8o
Улаанбаатар хот
mobile menu

24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг зогсоожээ

2017-09-08 15:06:01

НМХГ-аас рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 58 шүдний эмнэлэгт шалгалт хийж, өнөөдөр үр дүнг танилцууллаа.

Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Сандаг-Очир“Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлсэн. Дээрх зөрчил дутагдлыг арилгуулахаар 28 байгууллагад 220 заалттай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээ.Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллагын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоосон. Холбогдох 18 албан тушаалтанд нийт 15,840,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа” гэсэн юм.

Шалгалтын явцад дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

  • Цацрагийн үүсгүүрийг тусгай зөвшөөрөлгүй ашигласан
  • Цацрагтай холбогдсон үйл ажиллагааны онцлогт тохирсон байгууллагын цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрмийг мөрдөж ажилладаггүй
  • Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөгүй
  • Цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй, дотоод хяналтын ажилтанг тушаалаар томилоогүй
  • Цацрагтай ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт болон мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулаагүй
  • Рентген шинжилгээ хийгдэж байгаа үед дотоод хяналт тавьдаггүй
  • Цацрагийн анхааруулах тэмдэг, санамж байхгүй, рентген шинжилгээний үед шинжлүүлэгчийн авсан тунгийн хэмжээ, техникийн өгөгдлүүдийг журналд тэмдэглээгүй
  • Өвчтөн асран хамгаалагчийг цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагууд нь цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг мөрдөж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлтэйгөөр ашиглах, ашиглаж буй рентген аппарат, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийлгэж, чанарын шаардлага хангасан рентген аппаратаар оношилгоо хийж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй байхыг НМХГ-аас анхааруулсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл