8o
Улаанбаатар хот
mobile menu

Энхийн шагнал ба энхийн төлөө медаль

2016-01-14 14:50:00

Хүн төрөлхтний хөгжлийн сүүлийн 5500 жилийн хугацаанд 14513 удаа дайн тулаан болсноос 3 тэрбум хүн амь насаа алджээ. Энэ хугацаанд ердөө 292 жил зөрчил мөргөлдөөнгүй буюу энх амгалан жил байсан гэдэг тооцоо бий. Тийм ч учраас бүхий л улс үндэстний мэндчилгээнд энх амгалан, энх тунх байгаа болохоо илэрхийлэх явдал түгээмэл байдгаас харвал хүн төрөлхтний эрхэм хүсэл бол энх тайван, эв нэгдэл гэж хэлж болно. Монголчуудын хувьд ч тэртээ 800 жилийн өмнө Монгол угсаатнуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулснаар Евроазийн хамарсан энх дэлхийн гүрнийг байгуулж байсныг өдгөө “Mongol peace” (Pax Mongolica гэх нь ч бий) хэмээн өргөмжлөн алдаршуулдаг.

Тэр цагаас хойш Монголчууд эвдрэлцэн муудалцах болсноор дэлхий дайдад гүйцэтгэж байсан аугаа үүргээ алдаж, хөрш гүрнийхээ хамааралд ороход хүрсэн. Монголын ард түмний хувьд энх амар байх хийгээд эв нэгдэлтэй байх бол хамгийн чухал үнэт зүйл болохыг ойлгодог. Гэвч олон янзын шалтгаанаар Монгол хүмүүс эвлэлдэн нэгдэхээсээ илүү зөрчилдөх, нэгийгээ дэмжин туслахаасаа илүүтэй атаархан хорсох зэргээр өөр хоорондоо тэмцэлдэх нь олонтаа. Үүнийг шоглон “Монголчуудын тамын тогооны үлгэр” хэмээх хэлц үг хүртэл гарсан байдгийг хэн хүн бүр мэднэ. Монгол улс хөгжихийн тулд нэн тэргүүнд Монгол хүн эв нэгдлийн үнэ цэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ухамсар бүрэлдэх учиртай. Эв нэгдэлтэй хүмүүс хамтдаа тулгарсан саад бэрхшээлийг шийдэж, хөгжил цэцэглэлтэд хүрэх замаа засч, улмаар энх амьдралыг цогцлоож чадна.

Цаг үе өөрчлөгдөж байна. Жилээс жилд нийгмийн ухамсарт дэвшил гарч байна. Монголчууд монгол хүнээрээ бахархах, гар нийлж ядарсан нэгэндээ туслах, хамтран хөрөнгө оруулах, нийгмийн сайн үйлсэд сэтгэл зүрхээ нэгтгэх зэргээр хамтын хүчин чармайлтаар бүтээж босгож чаддаг гэдгийг харуулсан олон үйл явдал өрнөх болов. Гэхдээ эв нэгдэл, эв зохицлоор асуудлаа шийддэг, хүндэтгэл, хүлээцтэй чанараар нэгэндээ ханддаг соёл төлөвшихөд багагүй хугацаа шаардагдах нь тодорхой

Шинэ зуунд Монголчууд дэлхий дахинд энх цагийг тогтоож байсан үүргээ дахин гүйцэтгэж эхэлсэн. Монголын олон зуун залуус дайн мөргөлдөөнтэй улс орнуудад энхийг сахиулах хүндтэй үүргийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэрийн өмнөөс амжилттай гүйцэтгэж ирсэн. Олон улсын энхийг сахиулах үйлсэд зүтгэж байгаа Монголын цэрэг эрсийн оруулж буй хувь нэмрийг үнэлж, “Энхийн төлөө медаль”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулдаг уламжлал тогтжээ. Цаашдаа ч Монголын энхийг сахиулагчид зөрчил мөргөлдөөнөөс сэргийлэх, энгийн иргэдийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байх болно. 

Дэлхийн энх тайвны үйлсэд Монгол хүмүүс хүчин зүтгэж буйн зэрэгцээ Монголчуудын эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөө “энхийн манаа”-нд сэтгэл зүрхээ зориулан зүтгэж буй олон мянган хүмүүс байдаг. Нэг үгээр тэдгээр хүмүүсийг “дотоодын энхийг сахиулагчид” гэж нэрлэж болно. Тэд бол өөрт ноогдсон ажлаа хариуцлагатай хийж, аливаа зүйлд бүтээлчээр хандаж, асуудалд бодиттой эрүүл сэтгэлгээгээр харьцаж, өөрийн төдийгүй нийгмийн сайн сайхан байдлыг эрхэмлэж, бусдын тусын тулд гараа сунгахаас буцдаггүй чин сэтгэлтэй хүмүүс юм. Тэд бол Монголын нийгэмд хамгийн үнэ цэнтэй, энх Монгол орныхоо эзэн нь болсон эгэл жирийн иргэд юм.

Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж бүтээж буй эдгээр манлайлагчдыг нийгэм дэх үнэ цэнийг нь өргөх, алдаршуулах замаар Монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэх сэдэл тэмүүллийг бий болгох зорилгоор “Дэлхийн энхийн их наадам” ТББ-аас “Энхийн шагналтан”-ыг тодруулж ирсэн. Нийгэм, улс төр, бизнес, сайн дурын үйлс зэрэг нийгэм хүмүүнлэгийн олон салбарт чин сэтгэлээсээ зүтгэж, Монгол хүний нэр хүндийг өргөж яваа хүмүүсээс шалгаруулж, жилд нэг удаа “Энхийн шагналтан” тодруулдаг уламжлал энэ жил тав дахь удаагаа зохиогдох гэж байна. 2011-2014 оны шагналын эзнээр Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Дэлхийн Энхтайвны зөвлөлийн Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Нямдорж, “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш С.Эрдэнэчулуун нар тодорч байжээ. Дашрамд дурьдахад ирэх долоо хоногт буюу I сарын 21-нд болох “Peace awards-2015” ёслолын арга хэмжээгээр дараагийн “Энхийн шагналтан” тодрох гэж байгаа аж. Ийнхүү Монгол хүний үнэ цэнийг өргөсөн, Монголчуудын эв нэгдлийг уриалсан, Монгол орны хөгжил цэцэглэлтийг ахиулсан хүмүүсийг алдаршуулсан арга хэмжээ улам өргөжин тэлэхийг ерөөе.

Монгол хүний үнэ цэнэ Монголд төдийгүй Дэлхий дахинд улам өснө гэдэгт би итгэдэг. Монголчууд ирээдүйд дэлхийн тавцанд энх тайван, эв нэгдлийн үйлсэд манлайлагч үндэстэн байна гэдэгт бид итгэдэг. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment