8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын гоц халдварт өвчний талаар сургалт боллоо

2017-09-18 16:11:53

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх гол түлхүүрийг малын хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах асуудал гэж тодорхойлон, шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг зэрэг хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааг хийх чадавхийг нэн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн.

Европын холбооны шүлхий өвчинтэй тэмцэх комисс (ЕХШӨТК) нь шүлхий өвчингүй - эрүүл болон голомттой улс орнуудад урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах, тэмцэх сургалтыг зохион байгуулдаг баялаг туршлагатай НҮБ-ын ХХААБ-ын тусгай комисс бөгөөд одоогоор шүлхий өвчний дэгдэлтийн үеийн “Real-Time Training” буюу бодит цаг хугацааны дадлагад суурилсан сургалтыг 60 гаруй улсад зохион байгуулсан байна. ЕХШӨТК малын эмч нарын сургалтад цахим сургалт гэх сургалтын шинэлэг арга техникүүдийг ашиглахаас гадна сургагч бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгдөг.

Тус комиссын зохион байгуулдаг сургалтыг Монгол улсад 2017 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төв болон малын хил дамнасан гоц халдварт өвчний идэвхтэй голомттой, эрсдэл өндөртэй аймгуудаас нийт 18 малын эмчийг хамруулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр хийлээ. Сургалтаар малын хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн үеийн судалгааг орон нутагт удирдан зохион байгуулах бүсийн сургагч нарыг бэлтгэх замаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх юм. Бэлтгэгдсэн сургагч нар нь сургалтаас олж авсан мэдлэгийг бусдад хэрхэн дамжуулах арга техникт мөн суралцлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл