээд хорвоог орхиж байна. Энэ бол харамсалтай тоо. Тэгэхээр багш нарын тэтгэвэрийн насыг наашлуулж, онцгой авч үзэх хэрэгтэй.

-Таны өвчин хүүхдийн чимээ шуугиан, шохойноос болсон юм уу. Ямар онош гарсан бэ?

-Шавь  нарынхаа төлөө хоёргүй сэтгэлээр өнөөдрийг хүртэл зүтгэлээ. 1983 онд багш болсон үеэсээ хойш өөрийнхөө баримталдаг зарчимаа алдахгүй өдийг хүртэл явж байна. Өөрийнхөө хоёр хүүхдийг анхаарахгүй, түмний хүүхдийн төлөө, Монголын боловсролын төлөө зүтгэж ирлээ. Хичээлээ зааж байхад үе үе хоолой маань боогдох гэж байгаа юм шиг болдог байсан. Амралтын үеэр хоолой маань зүгээр болчихдог байсан. Гэтэл би үүнийг үл анзааран хичээлээ заагаад л яваад ирсэн. Оношоо мэдэхгүй удаан явсан гэсэн үг л дээ. Тэгээд хотод ирээд үзүүлэхэд намайг бамбайн өвчтэй болсон байна. Энэ өвчин мэргэжилтэй чинь бас холбоотой гэж мэргэжлийн эмч хэлсэн. Дууны хөвчтэй ч  холбоотой гэсэн. Ингээд улсын эмнэлэгт үзүүлээд 3 дахь жилдээ эмчлүүлээд явж байна.

-Цаашдаа олон жил эмчлүүлэх шаардлагатай юу?

-Насан туршдаа эмчлүүлнэ гэсэн. Өдөр бүр граммаар эм ууж байна. Миний амьдрал нэг иймэрхүү л байна даа.

-Багш нар цалингаа 1,6 сая болгох шаардлага тавьсан байгаа. Үүнийг хүлээж авахгүй бол 9 дүгээр сарын 15-аас эхлээд ажил хаялт зарлана гэж байна. Үүний цаана хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна гэж эцэг эхчүүд харж байна?

-Хүүхдүүдээ ийм байдалд оруулж байгаадаа багш нарын сэтгэл эмзэглэж байгаа. Нийгмийн амьдрал багш нарт нөлөөлж байгаа учраас энэ тэмцлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Үүнийг эцэг эхчүүд ойлгоно гэж бодож байна.

Цагдаагийн байгууллагын тодорхойлолт ОЛГОХГҮЙ боллоо 

2017-07-01 ний өдрөөс Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэн холбогдуулан иргэний ялтай байдал гэж байхгүй болсон билээ. Хууль зүйн сайдын 2017-07-р сарын 21 ний өдрийн А/195 тушаалаар "Мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, шалгах, шинжлэн үнэлэх, ашиглах шилжүүлэх, хүлээн авах, хуваарилах, үр дүнг тооцох, лавлагаа өгөх журам"-ыг гаргаад байгаа юм. 

Энэхүү журамд Цагдаагийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасан ял шийтгүүлсэн, 61.2.3 т заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 61.1.4-т заасан эрүүгийн хэрэг, үйлдэл холбогдол нь хэрэгсэхгүй болж цагаатгагдсан, 61.1.5-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 61.1.7-д заасан өршөөл уучлалд хамрагдсан хүмүүс, 61.1.20-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн этгээдийн талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, лавлагаа өгөхөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлагдсан журмыг баримтлана гэж заажээ. 

Мөн тус журмын 6.1 -д мэдээллийг цандаагийн байгууллага, алба хаагчийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглах бөгөөд эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтан, олон улсын цагдаагийн байгууллагад тэдний хүсэлтийг үндэслэн холбогдох мэдээллийг өгч болно гэж заасан байна. 

"2013 оны А/12, 2016 оны А/04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, 2017-09-04 ний өдрөөр тасалбар болгож, цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог байсан ял шийтгэлийн тодорхойлолтыг олгохоо болилоо. 

Үүнтэй холбоотойгоор Элчин сайдын яамдуудад албан бичгүүдийг хүргүүлэн ажиллаж байна. Иймээс иргэд та бүхэн ажилд томилогдох, визанд орох гэх мэт цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндсэн шаардлагуудынхаа нэг болгож байсан үйл ажиллагаа 2017-09-04- ээс талсан зогсоох юм байна. 

Шуурхай: Оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталлаа 

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хавсралтаар баталлаа.

Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтов.

Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна.

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.   

Жүдо бөхийн дөрөв дэх Дэлхийн аваргаар Д.Сумъяа тодорлоо

Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлж буй Гавьяат тамирчин Д.Сумъяа ДАШТ-ий 57 кг-ын жинд дэлхийн аваргын алтан медалийн төлөө барилдаж, итгэл төгс ялалт байгууллаа. Тэрбээр Японы тамирчин Цүкаса Ёшидатай бүтэн 13 минут барилдсаны эцэст базари үнэлгээгээр ялалт байгуулж, Дэлхийн аварга боллоо.

