Өчигдөр Монгол Улсын Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Ээлжит бус чуулган хуралдаж байхад УИХ-ын гишүүн Ж.Батзандан ийнхүү хэлсэн байна. Тэрбээр "65 суудалтай эрх баригч нам Засгийн газартайгаа хариуцлага тооцох эсэх нь МАН-ын асуудал. Анх би Ерөнхий сайдад хатуу хэлж байсан. Хамгийн түрүүнд ТЕГ, ЦЕГ-ын даргаа солиорой, гүйцэтгэх ажил хийдэг боллоо гэж хэлж байсан. Бүтэн жил сольж чадахгүй байсаар Монголын улстөрчдийг хагаралдуулдаг, чагнадаг, тагнадаг ажлыг тэд хийдэг юм. Ц.Элбэгдорж болон түүний найзууд энэ тогтолцоог бий болгосон. Гэтэл үүнийг цэгцэлж чадахгүй явсаар тэдний хавханд нь ороод, өөрсдөө одоо түүндээ унаж байна.
Тагнаж чагнасан бол ноцтой асуудал шүү дээ. Гэтэл Шадар сайд өөрийгөө тагнасан гэсэн дүгнэлт гаргах гээд Тусгай хяналтын дэд хороог шахаад сууж байна. Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ.
Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ концессыг хийсэн гэж яриад байгаа. Гэтэл нэгээс бусдыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан. Энэ бол увайгүй үйлдэл" хэмээн хэлсэн байна.