Сүүлийн хоёр сонгууль дамнан "МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж "60 тэрбум” төгрөгний 162 минутын бичлэг цацагдсан. Хэд хоногийн өмнө АТГ мэдээлэл хийж, 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэргийг шалгаж, хэд хэдэн хүнээс мэдүүлэг авсан талаар мэдээлэл өгч байсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурорын газраас "60 тэрбумын хэрэг"-ийг хаасан байна. Энэ талаар НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНАА ярилцлага өгсөн байна.
Тэрбээр ярилцлагадаа "60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг.
Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.
Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан "Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.
Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй" хэмээн хэлсэн байна.
МАН-ын удирдлагуудтай холбоотой 90 минутын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтээр ямар нэгэн хасалт хийгдээгүй, эвлүүлэг хийгдээгүй, нэг цагт, нэг орчинд хийгдсэн, бичлэг хийсэн төхөөрөмжөө хөдөлгөөгүй байна гэсэн дүгнэлтийг АНУ-ын Нью-Йорк хотоос хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Гэвч Улсын Ерөнхий прокурорын зүгээс эвлүүлэг гэж үзээд "60 тэрбумын хэрэг"-ийг хаажээ.