8o
Улаанбаатар хот
mobile menu

Мизүхо Сасаки: Намайг Монголд очоод Асашёорү, Хакухо шиг нэрээ дуурсгасан сайн тамирчин болоорой гэж захисан

2017-09-11 09:17:00

Манай улсад хоёр жилийн өмнө ирсэн хөлбөмбөгийн легионар тамирчин Мизүхо Сасакитай ярилцлаа. Тэрбээр энэ жил "Сэлэнгэпресс" багтай гэрээ байгуулан тоглож байгаа аж. Түүнтэй Монголд ирсэн шалтгаан болон Монголын хөлбөмбөгийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Та Монголд анх хэдэн онд ирсэн бэ. Ямар багтай анх гэрээ хийж ирэв?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би анх хоёр жилийн өмнө  Монголд ирсэн. 2014 оноос эхлээд би Японы хөлбөмбөгийн багт тоглодог  байсан юм.  Тухайн үед  “Эф Си Улаанбаатар” багийн Япон дасгалжуулагч нь намайг Монголд ирж тоглохыг урьсан. Тэгээд би “Эф Си Улаанбаатар” багтай нэг жилийн гэрээ хийж, Монголд ирсэн.  Ирсэн жил  “Эф Си Улаанбаатар” баг хүрхрээ дээд лигээс мөнгөн медаль авсан амжилт үзүүлсэн.

-Энэ жил та Сэлэнгэпресс багт тоглож байгаа. Яагаад багаа солих болов?
-2016 онд багаа солих сонголт хийсэн. Анх Монголд ирж байхдаа “Эф Си Улаанбаатар” багтай нэг жилийн гэрээтэй ирсэн. Тэгээд 2016 онд гэрээ дууссан. Гэрээгээ сунгах уу, яах вэ гээд бодож байтал “Сэлэнгэпресс” багийн Япон дасгалжуулагч надад багтаа ирж тоглох санал тавиад энэ багт тоглохоор болсон.

-Та хэдэн оноос хойш хөлбөмбөг тоглож байна. Ер нь яагаад Монголыг сонгож ирэв?

-Би 9 настайгаасаа эхэлж  хөлбөмбөгөөр хичээллэсэн. Хичээллэж эхлээд  21 жил болж байна. Хөлбөмбөгт маш их хайртай учраас энэ спортыг сонгосон. Би Японд байхдаа нэг хэсэг ажил хийж байсан. Хөлбөмбөгт хайртай учраас дахин хөлбөмбөгөөр хичээллэж, тоглож эхэлсэн. “Эф Си Улаанбаатар” багийн Япон дасгалжуулагч “Намайг сайн тоглож байна. Монголд ирж тоглохыг урьж байна” гэсэн учраас бодож байгаад ийм шийдвэр гаргасан.

-Японы хөлбөмбөгчид болон манай улсын хөлбөмбөгчдийн ялгаа юу байна. Манай тамирчдын давуу болон сул тал юу байна?

-Япон улсын тамирчид техник талдаа маш сайн. Мөн багийн тоглолт маш сайн. Харин Монголын баг тамирчдын багийн тоглолт жоохон сул талдаа. Харин тамирчид нь биеийн хүч маш сайн. Цаашдаа баг хамт олноороо сэтгэл нэгдэж сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна.

-Танай баг Эрдэнэт хотод очиж /2017.09.09/ тоглолт  хийх гэж байгаа гэж сонссон. Ямар багтай тоглолт хийхээр явж байна. Та Эрдэнэт хотод анх удаа очиж байна уу?

-Би Эрдэнэт хотод хоёр дахь удаагаа очих гэж байна. Эрдэнэтэд очоод Монголын бас нэг хүчтэй баг болох “Хангарьд Эф Си” багтай тоглолт хийнэ. Эрдэнэт маш сайхан хот байсан. Хүмүүс нь бас сайхан сэтгэлтэй. Нэг жилийн өмнө “Сэлэнгэпресс” багтайгаа Багануур хотод очиж тоглолт хийсэн. Багануур хот маш жижиг хот байсан. Харин хүмүүс нь маш сайхан сэтгэлтэй. Цаашдаа монголын өөр хотууд болон үзэсгэлэнтэй газруудад очих хүсэлтэй байгаа.

Монгол Улсад Япон  улсын 20 гаруй легионар тамирчин тоглож байна

-Монголд гаднаас ирсэн 40 гаруй легионер  тамирчин байгаа гэсэн. Эдгээр тамирчдын ихэнхи нь Японоос ирсэн гэж сонссон. Та Япон тамирчидтайгаа хэр ойр дотно байдаг вэ?

