8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Засгийн газраа огцруулж, О.Баасанхүү гишүүн С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцахаар болсон өдөр

2017-09-08 18:27:00

Намрын сэрүүн орсон энэ өдрүүдэд нийгэм улс төрийн амьдралд нэлээд ширүүн, халуун уур амьсгалтай байлаа. Учир нь МАН-ын бүлэг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо, УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаж өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Засгийн газрыг огцруулсан юм. Монгол Улс сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигдсон үйл явдалтайгаар 7 хоног өнгөрч байна.

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр эрхэм уншигч таны энэ 7 хоногт хийхээр төлөвлөсөн ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Амралтын өдрөөр гэр бүлийнхэнтэй өнгөрүүлж ирэх 7 хоногийг эрч хүчээр дүүрэн угтаарай. Өнөөдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

 1.2 жилийн настай Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад хэлсэн онцлох ишлэлүүд

МАН-ын нэр бүхийн 30 гишүүний  Засгийн газрын огцруулах албан бичгийг өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган хоёр хоногийн өмнө нээлтээ хийж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Өчигдөр өглөө Тусгай хяналтын дэд өглөөний 08.30 минутаас хуралдаж, өдөр 15.00 цагийн үед тарсан. Түүний дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн Газар буюу Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрууллаа. Тодруулбал, 16.00 цагт эхэлсэн чуулганы хуралдаан дээрх асуудлыг хэлэлцэж 21.40 минутанд санал хураалт явагдлаа. Санал хураахад нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ийнхүү огцруулсан юм.Ийнхүү 1.2 настай  Мэргэжлийн Засгийн Газрыг огцруулахад гишүүдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм

  •  Би энэ улс төрд 25 жил болсон. Хамгийн хүнд шийдвэр нь энэ байлаа. 
  • Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай гэдгийг хэлж байсан.
  • Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа монголын намуудыг самарсан даа.  АН-ынхан баярлаад байх юм байхгүй

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү

  • Усан бороо их орсон намар орой ургац хүнд байгаа эгзэгтэй үед Засгийн газрын тухай асуудал яригдаж байгаа юм байна.  Энэ Засгийн газар байсан байгаагүй ч ямар ч нэмэргүй. 
  •  Дараагийн томилгоонд та бүхний энэ намын хэрүүл чинь намаа биш, Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаж ирээрэй.  Хэрүүл хийгээд засгаа хоосон байлгаад байх юм бол та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. 
  • Хэрвээ оффшор данстай, зөвхөн хувь ашиг, ах дүү төрөл саднаа боддог хүнийг томилвол би энэ ордноос чинь гарахгүй хашгирна шүү. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ их итгэл өнөөдөр алга болжээ. Хумхын тоос мэт

  • Ард түмнийхээ итгэлийг алдсан улстөрч улс төрийн тавцангаас арчигддаг. Ард түмний итгэлийг алдсан Засгийн газар улс орныхоо эрх ашгийг хохироодог.
  •  2016 онд ард түмэнд бидэнд маш их итгэсэн. Энэ их итгэл өнөөдөр алга болжээ. Хумхын тоос мэт. 
  • Шийдвэр гаргахдаа мэргэжлийн бус, тодорхойгүй, эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 
  • Энэ бүгдийг хажуугаар бид нүдээ аниад, нэгнийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Болно л доо. Гэхдээ ард түмэн маргааш бидний дал мөрийг алгадахгүй, харин хөлийг хавсарч унагах болно. 

УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат: Өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ

  •  Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-гийн далбаан дор нуугдсан өр нэмэх сонголтыг хийсэн.
  • 2016 оны 6 дугаар сард 22.5 тэрбум ам.доллар байсан өр 24.9 тэрбум ам.доллар болж, 1.4 тэрбумаар нэмэгдлээ. 
  • ОУВС-гаар халхавчлан ард түмэн, улсад ач тусгүй олон шийдвэрийг гаргасан учраас огцрох ёстой хэмээн хэллээ. 
  • Эр хүний жудаг нь хаачив, эр хүний ноён нуруу нь хаана очоод хугарчихсан бэ. 
  • Хуурмаг улс төртэй, хуурамч улс төрчдөд ард түмэн яаж итгэх юм бэ.  Нам дотроо амь нэг байж чадахгүй юм бол ард түмэнтэй яаж амь нэг байх юм бэ. 

 УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ

  • Анх ТЕГ, ЦЕГ-ын даргаа солиорой, гүйцэтгэх ажил хийдэг боллоо гэж хэлж байсан. Бүтэн жил сольж чадахгүй байсаар Монголын улстөрчдийг хагаралдуулдаг, чагнадаг, тагнадаг ажлыг тэд хийдэг юм. Ц.Элбэгдорж болон түүний найзууд энэ тогтолцоог бий болгосон.
  • Шадар сайд өөрийгөө тагнасан гэсэн дүгнэлт гаргах гээд Тусгай хяналтын дэд хороог шахаад сууж байна.
  • Ерөнхий сайд буруугүй, У.Хүрэлсүх нь буруутай гэж шүүхийн шийдвэр гараагүй байхад тогтоох гээд, яллах гээд байж таарахгүй ээ.
  • Н.Алтанхуяг болон Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ концессыг хийсэн гэж яриад байгаа. Гэтэл нэгээс бусдыг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулсан. Энэ бол увайгүй үйлдэл.

