8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуульчидтай санал солилцлоо

2017-09-15 18:35:24

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11 цагаас Төрийн ордны “В” танхимд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хуульзүйн ухааны эрдэмтэд, докторуудтай уулзаж, санал солилцлоо. Тэрбээр Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан шинээр санал тусгах ажлын хэсгийг ахалж байгаа юм. Уулзалтын үеэр эрдэмтэд ”эцэг” хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан олон санал хэлсэн юм.

Тухайлбал, Төрийн хянан шалгах дээд байгууллага байгуулахыг эсэргүүцэж буйгаа судлаачдын дийлэнх нь илэрхийлж байлаа. Тэд АТГ, ТЕГ, ХЭҮК зэрэг байгууллагын чиг үүргийг давхардуулсан ийм байгууллага байгуулах нь эрх барьж буй нам өөртөө хэт эрх мэдэл төвлөрүүлж, дарангуйлал тогтоох эрсдэлтэй гэдгийг анхааруулж, дээрх байгууллагуудын эрхзүйн чадамжийг дээшлүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Өмгөөлөгч Н.Ариунболд “Үндсэн хуулийн Цэцийг шүүх болгож, шүүгчийн шаардлага хангасан хүмүүсийг томилдог болгоё. АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтнуудыг УИХ-аас ямар ч сонгон шалгаруулалтгүй томилдог. Цаашид эдгээр албан тушаалтныг улс төрийн томилгоо байдлаар бус сонгон шалгаруулалт явуулж томилдог байхаар Үндсэн хууль эсвэл органик хууль тусгах нь зүйтэй” гэсэн санал гаргалаа.

Монголчууд бид 20 гаруй жилийн дотор 15 удаа засгаа сольсон. Тогтвортой засаглал бол энэ нэмэлт, өөрчлөлтийн гол зорилго тул засаглалын хуваарилалтад маш болгоомжтой хүрэх ёстойг эрдэмтэд сануулж байв.

МУИС-ийн багш О.Мөнхсайхан “гурван саяас дээш хүн амтай улс орнууд 140-өөс дээш тооны парламентын гишүүнтэй байдаг. Манайд парламнетын гишүүдийн тоо харьцангуй цөөн байгаа нь гадны нөлөөлөлд автах эрсдэлтэй. Түүнчлэн хууль батлах квотыг 50+1 гэсэн зарчимд хүргэхгүй бол хэдхэн хүний салаар хууль батлагдаж байгаа нь төлөөллийн зарчмыг хангаж чадахгүй байна” гэсэн юм.

Татварын орлогыг орон нутагт нь хуваарилж, санхүү-эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх санал гарсан. Засаг захиргааны хуваарилалтыг мөн хөндөж байна. Нийслэлийн 300 мянган хүн амтай Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэг болон Багануур зэрэг алслагдсан дүүргийг бие даасан хот болгох, мөн Эрдэнэт, Дархан зэрэг аймгийн төвийг хотын статустай болгох санал гарсан.

Баг хорооны Засаг даргыг сонгодог одоогийн хэлбэр нь тухайн орон нутагт хамгийн олон ах дүү, хамаатан садантай хүн Засаг дарга болох нөхцөлийг бүрдүүлсэн байгаа тул шууд томилдог болгох нь зүйтэй гэсэн саналыг зарим оролоцогч хэлж байв.

Баялгийн хуваарилалтын асуудлыг мөн хөндлөө. Газрын хэвлий доорх баялаг бүх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульд заасан ч яг хэдэн хувь нь байх юм бэ гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй.

Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан монгол хүний үндсэн эрхүүдийг зөрчсөн тохиолдолд ердийн шүүхээр Үндсэн хуулиа барин шийдвэр гаргадаг тогтолцоог тодорхой болгож өгөх шаардлагатай гэдгийг хүний эрхийн хуульч М.Ичинноров хэллээ.  

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ процедур нь өөрөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг зөрчиж байна. Зөвлөлдөх санал асуулга нэрийн дор 700-800 хүн цуглуулаад дэлхийн хаана ч байхгүй туршилт хийж, санал авсан нэртэй хууран мэхлэлт явагдаж байна хэмээн өмгөөлөгч О.Алтангэрэл шүүмжлэлтэй хандаж байв.

Парламентад нэг нам үнэмлэхүй олонх байгаа энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь эрх баригчид өөрсдөөө ашигтай хувилбараар засаглалыг тогтоох өндөр эрсдэлтэй тул энэ ажлыг хийх цаг нь мөн эсэх дээр хуульчдын саналыг сайн сонсох хэрэгтэйг өмгөөлөгч Р.Булгамаа сануулсан юм.

Судлаач Д.Оросоо “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа түүнийг баталсны дараа гарах үр дагаварыг тооцож, дагалдуулан батлах хуулиудын жагсаалтыг гаргах ёстой. Ингэж байж нэмэлт, өөрчлөлт ажил болж, амьдралд хэрэгжинэ” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Ж.Батзандан гишүүн эдгээр саналыг нэгтгэж, АН-ын бүлэгт хүргүүлнэ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай хоблгдуулан маш олон хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Бид аль болох эрдэмтэд, судлаачдын саналыг сонсож, хуульд тусгахыг эрмэлзэх болно гэлээ.


АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл