25o
Улаанбаатар хот
mobile menu

“Гацуурт”-ыг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ

2016-01-13 22:55:00

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.01.13/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан юм. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 53, найруулгын чанартай 21 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Харин Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Тус байнгын хорооноос Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй тул төсөл санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах зарчмын санал гаргасан нь дэмжигдлээ. Харин уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр банкны баталгаанд байгаа компанийн байршуулсан мөнгөнд банк гэрээ байгуулан хүү тооцдог болох асуудлыг судалж үзэхийг Эдийн засгийн байнгын хороонд санал болгосон нь хэлэлцэж буй асуудалтай холбоогүй хэдий ч энэ асуудлыг байнгын хороо анхааралдаа авах нь зүйтэй гэж үзээд ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтов.

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, С.Одонтуяа, А.Тлейхан, Ч.Улаан нар төслийн 2 дугаар зүйлийг “Төслийн 1 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг Засгийн газарт даалгах” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч төсөл санаачлагчдын нэг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулган хүртэл хойшлуулах горимын санал гаргасныг дэмжсэнээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөөгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment