8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-д зорчих гэж буй иргэдийн анхааралд

2017-09-13 14:20:00

ОХУ- ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс

  • 2014 оны 11 дүгээр сараас Монгол Улс, ОХУ-ын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж байгаа тул 1 сараас дээш хугацаагаар ОХУ-д зорчих бол зохих ангиллын визийг урьдчилан авах шаардлагатай. Визгүй зорчиж болох 30 хоногийн хугацааг ямар ч тохиолдолд хэтрүүлж болохгүй. Энэ хугацаа бүх төрлийн паспорт эзэмшигчид хамааралтай.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
  • ОХУ-ын хилээр нэвтрэхэд бичиж олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх.
  • ОХУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. ОХУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.

ОХУ-д байх хугацааны талаар анхаарах зүйлс

  • ОХУ-д зорчих хугацаанд ажлын 5 хоногийн дотор бүртгэл хийлгэх журамтай тул түр байрласан газрынхаа хамгийн ойрын шуудангийн салбар, байрласан зочид буудал, эсхүл ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгэл хийлгэх.

ОХУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн

  • ОХУ-ын хувьд олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Монгол иргэдийн хувьд ОХУ-ын хилээр гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи, зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг.
  • ОХУ-ын хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, шувууны мах/ нэвтрүүлэхийг хориглодог.
  • Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчирах тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 2 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй),
  • Янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг байхыг зөвшөөрдөг.
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг.
  • ОХУ-ын хилээр 10000 ба түүнээс их хэмжээний ам.доллар биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, гаалийн бүрдүүлэлт хийх ёстой. ОХУ-ын хуулиар тус улсын 10000 ба түүнээс их хэмжээний 10000 ам.долларын гүйлгээ хийх, биедээ авч явах тохиолдолд энэ тухай ОХУ-ын ХАБА-нд заавал мэдэгддэг. Энэ нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм. Харин мэдэгдээгүй тохиолдолд дээрх мөнгийг хураах, улмаар захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг анхаарна уу.

Сэрэмжлүүлэх зүйлс:

Зараар дамжуулан Европын оронд зорчих виз, хуурамч баримт бичиг авч ОХУ-ын хилээр дамжин гарах оролдлого хийснээс ОХУ-ын Эрүүгийн хуулийн дагуу баривчлагдах, хоригдох, ял шийтгэл авах тохиолдол гарч байгааг анхаарах.

Иргэн та ОХУ-аар дамжин БНБеларусь улс руу зорчихоор бол зорчихын өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны вэбсайтад тавигдсан “Сэрэмжлүүлэг”-тэй заавал танилцана уу. ОХУ-с БНБеларусь Улсаар дамжин Европын орнууд руу аялах тохиолдолд Беларусь Улсын зөвхөн олон улсын хилийн боомтоор нэвтэрч байх.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл