8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар завсарлага авч, Машин ачих шинэ журам мөрдөгдөж эхэлсэн өдөр

2017-09-06 18:55:00

"Юуг ч маргааш гэж бүү хойшлуул. Энэ нь цаг хугацааны үнэ цэнийг мэддэг хүний давуу тал” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ таны хувьд цаг хугацааны хувь үнэ цэнэтэй нэг өдөр байсан гэдэгт найдаж байна. Өнөөдөр улс эх оронд болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Т.Аюурсайхан: Ж.Мөнхбатын хамаарал бүхий компанид 162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын ээлжит бус чуулганаас гарч ирсэнийхээ дараа мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ  “Дэгийн тухай хуулиар 7 хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой. Уг хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Ээлжит бус чуулганыг зөвхөн тодорхой асуудлаар зарлана гэж УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг  30 гаруй гишүүний тавьсан саналын дагуу хуралдуулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд болон Шадар сайдын бие биенийгээ тагнасан чагнасан гэх асуудал бол нийт 30 гишүүний огцруулах саналд огт байхгүйг хэлье. Ямар шалтгаанаар огцруулах болсон бэ гэвэл. Хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн.
1.    концесс. Өмнөх Засгийн газрын үед гэж байгаа гэхдээ нэгдмэл ашиг сонирхолтой Засгийн газрын гишүүдийн аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын концессын эрхийг өгсөн. Өмнө нь өөр аж ахуй нэгжид өгсөн байсан концессыг булааж авч зогсохгүй төсөвт өртгийг нь олон тэрбумаар өсгөсөн.
2.    Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын “МАК” компанид  78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатын хамаарал бүхий “Засаг чандмань майз” компанитай  162 тэрбум 169 сая 200 мянган төгрөгийн концессын эрх олгосон тухай асуудал юм.
3.    Төсвийн хууль болоод ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчсөн. Хүүхдийн мөнгө дээр Төсвийн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Засгийн газар анх хүүхдийн мөнгөнд босго тогтоож олгоно гэсэн. Дараа нь тодорхой босгоос зөвхөн доош өгнө гэсэн. Сонгуулийн өмнө төсөвт суулгалгүйгээр бүх хүүхдэд өгсөн гэтэл одоо бүх хүүхдэд мөнгө өгөх боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.Мөн “Эрдэнэс Тавантолгой” бол эдийн засгийн 5.3 хувийг хангаж байгаа гол обьектуудын нэг нь юм. Ерөнхий сайд 4-р сард 2017 оны эдийн засгийн өсөлт -0.2 байна гэж хэлж байсан. Үүний улмаас 7 төрлийн татварыг нэмж, тэтгэвэрийн насыг нэмсэн. Гэтэл эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна. Эрдэнэс Тавантолгойг бусдад борлуулах, бүрэн ашиглахыг завдсан. ҮҮнийг хийхдээ олон улсын Гэрээний тухай хуульд өөрчлөлт хийж, өөрөөр хэлбэл УИХ Үндсэн хуульд заасныхаа дагуу Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах эрхийг нь хасч, үүний дараа УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн 49 хувийг гадны этгээдэд 400 сая ам.доллараар худалдах буюу борлуулах гэрээ хэлэлцээрийг хийхийг завдсаныг УИХ дээр бид зогсоосон. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Намын бүлэг дээр олонхи хурал авахгүй гэж шийдвэрлэсэн” гэв. 

Д.Эрдэнэбат: 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр хуралдаж МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдаан завсарласны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр  "Өнөөдөр Засгийн газрын асуудлыг хэлэлцэх эцсийн өдөр юм. Тиймээс Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой.  МАН-ын бүлгийн дарга хийсэн мэдэгдэлдээ Олонхийн бүлгийн хэсэг гишүүд АН-ын бүлэгтэй хамтарч, Засаг унагаах гэж байна хэмээн туйлийн хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Бид энэ асуудлаар байр сууриа өмнө нь илэрхийлсэн.65 гишүүнтэй бүлэг Засгийн газраа хэрхэх нь өөрийн дотоод асуудал.  Сөрөг хүчинд ямар ч хамаагүй гэж улс төрийн байр  сууриа тодорхой илэрхийлсэн. Бид энэ байр суурин дээрээ одоо ч байгаа. Үндсэн хуульд заасанд 15 хоногийн хугацаа хэтэрвэл УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн болно" гэв.  

Дэлхийн аваргын медальтнууд маргааш эх орондоо ирнэ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөлөө. Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэйгээр амжилттай оролцсон. Тодруулбал нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарлаа. Тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна. 

