“Да хүрээ” болон 1000 автомашины зогсоолд худалдаа эрхлэгчид шинээр байгууллагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн юм. Тооцоо судалгаагүй үрсэн 24 тэрбумыг автомашины бизнес эрхлэгчид нөхөх ёсгүй. Авто худалдааны цогцолборын газар зүйн байрлалыг буруу сонгосон. Цэвэрлэх байгууламжийн дор, уулын жавар хорогдсон цэвдэгтэй газар барьсанаас болж өвөл машин хөлдөх, цасанд дарагдах аюултай гэдгийг энэ үеэр автомашины худалдаа эрхлэгчил онцолсон юм. Мөн газар хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдээгүй, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Анх уг газарт зөвшөөрөл олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй юм билээ гэж хуулийн зөвлөх баримт түшиглэн ярив. Дээр нь замын түгжрэлийг улам ихээр нэмэгдүүлэхээр байгаа. Учир нь тийшээ очих хоёрхон урсгалтай бол Да хүрээ зах руу дөрвөн урсгалтай гэв. Иймээс бид нүүхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байгаа аж. Энэ үеэр автомашины худалдаа эрхлэгч Г.Одбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Хэдэн оноос хойш автомашин худалдаалдаг бизнес эрхэлж байна вэ?
-Намайг Ганболдын Одбаяр гэдэг. Би “Дизел хүрээ” захад автомашины худалдаа эрхэлдэг. Автомашины худалдаа эрхлээд долоон жил болж байна. Зогсоол түрээсэлж амьдралаа залгуулж байна.
-Зогсоол түрээсэлж бизнес эрхэлдэг гэж та сая яриллаа. Өдрийн түрээс нь хэдэн төгрөг байдаг юм бэ?
-Нэг машиныг өдрийн 2000 төгрөгөөр түрээсэлдэг. Түрээслэгчдийн өдрийн түрээс өөр өөр байдаг. Энэ нь борлуулах гэж буй машинаас нь хамаардаг. Өдөрт нэг машин зогсох тохиолдол байна. Заримдаа өдөрт гурав, дөрөв, тав бий.
-Нийслэл хотын хэмжээнд хэчнээн автомашины худалдаа, бизнес эрхэлдэг хүн байдаг юм бэ?
-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй автомашины худалдааны захуудад нийтдээ 8000 гаруй бизнес эрхлэгч байдаг. Эдгээр 8000 хүний ард гэр бүл, үр хүүхэд бий. Хамгийн багадаа нэг хүн дөрвөн ам бүлтэй гэж тооцож үзье. Нийтдээ 32000 хүнийг хоолтой нь залгуулж байна. Ихэнх нь таван ам бүлтэй. Үүнээс харахад энэ хэдхэн хүний эрх ашиг биш монголын 40-50 мянган иргэний амь амьдрал, ажил төрөлтэй холбоотой зүйл яригдаж хамт явж байна.
-Авто худалдааны цогцолбор луу захуудыг нүүлгэж эхэлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарч эхэлсэн. Гэтэл бизнес эрхлэгчдээс нэг ч хүн нүүгээгүй, нүүхгүй гэсэн мэдээлэл хийж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг авто захуудыг нийслэлээс гаргана. Хотын түгжрэл, төлөвлөлтийг зохицуулах үүднээс ийм шийдвэр гаргасан гэдэг зүйл нэлээд дээрээс яригдаж эхэлсэн. Ингэхдээ Авто худалдааны цогцолборыг 22-ын товчооны тэнд байгуулсан. Өнөөдөр тэнд очиж худалдаа эрхэлж байгаа нэг ч хүн байхгүй. Авто машины худалдаа эрхэгчид бид тийшээ нүүх ямар ч боломж, нөхцөл байхгүй. Яагаад гэвэл 22-ын товчоо маш их цэвдэгтэй. Газар нь хүйтэнд хагарч гарч ирдэг. Ийм азарт автомашины худалдаа эрхлэх гэж байхгүй. Эдийн засгийн хувьд эрсдэлтэй. Мөн цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр нь тэр орчимд нэвт шингэсэн. Тэнд амьдардаг хүмүүсийн бие нь дээр улаан өнгийн тууралт гардаг талаар иргэд ярьдаг. Энэ нь эрүүл мэндийн хувьд маш хортой орчин нөхцөл. Бид нэг машин зарах гэж бүтэн өдөржин өнжих тохиолдол гардаг. Тиймээс бизнес эрхлэгчдийн хувьд маш хүн нөхцөл байдалтай газар луу хэн нүүх юм бэ. Эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох хэрэг үү. Ийм газраас хэн ирж авто машин авах юм бэ. Төр 40-50 мянган иргэний амьдралаар тоглож байна.
-Сонгуулийн үеэр МАН-ын нэр бүхий гишүүд та нарыг нүүлгэхгүй гэж ярьж байсан гэсэн. Гэтэл өнөөдөр нүүлгэх тухай асуудал ярьж байна шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сонгуулийн үеэр МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Сандуй нар Баянзүрх дүүрэгт харьяалагддаг авто захуудын бизнес эрхлэгчидтэй хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Тухайн үед МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Сандуй “манай намд саналаа өгөөч. Та нарыг нүүлгэхгүй байх талаас нь дэмжинэ. Санаа зоволтгүй гээд авто худалдаа эрхлэгчдийн саналыг аваад явсан. Гэтэл өнөөдөр энэ нөхцөл байдал эсрэгээрээ эргээд байна. Нүүх ёстой, нүүлгэх шаардлагатай гэх мэтээр бизнес эрхлэх боломжгүй газар луу иргэдийг явуулахыг шаардаж байгаа нь зохисгүй үйлдэл гэж бодож байна. Бид энэ улсын дундаж өрх. Гэтэл улс төрийн, эсвэл цаасан дээр яригддаг хий хоосон ажлын золиос болмооргүй байна.
Д.Болор.