УИХ-ын элжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг танхимын хамт огцруулах эсэхийг хэлэлцэж байгаа билээ. Тус чуулганд үг хэлж буй гишүүд олон янзын байр суурь илэрхийлж байна. Ингээд УИХ-ын гишүүдийн үгийг үргэлжлүүлэн хүргэе.
Ч.Хүрэлбаатар: Улстөрч хүний хувьд ард түмний итгэл байдаг. Ард түмнийхээ итгэлийг алдсан улстөрч улс төрийн тавцангаас арчигддаг. Ард түмний итгэлийг алдсан Засгийн газар улс орныхоо эрх ашгийг хохироодог. 2016 онд ард түмэнд бидэнд маш их итгэсэн. Энэ их итгэл өнөөдөр алга болжээ. Хумхын тоос мэт. Засгийн газрын буруугаас болж энэ итгэл алга болсон. Шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус, тодорхойгүй, эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Энэ Засгийн газар Монгол Улсын эрх ашиг, ард түмний төлөө зүтгэх ёстой байсан. Харамсалтай нь энэ Засгийн газар хэдэн сайд нарынхаа төлөө, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Ингэж төрийн ажлыг хийдэг засгийн газрыг би энэ амьдралдаа үзээгүй. Сайд нартаа концессын гэрээ өгчихөөд сууж байж болдог юм уу. Дарга нарын компанид төсвийн мөнгө очиж байна. Төрийн албан хаагчдыг дотор нь хуваагаад хаячихсан. Ингэж Монгол төрийн ажлыг хийж болохгүй ээ. Энэ бүгдийг хажуугаар бид нүдээ аниад, нэгнийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Болно л доо. Гэхдээ ард түмэн маргааш бидний дал мөрийг алгадахгүй, харин хөлийг хавсарч унагах болно. Элдэв бусаараа дуудуулан байж 31 гишүүн гарын үсэг зурсан. АН-тай хамтарсан юм байхгүй.
Н.Номтойбаяр: Би Засгийн газрын гишүүн болсноороо 1000 гаруй ажилтантай компаниа хаах байсан юм уу. Ашиг сонирхлын зөрчилтэй гэх юм. Надад лав тийм юм байхгүй. Монгол Улсаа хөгжүүлэх нэг л зорилготой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжлээд л байсан. Ажлын байр нэмэгдэж, Хятадаас цемент авахаа больсон шүү дээ. Сайдын 17 суудалд 65-уулаа багтахгүй учраас л өнөөдөр засгаа огцруулах асуудлыг сөхөж байгаа нь үнэн. Юу үнэн, тэр үнэн.