"Херо Энтертаймент” студийн онц ноцтой бичлэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр алдагдаж нэлээд дуулиан дэгдээгээд байсан. Бичлэг алдагдсан тухай "Херо Энтертаймент” студийн захирал Л.Баатар мэдээлэл хийж цагдаагийн байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Маш нарийн зохион байгуулалтай дүрс бичлэг цацаж байгаа нь илт харагдаж байна. Бид та бүхэнд хүрэхээс хоёр, гурав хоног л устгах гэж 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багаараа ажлаад дийлсэнгүй. Youtube, Facebook-рүү утасдаж устгуулахаар байнга ярьж байгаа ч эргээд өөр акаунтаас ороод ирдэг. Манай сервер тийм ч амархан халдлагад өртөх газар биш. Цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гээд холбогдох бүх газруудад яаралтай арга хэмжээ авч, илрүүлж өгөхийг хүсэж байна. Цахим гэмт хэрэг гэдэг хэзээд ул мөр үлддэг учир удахгүй илрэх байх гэж найдаж байна" гэсэн юм. Тэгвэл өчигдөр ЦЕГ мэдээлэл хийсэн бөгөөд энэ хэргийн талаар мөн мэдээлэл өгчээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийх үеэр "Херо Энтертаймент-ийн захирал Б.Баатар архивынх нь бичлэг алдагдсныг шалгуулах хүсэлтээ одоог хүртэл өгөөгүй байна. Хүсэлт өгсөн, өгөөгүй цахим сүлжээгээр гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цацагдсан учраас шалгалтын ажиллагаа явуулна" гэсэн юм. Шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан Л.Баатар юуны учир цагдаагийн байгууллагад хандаагүй байгаа нь хачирхалтай.