УИХ-ын гишүүн Лу.Болд: Энэ бол тэр 60 тэрбумын л балаг

  • Засгийн газар огцрох гурван үндэслэл байгаа. Нэгдүгээрт, 807 тэрбумын концессын гэрээ байгаа. Энэ бол сонгуулийн өмнө гарсан 60 тэрбумын бичлэгийн эхний нотолгоо гэж харж байгаа. Хууль бус албан тушаалын томилгоо. Энэ бол тэр 60 тэрбумын л балаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Концессын гэрээ нууц байдлаар хийгдсэн

  •  Ер нь бид том худлаа хэлэх, том луйвар хийхийг хэдий болтол намын эрх ашиг, эв нэгдэл гэдгээр хаацайлах юм бэ.
  • Засгийн газрын зэс цухуйж огцрох байдалд тулаад байгаа юм. 300 гаруй тэрбумаар нь аймаг бүрт нэг цэцэрлэг, сургууль байгуулж хүрэлцэх мөнгө шүү дээ.
  • Сайд нарынхаа халаасыг зузаалахад ямар их мөнгө шийдэж өгдөг юм бэ. Концессын гэрээ нууц байдлаар хийгдсэн. Энэ бол том хулгай гэж хэлж болно.
  • Дубайн гэрээг засах талаар ямар ч ажил хийгээгүй. Түүгээр ч зогсохгүй, Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөхөөр оруулж ирж байсан. 

УИХ-ын гишүүн Д.Ганболд: Тэр хүмүүсээ зайлуул л даа.

  • 65 гишүүн минь ээ, ний нуугүй хэлэхэд та бүхэн маань төрийн албанд бүгд л ах дүү, хамаатан саднаа гуйж оруулсан шүү. Тэгээд төрийн албаа муутгасан шүү.
  • Тэгвэл тэр хүмүүсээ зайлуул л даа.  Тийм байж Засгийн газрын хэдхэн хүнээ чичлэх шаардлагагүй шүү. 
  • Би засаг огцруулах ёстой, ёсгүй гэхгүй. Ямар ч Засгийн газар гарсан нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Энийгээ сайн бодоорой!"

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон

  • Наанаа нам нам гэж ярьж байгаа ч цаанаа өөр намтай нэгдээд хуулийн байгууллагыг авсан ийм байдлыг эсэргүүцэж гарын үсэг зурсан.
  • Нийгэм өөрчлөгдөж, улс төр хоцорч байна.  Бид буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх ёстой.
  • 2000 оноос хойш 65 суудлын эрх мэдэл манай намд ирсэн.  Наадмын өмнө 49 хувьтай байсан намын ритенг 13 хувь болсон

Reuters: Монгол Улс сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигджээ

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Монгол Улсын Засгийн Газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Энэ талаар Reuters агентлэг мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд Монголын парламент Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан байна. Энэ нь долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН нам ялагдсаны дараа гарч буй улстөрийн томоохон шийдвэр юм” гэсэн байна. Мөн тус агентлаг манай улсын талаар бичихдээ “Монгол Улс ОХУ болон БНХАУ-ын хооронд оршдог хүн ам цөөнтэй эрдэс баялаг ихтэй улс. Тус улсын Ерөнхий сайд нь 4 жилийн хугацаагаар томилогддог. УИХ-ын ээлжит бус чуулганы үееэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ  улс орон нь сүүлийн 25 жил 13 удаа Засгийн газар солигдсоныг онцолж хэлсэн байна. 

Эх сурвалж: Reuters

Ц.Нямдорж: Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хурал үргэлжилж байна. Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ц.Нямдорж үг хэллээ. Тэрбээр "Би энэ улс төрд 25 жил болсон юм. Би монголын ирээдүйг бодож ийм хүнд шийдвэр гаргасан юм. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай гэдгийг хэлж байсан. Миний хэлэх гэсэн зүйл бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа монголын намуудыг самарсан даа. 2013 онд АН-ыг самарч, Н.Алтанхуягийн Засгийг огцруулж байсан юм. Тэр явдал явсаар ийм байдалд хүргэж байгаа юм. Монголын хууль төрийн байгууллага улс төрийн цагдаа болсон шүү дээ. Би шударга ёсны тэмцэл, олгирахи, бүлэглэлийн эрх ашгийн тэмцлийн төлөө  тэмцэж байгаа минь энэ юм шүү. Ийм байдлаас гаръя гэсэн хүмүүсийн үйлдэл гэж ойлгож байна. Энэ Засгийн газрыг огцруулах баримт бичигт гарын үсэгт зурахдаа ХХБ-ны талаар УИХ-аас гарсан шийдвэрийг огт хэрэгжүүлэхгүй байгааг нь бодож зурсан юм. АН-ынхан баярлаад байх юм байхгүй" хэмээн хэллээ. 