-2012 онд анх Япон тамирчин ирж, “Эрчим” багт тоглож байсан. Үүнээс хойш нэлээдгүй Япон тамирчин ирж монголын багуудад тоглож байна. 2015 онд намайг монголд ирэхэд манай багт 8 Япон тамирчин байсан. Өөр багт манай улсаас ирсэн тамирчин байгаагүй. Нэг жилийн өмнө “Эрчим” баг  2 Япон тамирчин авсан. Харин энэ жил Монгол Улсад манай улсын 20 гаруй тамирчин тоглож байна. Өнгөрсөн бүтэн сайн өдөр Монголын шигшээ багтай Легионеруудын баг тоглолт хийсэн.  Тэр үеэр гаднаас ирсэн тамирчид монголын хөлбөмбөгчдийн талаар ярихдаа “монголын хөлбөмбөгчид сэтгэлийн хаттай, биеийн хүч маш сайн бас хурдтай” гэж ярьж байсан. Манай Япон баг бол багаараа сайн тоглохыг хичээдэг. Монголын тамирчид багаараа сайн тогловол маш их хүчтэй баг болж сайн тоглолт үзүүлэх талаар Япон тамирчид ярьж байсан.

-Таныг 2015 онд Монголд ирж байхад манай улсын хөлбөмбөгийн хөгжил хэр байсан. Хоёр жилийн хугацаанд хэр өөрчлөгдөж байна вэ?

-Би Монголд ирэхээсээ өмнө Монголын хөлбөмбөгчид тийм сайн тоглодоггүй байх гэсэн бодолтой байсан. Тухайн үед манай дасгалжуулагч сайн тамирчин, сайн баг байгаа гэж хэлж байсан. Намайг ирснээс хойш баг болон тамирчид маш сайн тоглолт үзүүлж хурдацтай хөгжиж байгаа. Цаашдаа илүү сайн болох байх.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүрхрээ” дээд лигийн шагналын санг 120 сая төгрөг болгож, Үндэсний үйлдвэрлэгч “Арвайн үндэс” ХХК ивээн тэтгэж байна. Шагналын сангийн талаар та хэр бодолтой байна?

-Хөрөнгө оруулалт маш сайн байгаа. Үүнийг дагаад  тоглогчдын сэтгэл маш өөдрөг болж, сайн тоглолтуудыг үзүүлж байгаа. Ивээн тэтгэж байгаа компанид баярлалаа гэж хэлмээр байна. Бас бидний тоглолтууд зурагтаар гарч байна. Энэ бас бидэнд маш том урам зоригийг өгч байгаа. Сүүлийн жилүүдэд багийн спорт маш сайн хөгжиж байна.

-Монголын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?

-Анх намайг ирж байхад хөгжөөн дэмжигч фанат маш бага байсан. Одоо харин хөгжөөн дэмжигчид ихсэж байгаа. Гэхдээ бидэнд маш их фанат хэрэгтэй. Хөгжөөн дэмжигч их байх тусмаа тамирчид сэтгэл өөдрөг сайн тоглолт үзүүлдэг.

-Та “Сэлэнгэпресс” багтай байгуулсан гэрээ дуусахаар гэрээгээ дахин сунгах уу. Аль эсвэл нутаг буцах уу. Цаашдын зорилго юу байна?

-Одоо би 31 настай. Тамирчныхаа хувьд тийм ч залуу биш дээ тооцогдоно. Энэ жил миний гэрээ дуусна. Цаашдаа үргэлжүүлж тоглох мөн дасгалжуулагч болоод Монголд амьдрах бодолтой байгаа.

-Та Японд ажил хийж байсан гэсэн. Монголд ирээд зөвхөн хөлбөмбөг тоглоод амьдрах боломж байна уу?

-Боломжийн цалин авч байна. Би Японоос ирсэн таван тамирчдын хамт байранд амьдардаг. Байрны мөнгө, хоолны мөнгө зардалыг компаниас дааж байна.

-Таныг Монголд очиж хөлбөмбөг тоглоно гэхэд гэр бүлийн хүмүүс тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав, ээж дүү өмнө Монголд ирж байсан. Монголын талаар сайн мэднэ, бас Монголд хайртай. Манай Япон улсын сүмо бөхөд Монголын олон бөх барилддаг. Тэгээд намайг Монгол руу явахад манай гэр бүлийнхэн “Чи Монголд яг Асашёорү, Хакухо шиг нэрээ дуурсгасан сайн хөлбөмбөгчин болоорой” гэж захисан.

-Таныг Монгол бүсгүйтэй үерхдэг гэж сонссон. Энэ талаараа ярьж болох уу?

-Найз бүсгүй байхгүй. Өмнө байсан, одоо бол би ганц бие байна. Би Монголд ирээд маш их найзтай болсон. Цаашдаа Монгол хэлээр маш сайн ярьж сурахаар хичээж байна. Тэгээд маш олон найзтай болох байх.

-Энэ жилийн Хүрхрээ дээд лигийн тоглолт дуусах дөхөж байна. Танай баг ямар амжилттай явж байна?

-Энэ жил манай “Сэлэнгэпресс”  баг тааруухан амжилттай явж байна. Хүрхрээ дээд лигт  10 баг тоглож байгаагаас манай баг 8 дугаар байранд явж байна. Гэхдээ бид багаараа хамтдаа сэтгэл өөдрөг тоглож байна. Үлдсэн 4 тоглолтондоо бүгдэд нь хожих зорилго тавьсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tugu
Vneheer saihan setgeltei hvn shvv
2017/09/11 59.153.114.239
  • Recent
  • Most Read
  • Most Comment