8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН хагаралдаагүй, МАНАН задарч байна

2017-09-14 13:38:00

Монгол Улсад шинэ Үндсэн хууль үйлчилж эхэлснээс хойшхи /1992 он/ өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийт долоон удаа парламентын сонгууль зохион байгуулагдаж, 14 Засгийн газар солигджээ. Ерөнхийдөө нэг Засгийн газрын ажилласан хугацаа 1.7 жил байна. Ийм бага хугацаанд Засгийн газар бүр өөрсдийн бодлогоо тодорхойлж, ажил үүргээ гүйцэтгэх оролдлогууд хийж байж.

Тиймдээ ч тухайн цаг үед ажиллаж байсан Ерөнхий сайд бүрийг ганц нэгхэн үгээр оноогоод нэрлэчихдэг. Тухайлахад, М.Энхсайхан тасралтгүй реформ ярьж, С.Баярын үед Оюутолгойн гэрээ зурагдан, Н.Энхбаяр засаглаж байхад авлига цэцэглэн хөгжсөн гэх "зүүсгэлтэй". Эргээд эдгээр үгс Ерөнхий сайд бүрийг яллаж, хугацаанаас нь өмнө буулгах шалтаг, шалтгаан болсон байдаг.

Яг энэ жишгээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэгээр танхимынхаа сайд нарт 807 тэрбум төгрөгийн концесс хуваарилсан “зүйл анги” нэрлэгдсэн.Гэвч том агуулгаараа М.Энхболдын МАН доторхи хэт их эрх мэдлийн эсрэг хөдөлгөөн хүчээ авч, тэсрэлт явагдсан үзэгдэл гэж дүгнэж болох. Засгийн газрын бодлого шийдвэр ерөнхий сайдын өрөөнд биш Тусгаар тогтнолын ордонд, УИХ-ын даргын өрөөнд  яригдсаар байхыг МАН дотооддоо харж тэвчсэнгүй.
Цөстэй хүмүүсийнх нь цөсийг хөөргөсөн энэ үйл явцыг чухам юу гэж дүгнэлтэй. Харахад, МАН дотроо хоёр хуваагдаад, “Манай тал, айлын хүн” гэхчилэн ярилцаж буй. Хоёр нам шиг хоёр талдаа байр сууриа нэгтгэж байгаад, бөөндөө цугларахаараа нэгнээ ялах гэж үзэж байна. Өнөөдөр эдний хэн нь ялах бол гэж харахаасаа илүүтэй МАНАН сарних нь уу, эс бөгөөс амь бөхтэй хэвээр үлдэх нь үү гэдгийг хүлээх үлдэж байна.
Ерөөс МАН чимээгүй байх тусмаа аюултай гэх үг хүртэл бий. Тэд нэг малгайн дор зангилагдаж, эв найртай мишээгээд байх тусмаа МАНАН-гийн бүлэглэл тойрсон цөөн хэдэн гэр бүл улам бүр баяжиж, пээдийж байдаг. Хэсэг бүлэг хүмүүс эрх ашгийн дор нэгдэж, төсвөөр, концессоор, тендерээр баяжих гэж төрд шургалдаг үзэгдэл Н.Энхбаярын Засгийн газрын үеэс хүчээ авсаар МАНАН-г бүтээсэн.
МАНАН будантаж явсаар 2016 оны сонгуулиар АН өвдөг шороодов. Алдсан хойноо ухаарахын үлгэрээр АН намынхаа жирийн гишүүдийн саналыг сонсох, илүү ардчилсан, нээлттэй зарчмаар лидерүүдээ сонгох горим руу шилжиж байна. Энэ шилжилт харагдах өнцгөөр хуурсан, хэт хийсгэлэн байсан ч гол нь тэд ингэж урагшилж чадлаа. Гэтэл эсрэгээрээ ийм шинэ алхам, оролдлого хийх найдвараас МАН улам бүр холдож, нэг хүнийг тахин шүтэх үзэл рүү дөхөж байгааг нийгэм даяараа харж байв.
Энэ үйлдлийнхээ хариуд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН дүнгээ тавиулсан. Залуус “М.Энхболдыг сонгохгүй байх” нэг тэмүүлэлд хөтлөгдсөн нь өөрөө нийгмийн эрүүлжих хүсэл, хүлээлт байсан гэж болох. Ингэж цаг үеийн гэмээр хачин жигтэй тохироо бүрдэж, АН-ын шинэчлэл, МАН-ын хагарал дараалан үүслээ. Энэ үзэгдэл өөрөө ард түмэнд ашигтай, өгөөжтэй тусна гэсэн бат итгэл төрүүлнэ.
Дээр хэлсэнчлэн МАНАН чимээгүй, ажин түжин байснаас адарч тэсэрсэн нь дээр билээ. Тэд хагарах тусам төр эрүүлжих юм. Энэ утгаараа эрх баригч нам дотор өрнөж буй өнөөдрийн энэ процессыг МАН-ын хагарал гэхээсээ илүүтэйгээр МАНАН-гийн задрал ч гэж нэрлэж болох юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ТЗ
МАНАН болсон зам тээврийн салбараа сайн шинэчлээрэй
2017/09/14 88.202.186.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment