8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Болормаа агсаны хэрэг юу болов!

2016-01-13 18:47:00

Олны анхаарал татсан хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа нэрээр олон нийтийн хараанаас холдож, улмаар мартдаг. Хааяа нэг санаж, лавлахад мөрдөн байцаалт дуусаагүй байгаа, шалгаж байгаа гэхээс өөрийг хэлэхгүй байсаар ноцтой хэргүүд замхардаг тохиолдол бишгүй бий.  Тэгвэл зайлшгүй шалгах шаардлагатай, үнэн мөнийг нь даруй олох хэрэгтэй хэргүүд юу болов. Оны өмнөх нь УИХ-ын гишүүн О.Содбилэг цахим хуудаснаа өөрийн аав Отгонбилэг агсаныг С.Зоригийн хэрэг буруутгаж магадгүй байгаа талаар бичиж дуулиан тарьж байсан билээ. Тэрбээр "Талийгаач аавыг минь үг хэлж чадахгүй болсон учраас С.Зориг агсны хэрэгт буруутгах гэж байна" гэж бичсэн байдаг. Ингэхдээ О.Содбилэг гишүүн хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж энэ талаар хэлсэн. Ш.Отгонбилэг агсаныг малчин, тогооч нартаа захиалга өгч С.Зориг агсныг хөнөөлгөсөн гэдэг асуудал яригдаж эхэлсэн талаар дуулгасан. Гэвч тэрбээр энэхүү постоо удалгүй устгачихсан. Энэ талаар өөрөөс нь тодруулах гэсэн боловч татгалзсан хариу өгсөнөөр байгаа нь хачирхалтай байгаа юм.

Тэгвэл үүний өмнөх нь “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа агсан гэртээ нас барсан хэрэг гарч, монголын сэтгүүлзүйд том гарз тохиосон. Түүнийг амиа алдсаны дараах нь гадны нөлөөтэй хэмээн шуугиж байв. Харин Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгөөд албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж байв.  

Гэвч Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч нар "Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан. Түүний дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн" гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Өөрөөр хэлбэл гадны нөлөөтэй байх магадлалтай гэж үзсэн. Тиймдээ ч цагдаагийн байгууллага шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл энэ хэрэгт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалт явуулаад дуусчээ. Л.Болормаа агсаны хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Прокурорт шилжүүлсэн тул мэдээлэл өгөх боломжгүйг эх сурвалжууд онцоллоо. Ямартай ч нэрт сэтгүүлчийн үхэл гадны нөлөөтэй юу гэх асуултын хариулт тун удахгүй тодорхой болох нь.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл