8o
Улаанбаатар хот
mobile menu

Оффшорчдод олгосон 49 хоногийн хугацаа дууслаа

2017-09-11 10:02:00

Дэлхийн төр засгийн удирдагчид, парламентын гишүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн оффшор данстай холбоотой баримтыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос өнгөрсөн онд ил болгож тавьсан. Эдгээр баячууд дотор монголоос нэр бүхий 49 хүний нэр ил болоод байгаа.  Эдгээр 49 хүнээс  20 нь улс төрд ажиллаж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс багтаад байгаа.

Тодруулбал, Сү.Батболд, Д.Цогтбаатар, Б.Дэлгэрсайхан, С.Баяр,  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн, Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх,  Улаанбатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн хүү Э.Чулуудай,  Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нарын нэр дурьдагдсан.

Тэгвэл хэд хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглож байгаа юм.  


 Засгийн газраас батлагдсан оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэр багтаад буй. Тэгэхээр эдгээр 50 гаруй улсын нутаг дэвсгэрт данс эзэмшдэг  хүмүүс мэдүүлгээ АТГ-д мэдүүлэх үүрэг хүлээхээр болсон.  Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуульд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнчлэн Улсын ерөнхий прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг байгууллагууд хамтран явуулах тухай” тогтоолын дагуу АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. 
Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчдыг мөнгөө  оруулж ирэхийг уриалж, 49 хоногийн хугацаа өгсөн. Тус хугацаа энэ сарын 12-нд буюу маргааш дуусна. Ерөнхийлөгч сайн дураараа мөнгөө  оруулж ирэхийг уриалсан ч нэг нь ч  хүн иргэний зориг гаргаж, мөнгөө оруулж ирсэнгүй. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн үгийг оффшорчдын хэн нь  ч тоосонгүй.  


Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ "Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна. Монгол Улс 2017 оныг хүртэл оффшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд оффшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, оффшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна. Оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна" хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч тов тодорхой хугацаа заасан байхад нэг ч иргэн сайн дураараа мэдүүлсэнгүй. Харин одоо АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт оффшорчид хэрхэн мэдүүлгээ өгөх бол. Ерөнхийлөгч Х.Баттулга 49 хоногийн хугацаа өгсөн ч үр дүнгээ өгсөнгүй. Цаашид Ерөнхийлөгч оффшорчидтой ямар арга замаар тэмцэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгчийн дараагийн алхам юу байх вэ.....

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Жагай.т
ДАРААЧЫН алхам гэж байхгүй....
2017/09/16 103.229.121.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment