Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар малын гоц халдварт өвчин гарсан гэх нэрийдлээр бүсгүйг худлаа хэлж айлын унага тамганы найранд аваачсан улмаар хүчирхийлсэн хэрэг нийгмийг цочироогоод байгаа. Өнгөрсөн намар гарсан уг хэргийн хохирогч бүсгүй өдгөө хэд хэдэн мэс засалд орж байнгын эмнэлгийн хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн сард хохирогч бүсгүйн ар гэрийнхэн ард түмнээс хагалгаанд шаардлагатай мөнгөн тусламж гуйсан. Улмаар хагалгаанд орох мөнгө бүрдсэн бөгөөд энэ сарын 21-ний өдөр давсаг сойх мэс засалд орохоор болсон байна.
Хэрэг гарсны дараа УИХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийн болоцоогоороо туслаж дэмжсээр байгаа юм. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн Төв аймгийн иргэдийн төлөөлж их хуралд сууж буй МАН-ын хоёр гишүүнд ханджээ. Хохирогч бүсгүйн ах Х.Нэргүй энэ талаар хэлэхдээ “Төв аймгаас УИХ-д сонгогдсон М.Энхболд, Су.Батболд нарт мөнгөн тусламж үзүүлээч гэж тусгайлан хандсан. Харамсалтай нь тэд биднийг хүн ч гэж тоогоогүй. Тэд нэгдүгээрт, манай сумаас бидний сонголтоор УИХ-д суусан. Төрийн түшээ гэдэг утгаар тусламж дэмжих болов уу гэж найдсан. Нөгөө талаар энэ жигшүүрт хэргийг үйлдэж, дүүг минь зэрэмдэглэсэн Б.Ханбаатар, Г.Ариунболд нар МАН-ын гишүүд” гэж ярьсан байна. МАН-ын дарга М.Энхболд МАН-ын нөлөө бүхий гишүүн Су.Батболд нар хохирогч бүсгүйд тусламж үзүүлэх битгий хэл хүн ч гэж тоосонгүй. Уг нь бол МАН-ын гишүүн нь ийм бусармаг хэрэг хийсэн, өөрсдөө тэр нутгаас сонгогдсон эрхэм гишүүд маань бага ч гэсэн сэтгэл гаргаж болмоор. Тэд удахгүй болох сонгуульд толгой эргэм их мөнгөөр иргэдэд өөрийн зурагтай янз бүрийн бэлэг сэлт тараадаг. Тэгвэл хэнд ч хэрэггүй бэлэг өгч байхаар хохирогч бүсгүйн эмчилгээнд бага ч гэсэн туслаж хүн ёсны зан гаргах бус харин намын гишүүнийхээ хийсэн бусармаг үйлдлийг хаацайлж байгаа нь харамсалтай. Үүнээс харвал МАН өнгөтэй мөнгөтэй хүнийг нааш гэж, жирийн иргэдээс нүүр буруулдаг бололтой. Намын дарга нь ийм үйлдэл гаргаж байхад намын гишүүд нь ямар байх нь ойлгомжтой.
Түүнчлэн хохирогч бүсгүйн ах Х.Нэргүйн хэлж буйгаар аймшигт хэрэг үйлдсэн гэх Б.Ханбаатарын ар гэрийнхэн ч хохирогч бүсгүйн ар гэрийнхэнтэй холбоо баридаггүй, тусламж үзүүлдэггүй аж. Энэ мэт нам дагаж төрийн өндөр албанд сууж дарга сэтэр зүүж эмэгтэй албан хаагчидтай ёс бус харьцдаг албан хаагчид олон нийт ил болж байгаа нь Б.Ханбаатар, Г.Ариунболд нар боловч цаана хичнээн Б.Ханбаатар, Г.Ариунболд байгааг бид мэдэхгүй. Тиймээс намын нэрээр төрийн албанд орох иргэдийг босгийг өндөрсгөх шаардлагатай юм.
Хэрэгт сэжигтэнээр татагдсан Б.Ханбаатар, Г.Ариунболд нар хоёр хоёр өмгөөлөгч авчээ. Нутгийн иргэд хэрэг гарсаны дараах нь Г.Ариунболдыг ихээхэн хэмжээний зээл хөөцөлдөж байгаа талаар ярьж байсан. Тэгвэл тэд хохирогч бүсгүйд туслахын тулд бус өөрсдийгөө өмгөөлөхын тулд хоёр хоёр өмгөөлөгчид авч мөнгө зарцуулсан бололтой. Хоёр өмгөөлөгч аваад нэмэргүй ч хуулийн өмнө хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэхийг олон нийт харж байгаа. Түүнчлэн уг хэргийг эхлүүлэх үндсийг тавьсан гэх Г.Ариунболд нь гэрч болсон аж. Тиймээс ар гэрийнхэн шалгах хүсэлт гаргасан байна. Харин Б.Ханбаатарт холбогдох хэрэг энэ долоо хоногт прокурорт шилжинэ гэсэн.