Д.Хаянхярваа: Би ямар нэгэн хууль зөрчөөгүй

Өнөөдрийн ээлжит бус чуулган завсарласаны дараагаар УИХ-ын Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан хэлэхдээ "МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа завсарлага авах эрхгүй. Бүлгийнхээ шийдвэрийг зөрчиж байна. Хууль зөрчсөн үйлдлийг даган дуурайх хэрэггүй. УИХ-ын дарга Үндсэн хуулийг зөрчлөө. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын хоорондын маргаан Засгийг огцруулах асуудалд огт хамаагүй. 30 гишүүдийг гүтгэж доромжилж, худалдаж авах ажиллагаа явуулж байна" хэмээн хэлсэн. Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган завсарлуулсантай холбоотойгоор МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ "Өчигдөр бид бүлгээ хоёр удаа дуудаж хуралдуулсан. Нөгөө бүлэг маань орохгүй гээд ирээгүй. Засгийг огцруулах асуудал хурдсах болсон нь Ерөнхий сайд, Шадар сайд хоёрын хоорондох асуудлаас үүдэлтэй. Энэ хэргийг нэг тийш нь шийдэх ёстой гэдгийг хатуу анхааруулж байгаа. Ер нь цаашдаа тагнасан чагнасан гэх асуудлуудыг нэг тийш нь болгохгүй бол улс төрчид хэн нь юу хийгээд байгааг ойлгохгүй болоод байна. Тусгай албад нь өөрсдөө үүрэг даалгавар өгч байгаа юм уу, хэн нэгэн нь зохиомлоор хийлгээд байна уу, гэх мэт хэн нь мэдэгдэхгүй яваад бүр сүүлдээ зөвхөн нам хоорондоо ч биш, иргэд, улс төрчдийг хооронд нь хагаралдуулж буй ийм аймшигтай зүйл болоод байна. Одоо тусгай хяналтын дэд хорооноос мэдээллийг сонсотлоо завсарлага авъя. Би ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж бодож байна. Бүлэг гэдэг бол олонхоороо гаргасан шийдвэрийг л хэлдэг. Өчигдөр бүлэг дээр бид нар энэ асуудлаар биш бага хурлаа засгийн газар огцруулахаас өмнө хэлэлцэх үү дараа хэлэлцэх үү гэдгээр санал асуулга аваад үгүй гэсэн. Өчигдөр эд нар ирээгүй учраас бүлэг дээр ярьсан зүйлийг мэдэхгүй байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр тусгай хяналтын дэд хороо хуралдчихвал асуудал дор нь шийдэгдэнэ" хэмээн хэллээ. 

Машин ачих шинэ журам мөрдөгдөж эхэлжээ

Авто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлаж эхэлсэн билээ. Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд нааж байгаа бөгөөд уг наалт байхгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй юм. 

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 215 газар өмчлүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2017 оны наймдугаар сарын 1-ны өдрийн А/655 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 27 иргэнд, Сүхбаатар дүүргийн 11 иргэнд,Чингэлтэй дүүргийн 13 иргэнд, Хан-Уул дүүргийн 15 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 147 иргэнд нийт 215 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. Өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилсөн 66 иргэний дахин газар өмчлөх эрхийг нээж өглөө. Мөн нийслэлийн Засаг даргын 2017 оны 9 дугаар сарын 1-ны өдрийн А/654 дүгээр захирамжаар нийслэлийн зуслангийн бүсэд газар эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 36 иргэнд,Чингэлтэй дүүргийн 32 иргэнд нийт 68 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ. 

МАН-ын Удирдлагууд хүч түрэн завсарлага авсан уу

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч санаанд оромжгүй шийдвэр гарав. МАН-ын бүлэг завсарлага авлаа. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар хүч түрэн завсарлага авсан гэхэд болно. 

Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхийг намайг тагнаж чагнасан гэж буруутгаж байна. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлаар мэдээлэл сонсоё гэсэн санал гаргаж байна” гэв.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор мэдээллийг сонсох нь зүйтэй. Энэ асуудлыг нэг талд нь шийдэж, тагнасан чагнасан гэж байгаа хоёр хүний хэн нь гэм буруутайг тогтоох ёстой. Хуулийн байгууллагын шалгаж буй мөрдөн байцаалтын дотоод асуудалд оролцох гэж байгаа юм биш. Гэхдээ УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор энэ асуудлыг сонссоны дараа Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэх нь зүйтэй. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Бүлгийн даргын саналыг хүлээн авч завсарлага өглөө. Яг л зохион байгуулсан юм шиг. УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авч буйд бүлгийнх нь зарим гишүүн эсэргүүцэж байгаа илэрхийлсээр байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment