8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Гантөмөр: Алтны компаниуд өөрсдөө хууль захиалаад хийлгэчихдэг байх

2017-09-14 09:30:00

Засгийн газрын “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Заамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 15 мянган га газарт ашигт малтмалын хайгуулын зориулалтаар “Эрдэнэсийн Эрэг” компанид энэ оны долдугаар сарын 27-ны өдөр зөвшөөрөл олгосон байдаг. Тэгвэл нутгийн иргэд үүнийг эсэргүүцэж, нутагтаа жагсаал цуглаан зохион байгуулаад байна. Нутгийн иргэдийн зүгээс “АЛТ-2” хөтөлбөрийг цуцлахыг шаардаж хэд хэдэн шаардлага тавьж байгаа аж. Засгийн газрын зүгээс “Өвөр наймган” хэмээх газарт 15541,08 га газрыг тус компанид олгохдоо иргэдийн саналыг огт харгалзаж үзээгүйгээс гадна тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжихгүй гэсэн гурван шатны нутгийн удирдлагын байгууллагын тогтоол шийдвэрийг дээд шатны байгууллага үл тоон олгосонд малчдын амьдрах орчин болон мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хааж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна. Бид энэ талаар Заамар сумын өндөр настан Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Та Заамар сумын унаган иргэн. Таныг бага байхад Заамар сум ямар байсан бэ. АЛТ 1, 2 хөтөлбөр хэрэгжлээ. Одоо танай сум ямархуу нөхцөл байдалтай байна вэ?

-Намайг бага байхад ган болдоггүй бор булан, зуд болдоггүй тосон Заамар гэж нэртэй газар байсан. Хүн малын жаргалын орон байлаа. Хужир, өвс, ус нь тэгширсэн газар их ховор. Манай нутаг ийм л ховор газар байсан. Говьд гэхэд өвс байдаггүй, ус хужир нь байдаг. Хангайд гэхэд өвс нь байдаг давс хужир нь байдаггүй л. Гэтэл манай нутгийг үе үеийн Засгийн газар хумсалж авсаар байгаад дуусгаж байна. 1976 онд Ган болдоггүй бор булангийн талыг аваад Булган аймгийн тэжээлийн сангийн аж ахуйд өгсөн. 1986 онд нутгийн зүүн талд байрлах Цайдмын нуурыг таллаад Цээлийн сангийн аж ахуйд өгсөн. Цайдам гэж давс хужиртай нуур. Туул гол хүртэл 50 км урсдаг.  1992 онд Заамар хайрханы ар талыг “АЛТ-1” хөтөлбөрөөр лиценз болгон өгч уул уурхайн зориулалтаар ашигласан. Үндсэндээ Заамар сумын 1/3-ийг энэ хөтөлбөрүүдэд авчихсан. Тал нутгийг минь авсан мөртлөө нутгийн ард түмэнд өгөөжөө өгсөнгүй. Ядаж хатуу хучилттай зам тавиагүй байна. Заамар сумын 120 тонн алтыг Алт эрдэнэсийн санд тушаасан байна. Нинжа нарын олборлосон алтыг нийлүүлэх юм бол 200 гаруй тонн болох байх. Гэтэл цөөн тооны хүмүүс л баяжаад байхаас ард иргэдийн амьдрал хэвэндээ байна.

-Заамар сумын алтны нөөцийг тогтоосон уу?

-Алтны шороон ордны нөөц бол 60 тонн гэж тогтоосон. Гэхдээ үндсэн ордоо тооцоогүй. Манай Заамар сум хөдөөний гурван багтай. Өвөр талдаа уламжлалт мал аж ахуйгаа эрхлэе, үр хүүхдүүддээ үлдээе гэсэн нутгийн бодлого явж байсан. Гэтэл АЛТ-2 хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээрээ үлдсэн газар нутаг руу орж ирлээ. Эцсийн эцэст малаараа амьдрахаас алтаар амьдрахгүй. Өнөөдөр мал бэлчээрлэх газар нутаггүй боллоо. Нүхээ алдсан огтоно гишгэх газаргүй хөл гэдэг шиг зүйл манай нутагт болж байна.

-Нутгийн иргэд амьдрах боломжгүй боллоо гээд нүүсэн хүмүүс байгаа  юу. Ер нь хичнээн малчин өрх байна?

-Нүүсэн хүн байхгүй. 270 мянган толгой малтай, 300 гаруй айл 900 гаруй хүн байна. Гэтэл алт авах гээд байгаа 2, 3 хүн байгаа. Энэ хүмүүсийн эрх ашиг нь дийлдэхгүй байна. Хоёрхон хүний эрх ашгаас нутгийн Төмстэй багийн 900 гаруй иргэний эрх ашиг дор байна гэдэг их сонин. Ардчилсан нийгмийн чиний эрх чөлөө, хүний эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэсэн зарчим хаана байна. Манай сумын иргэд нүүж чадахгүй. Нүүгээд явсан ч мал буцаж ирээд байдаг.

-“Эрдэнэсийн эрэг” ХХК ухах гэж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Нутгийн иргэд тус компанийн удирдлагатай уулзсан уу. Та бүхэн шаардлагаа тавьсан уу?

-Уулзаагүй. Манай нутгийн иргэд тус компанийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Алтны компаниуд өөрсдөө хууль захиалаад хийлгэчихдэг байх. Тэгээд л нэг компани гараад ирдэг. АЛТ-2 хөтөлбөр хэрэгжих гээд байна. Мөн мах сүү хөтөлбөр гэж бас байна.  Тэр хөтөлбөр яагаад манай суманд хэрэгжихгүй байгаа юм бэ?. АЛТ-2–оос залхаж байна. 90 метр хуулсан газар шороо нөхөн сэргээгдэхгүй.

- Заамар суманд аж ахуйн нэгжүүд хэдэн жил алт олборлож байна вэ?

-1990 оноос хойш алт олборлож эхэлсэн. 27 жил болж байна.

-Үүнээс хойш нэг ч удаа газар нутгийг сэргээсэн юм байхгүй юм уу?

-Дээд тал нь хөрсийг 90 метр хуулсан байгаа. Газрын гүний юм чинь газрын дээр гараад ирэхээр маш их хортой болдог. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд алт олборлоод сумын төвийг нүүлгэж байсан тохиолдол бий. Тус сумын жирэмсэн эмэгтэйчүүдээс гажигтай хүүхэд хүртэл төрсөн. Ийм л хортой байдаг. Зүгээр онгон хөрс бол хүн амьдархад эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжтой газар нутаг байдаг. Заамар бол хүн амьдрах эрүүл аюулгүй орчин биш.

-Тэгэхээр цаашид нутгийн иргэд яаж амьдрах юм бэ. Хортой, тоосжилттой нөхцөлд л амьдар ч байна шүү дээ?

-Нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх ёстой. Заамар алт олборлолт Байгаль нуурыг бохирдуулж байна гэсэн эрдэм шинжилгээний дүгнэлт гарсан. Одоо олборлолт хийхээ зогсоогоод нөхөн сэргээлтийг дээд зэргээр хийх ёстой. Тэгэхгүй бол Туул гол хүртэл бохирдож байна.

-Алтан Дорнод компани нэлээд хэдэн жилийн өмнө Заамар суманд химийн бодис алдсан талаар яриа гарч байсан. Та үүнийг мэдэх үү?

-2001-2002 онд Алтан Дорнод ХХК гүний уусгалтын арга гэж шинэ технологийн туршиж байсан. 20 метрийн гүнд химийн бодис шахаж оруулсан. Химийн бодис нь болохоор алтаа газар дор бөөгнүүлээд бариад авчихдаг. Гэтэл тэр химийн бодисыг алдсан. Алтыг барьдаг химийн бодис цианид байдаг. Тус компанийн зүгээс тухайн үедээ хүхрийн хүчил, шингэн хлор гэж тайлбарлаад бодисоос дээж авхуулахгүй байсан. Жанчив, Жадамбаа, Жавзан гэж монголын гурван усны том доктор байдаг. Тэр гурвыг хөлслөөд суулгачихсан л байсан. Тийм үйл явдал болсон. Тухайн үедээ тэр газарт ойрхон байсан үхэр мал үхсэн. Гүнд байгаа химийн бодис судлаараа яваад Туул гол руу орох ёстой.

-Цаашид та бүхэн хэрхэн яаж тэмцэх вэ?

-21–р зуун байна. Ардчилсан төр засаг байна.Арай ч Заамар сумыг газрын хөрснөөс арчихгүй байлгүй дээ. Газрын хөрснөөс арчигдана гэдгийг энийг л хэлдэг юм байна.  Дайсан ирээд нутгаа алдсан бол буцаагаад нутгаа авч болно. Буцаагаад авлаа ч газар нутаг аюултай бохирдолтой байна.

-Заамар сум нийт хичнээн мянган хүн амтай вэ?

-6000 хүн амтай. Уурхай зүрхэнд их нөлөөлдөг юм байна. Мэдээж уушиг муудна. Цацраг ялгарч байгаа ч юм уу мэдэхгүй ш дээ. Хүний эрүүл мэндэд хандсан нэг ч зүйл хийгээгүй байна. Цаашид бид үргэлжүүлэн эцсээ хүртэл тэмцэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment