Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр орой өгсөн. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ ч мөн гаргасан байна.
Ц.Сандуй "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаадтэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" хэмээн намынхандаа мэдэгдсэн.
Тэр өөрийн хүсэлтээр сайн дураараа огцорч байгаа юм биш. МАН-ын бүлгийн хурал дээр хамгийн их яригдсан зүйл бол 60 тэрбум ба Ц.Сандуйгийн асуудал байсан. МАН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр Ц.Сандуйг албан тушаалаа өгч, огцрох ёстой гэсэн байр суурьнаас хандаж, нэлээд шахалт үзүүлсэн сураг дуулдсан. Үүний үр дүнд Ц.Сандуй гарах гарцгүй болж, өөрийн хүсэлтээр гэж нэр төдий ажлаа өгөв. Түүнд энэнээс өөр сонголт ч үлдсэнгүй. Үүний хажуугаар НИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахыг шаардсан албан бичгийг хэд хоногийн өмнө өгсөн нь дайран дээр давс нэмэв. Үнэндээ Ц.Сандуй нийслэлдээ ч багтах орон зай үлдсэнгүй. Мөн үүнээс гадна хоёр хоногийн өмнө НЗДТГ-ын үүдэнд иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуйг огцор хэмээн тайван жагсаал хийсэн билээ. "Төрийн зарж идсэн Ц.Сандуй монголоос зайл" хэмээн дуу нэгтэйгээр орилж буй иргэдийн дуу хоолойг сонсоод өөрийн эрхгүй нэгийг бодсон бизээ. Олон түмний эсэргүүцэл, намаас ирэх дарамт шахалтны дараагаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй 60 тэрбумын бичлэг эвлүүлэг хэмээн гүрийсээр л байна. Ямартай ч хоёр жил дамнан яригдсан 60 тэрбум бичлэгний "гол" хэрэгтэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорлоо.
Ингээд Ц.Сандуйн талаар хэн юу хэлэв булангаа хүргэж байна.