У.Хүрэлсүх: 60 тэрбумынхантай ХЭЗЭЭ Ч тохиролцохгүй 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар албан бусаар аль хэдийнээ огцорчихоод байна. Ингэж хэлэхийн учир нь хэдийгээр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр нэг саналын зөрүүгээр Засгийн газрыг огцруулахгүй гэх дүгнэлт гарсан ч УИХ-ын чуулганд олонхи гишүүн огцруулах талд санал өгөх нь тодорхой болоод байна.

МАН-ын бүлэг дээр 30 гишүүн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн. Түүгээр ч зогсохгүй огцруулахгүй гэж санал өгсөн 28 гишүүнээс гурав нь саналаа өөрчилж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр МАН-ын 33 гишүүн, бүлгийн хуралд оролцоогүй долоон гишүүнийг оролцуулаад 40 гишүүн болж байна. Үүн дээр АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч нэг нэмэгдээд, нийтдээ 51 гишүүн  Засгийн газрын огцруулахыг дэмжихээр байна.

Энэхүү бодит байдал нь одоогийн МАН болон Засгийн газрын удирдлагад буй улстөрчдийг ихэд тэвдүүлж, эрх мэдлээрээ далайлгаж байсан зарим бардам алхамаасаа буцаж, буулт хийхэд хүргээд байгаа гэнэ. 60 тэрбумынхан гэж нэрлэгдэх болсон тус бүлэглэл одоо эргээд У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарыг хормойдохоос аргагүй болжээ.

Тэд улс төрийн зарим нүүдлээ буцаах замаар тохиролцохыг хүсч байгаа бололтой. Гарцаагүй байдалд орж, буланд шахагдсан тэдний дараагийн нүүдэл нь Засгийн газрыг огцруулах хэрэггүй, харин бүрэлдэхүүнд нь мэс ажилбар хийе гэдэг санал аж. Өөрөөр хэлбэл, зарим нэр бүхий сайдыг огцруулж, сольж өөрчлөх замаар өөрсдийн арьсаа хамгаалж үлдэх хувилбарт шилжжээ.

Тиймдээ ч олон нийтийн дунд тодорхой зорилго, агууламж бүхий суртал ухуулгыг тарааж эхэлсэн байна. Утга нь “Засаг бүхэлдээ огцрох хэмжээнд биш, засвар өөрчлөлт, шинэчлэл хийгээд цаашаа явах нь зөв” гэсэн байр суурийг санаатайгаар түгээх болов. Мөн “М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нартай тохиролцоонд хүрч байна” гэсэн бор шувууг намынхаа гишүүдийн дунд эрчимтэйгээр тарааж байгаа сурагтай.

Тэдний энэхүү башир залийг мэдсэн У.Хүрэлсүх “60 тэрбумынхантай хэзээ ч тохиролцохгүй. Концесстой холбоотой долоон сайд, 60 тэрбумын хэрэгтэй холбоотой МАН-ын удирдлагатай хариуцлага тооцохгүйгээр ямар ч өөрчлөлт, шинэчлэл, хөгжлийн тухай ярих боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

60 тэрбумынхны найдвар тавьж буй цорын ганц хөзөр нь өдгөө Засгийн газар болчихоод буй. Живж буй хүн тааралдсан сүрэлнээс хүртэл шүүрч авдгийн үлгэрээр тэд наашаа харсан бүхэн рүү гүйн очиж, амь аврагдахыг хүсч байгаа ажээ. УИХ-ын гишүүдийн санаа бодлыг урвуулж авах гэж улайрч, зарим нэгэнд нь сайдын суудал хүртэл санал болгож байгаа гэсэн шуум ч дуулдах болов. Үүнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ихэд зэвүүцэж, уур хилэнгээ ил тод үзүүлэх болсон гэнэ.

Хэрвээ тэд элдэв арга саам хэрэглэн Засгийн газрыг авч үлдсэн тохиолдолд МАН, цаашлаад Монгол Улсын хувь заяанд ноцтой хохирол учирна гэж тэр үзэж байна. 60 тэрбумын балаг МАН-ын толгойг цусдах учраас тэдэнтэй заавал хариуцлага тооцож, хамгийн гол түшиц, тулгуур болж буй Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж өөрчлөхийн чухлыг МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид ч хүсч хүлээж байна.

Иргэд рүү буу гаргаж сүрдүүлсэн этгээдийг баривчилжээ 

Энэ сарын 28-ны өдрийн 12:04 цагт Баянзүрх дүүргийн 14-р хорооноос “Ахмадын хороолол ...-р байрны ... давхраас хүн цонхоор том буу гаргаад танхайрайд байна” гэсэн дуудлага ирж, цагдаагийн байгууллага ажилласан байна.  Тус дуудлага дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус дүүргийн 14-р хороонд оршин хороонд суух, 22 настай М байсныг тогтоосон байна. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment