Гааль, татварын Ерөнхий газраас НӨАТ-ын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжээс сугалаа хэрхэн зохион байгуулах, урамшуулал олгох тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын урамшуулалд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Одоогоор 1,500,000 сугалаа бүртгэгджээ. Анхны сугалааны тохирлыг орон даяар энэ сарын 17-ны өдөр зохион байгуулж, МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулахаар тогтжээ. Энэ удаагийн сугалааны шагналын сан 177 сая төгрөг бөгөөд нэгдүгээр сарын 1-10-ны хооронд хэвлэгдсэн баримтаар оролцох боломжтой юм байна. Хонжворыг сүүлийн орноос эхлэн тодруулах бөгөөд сүүлийн гурван орон нь таарсан иргэн 20,000 төгрөг, дөрвөн орон нь таарвал 100,000 төгрөг гэх мэтээр урамшуулал нэмэгдсээр найман орон болон үсэг нь таарсан иргэн 100,000,000 төгрөг хожих аж.