Р.Содхүү даргын хууль бус үйлдэлийг илчилсэн хоёр иргэнийг саатуулжээ

Хэд хоногийн өмнө  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг өөрийн хамаатан гэх 17 хүнийг ажилд авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын  ажилтнууд ил болгож, Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар гомдол гаргаад байсан билээ. Тэгвэл Р.Содхүү даргатай холбоотой мэдээллийг илчилсэн хоёр иргэнийг саатуулсан байна. Харин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-ын дарга Р.Содхүүг  цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Мөн нэр дурьдагдсан 17 хүнээс мэдүүлэг авч байгаа аж. 

ТАНИЛЦ: Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн нэрс

Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг авч хэлэлцсэн санал хураалтад оролцсон гишүүдээс дээрх саналыг дэмжихгүй хэмээн 41 гишүүн эсрэг кноп дарж 57.5 хувийн саналаар Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан юм. Ингээд засгийн гаүрыг огцруулахыг дэмжсэн бөгөөд дэмжээгүй гишүүдийн нэртэй танилцана уу.

Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:

  1. Т.Аюурсайхан
  2. С.Батболд
  3. Ж.Батзандан
  4. Б.Батзориг
  5. О.Батнасан
  6. Б.Баттөмөр
  7. Л.Болд
  8. Х.Болорчулуун
  9. Ж.Ганбаатар
  10. Д.Гантулга
  11. Ц.Гарамжав
  12. Ц.Даваасүрэн
  13. Д.Дамба-Очир
  14. Б.Жавхлан
  15. С.Жавхлан
  16. Г.Занданшатар
  17. Д.Мурат
  18. З.Нарантуяа
  19. Х.Нямбаатар
  20. Ц.Нямдорж
  21. М.Оюунчимэг
  22. Л.Оюун-Эрдэнэ
  23. Б.Пүрэвдорж
  24. Ш.Раднаасэд
  25. Я.Санжмятав
  26. Д.Сарангэрэл
  27. Я.Содбаатар
  28. Г.Солтан
  29. Д.Сумьяабазар
  30. А.Сүхбат
  31. Д.Тогтохсүрэн
  32. Ч.Улаан
  33. Ч.Хүрэлбаатар
  34. Д.Цогтбаатар
  35. С.Чинзориг
  36. Л.Элдэв-Очир
  37. Ж.Энхбаяр
  38. Л.Энхболд
  39. Б.Энх-Амгалан
  40. С.Эрдэнэ
  41. Д.Эрдэнэбат

 
Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:
 

  1. Н.Амарзаяа
  2. Ё.Баатарбилэг
  3. Х.Баделхан
  4. Б.Бат-Эрдэнэ
  5. Ж.Бат-Эрдэнэ
  6. М.Билэгт
  7. С.Бямбацогт
  8. Д.Ганболд
  9. Б.Дэлгэрсайхан
  10. Д.Лүндээжанцан
  11. Л.Мөнхбаатар
  12. Ж.Мөнхбат
  13. Г.Мөнхцэцэг
  14. Ц.Мөнх-Оргил
  15. Н.Номтойбаяр
  16. Н.Оюундарь
  17. Д.Оюунхорол
  18. Б.Саранчимэг
  19. О.Содбилэг
  20. Г.Тэмүүлэн
  21. Б.Ундармаа
  22. А.Ундраа
  23. Д.Хаянхярваа
  24. Ц.Цогзолмаа
  25. Н.Цэрэнбат
  26. Б.Чойжилсүрэн
  27. М.Энхболд
  28. Н.Энхболд
  29. Ө.Энхтүвшин
  30. Л.Энх-Амгалан
  31. Ж.Эрдэнэбат

Дараагийн засгийн газрыг 30 хоногийн дотор томилно

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан билээ.  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно" гэж заажээ. Тиймээс хуулийн дагуу дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох  юм байна.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Олон Улсын парламентийн төлөөлөгчидтэй уулзахаар болжээ. Уулзалт ирэх ням гарагт болох юм байна.  Олон Улсын парламентийн төлөөлөгчид С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн асуудлаар илтгэл тавих юм байна. Уулзалтад С.Зориг агсны ар гэрийнхэн болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн албаны зарим хүмүүс оролцох аж. Уулзалт болох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү ШЕЗ-ийн дарга Д.Лүндэндоржид С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлжээ.  Улмаар сарын өмнө гаргасан О.Баасанхүү гишүүний хүсэлтэд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хариу өгөх юм байна. Хэрвээ хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн хавтаст хэрэгтэй танилцана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment