Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчласан. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байдаг. Гэвч Б.Батзаяаг арваннэгдүгээр сарын 13-нд батлан даалтаар гаргасан боловч хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161'1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Өдгөө Б.Батзаяа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэрбээр хоригдож саяхнаас өлсгөлөн зарласан байна. Удаан хугацаанд өлсгөлөн зарласан учир хоёр бөөр нь муудаж, уушиг нь идээлсэн байна. Тиймээс Б.Батзаяаг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээнд хамруулжээ.