Сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын 130 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах талаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нар ярилцаж буй яриа задарсан.Тэгвэл бодит байдал дээрээ 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн үү. Хэрэгжсэн байж болзошгүй баримт мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Тодруулбал, Төрийн банкны захирлуудын томилгооны тухай мэдээлэл 60 тэрбум бодит амьдрал хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг төрүүлж байна.
Анх 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон байдаг. Тухайн албан тушаалтаны схем дээр Төрийн банкны талаар дурьдаж ярилцсан байдаг.
60 тэрбумын бичлэгийг хийсэн Г.Доржзодовын сайтаас Төрийн банктай холбоотой санхүүгийн схемийн баримтыг авав.
60 тэрбумын схем Төрийн банк
Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Төрийн банкийг Зоос банкны буурин дээр байгуулсан бөгөөд Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. Банкны салбарын 4-т бичигддэг томоохон банкнуудын нэг. Тэгвэл Төрийн банкны салбарын захиралуудыг Төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөө бүхий хүмүүсийн хамаатан садан, эсвэл ойрын хүмүүсээ шургуулсан байна.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн цалин 15 сая, Тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая,Орлогч захирал Б.Энхсайхан цалин 10 сая, Орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, Орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая, Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас 8 сая төгрөг, Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа 8 сая, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат 8 сая төгрөг, Эрсдэл хариуцсан захирал Г.Дэлгэрбаяр 8 сая, Бизнес хариуцсан захирал Н.Энхтайван 8 сая, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Хууль, эрх зүйн газрын захирал Б.Амарсанаа 8 сая төгрөгний цалинг тус тус авдаг юм байна. Энэ мөнгөн дүн болон жирийн нэг албан тушаалтаны жил хөдөлмөрлөж олдог мөнгө. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд бол зүгээр л ганц сарын цалин.
100 хувь төрийн өмчит Төрийн банкны эдгээр захиралууд хэний нөлөөгөөр тус суудалд заларч өдий хэмжээний цалин хангамж эдлэж сууна вэ. Жишээ нь, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү. Түүний сарын цалин болох 18 сая төгрөг нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм.
Харин Төрийн банкны Орлогч захирал Б.Энхсайхан нь одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад нь хамт ажиллаж байсан нэгэн. Б.Энхсайханы нөхөр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай нэг нутгийн хүмүүс. Мөн үүнээс гадна Орлогч захирал Г.Тогтохбаатар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мөн хамт ажиллаж байсан, ойрын хүн. Сарын 8 сая төгрөгний цалин авдаг Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан . Цагтаа МАН-ын дарга М.Энхболдын туслахаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараа энэ албанд ирсэн. Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Р.Содхүүгийн охин. Энэ мэт төрийн өндөр албан тушаалтануудын хамаатан, туслах, ойрын хүмүүс төрийн өмчит Төрийн банкинд эзэн суужээ.
Ц.Сандуй болон, А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схем, албан тушаалтны үнэ ханш
Үүнээс харахд Төрийн банкны захирлууд МАН-ын угшилтай, хэн нэгний нэр нөлөөгөөр энэ албан тушаалд очжээ. Тэгвэл эдгээр хүмүүс энэ албан тушаалд очихын тулд хэдэн төгрөг төлсөн бэ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схемээр бол Ерөнхий захирал Д.Баярсайхан 300 сая төгрөг төлж байж, энэ албан тушаалд очсон байх ёстой. Тэд албан тушаалтны үнэ ханшны схемийг ингэж боловсруулсан байдаг. Тодруулбал,
Ахлах мэргэжилтэн-10 сая
Хэлтсийн дарга – 15 сая
Санхүү-20 сая
Орлогч дарга-20 сая
Дэд дарга – 100 сая
Дарга- 300 сая
Ерөнхий захирал- 300 сая төгрөг хэмээн схемчилсэн байдаг.
Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 албан тушаалтан, мөн долоон захирлын албан тушаалтай хүнийг ажлаас нь халсан байдаг. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх биш эдгээр хүмүүсийн оронд өөр хүмүүсийг дахин ажилд авсан байдаг.
Энэ талаар Төрийн банкны хүний нөөцийн мэргэжилтэн асан Н.Отгончимэг, “Яг энэ албан тушаалууд дээр гаднаас хүмүүс авсан. Ажилтан ажилд авах ямар ч сонгон шалгаруулалтын стандартгүйгээр ажилд авсан. МАН-ын даргын тодорхойлолттойгоор хүмүүсийг ажилд авсан гэж би сонссон” хэмээн ярьжээ.
Алжаас халагдсан хүмүүс бүгд шүүхэд хандаж, хуулийн байгууллагаар явсан ч үр дүнд төдийлөн хүрээгүй. Анхан шатны шүүх эдгээр хүмүүсийг үндэслэлгүй халсан гэсэн үнэн зөв шийдвэр гаргасан боловч , дээд шүүх дээр очихоор анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан байна гээд хэрэгсэхгүй болгожээ. Мөнгө эрх мэдэл ийм л хүчтэй байна.
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы тушаалаар халагдсан 267 хүн, 267 өрх гэр бүлийн амьдрал ямар байдалд орсоныг тэд төсөөлөхгүй. Тэгвэл өчигдөр орой Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаст, 267 хүний нэг болж ажлаа халагдсан нэгэн эмэгтэйн охин болох тавдугаар ангийн сурагч Эгшиглэнгийн Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд хандаж бичсэн захидлыг нийтэд дэлгэлээ. Тус захидалыг Эгшиглэн охин өнгөрсөн жил буюу 2016 оны өвөл бичсэн байна. Охины ээж Монгол шуудан банк, Хадгаламж банк байхаас нь эхлүүлээд Төрийн банкинд нийт 12 жил ажилласан. Эгшиглэнгийн аав осолд ороод гэртээ хэвтэж эмчүүлдэг, охин хоёр дүүтэй бөгөөд нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Тэднийх 8 хувийн орон сууцны зээлтэй. Энэ гэр бүлийн 5 хүнийг тэжээдэг байсан ээж нь ажлаас халагдаад гэртээ уйлсаар ирсэн тухай бичжээ. Хүнд өвчтэй нөхрийнхөө өрөөнд ороод чимээгүйхэн уйлж суусан түүхийг охин бичсэн нь олон хүнийг сэтгэлийг шархалуулж байна. Бас яагаад халагдсаныг охин Д.Баярсайхан захирлаас асуусан байна. Тус захидлыг уншсан хэний ч сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Д.Баярсайхан захиралын ажлаас халсан 267 хүн, яг л ийм нөхцөл байдалтай гэртээ очсон нь ойлгомжтой. Та үүнд хариуцлага хүлээх үү. Бяцхан охин Эгшиглэнгийн захидалд хариу өгөх ухамсар Д.Баярсайхан захиралд үлдсэн болов уу.
Үүнээс харахад Төрийн Банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан гэгч энэ эрхэм Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2014 онд боловсруулсан төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах санхүүгийн схемийг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлжээ гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Д.Баярсайхан Төрийн банкны захиралаар ирсэн даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халж, оронд МАН-ын даргын тодорхойлолттойгоор өөр хүмүүсийг ажилд авсан нь санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь тодорхой болов уу.
Д.Баярсайхан захирал цалингаа чамалж сууна
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр бий болгосон. Мөн Д.Баярсайхан захирал сарын 18 сая төгрөгийн цалин авдаг болох нь нэвтрүүлгийн үеэр ил болсон. Харин тэрбээр үүнийгээ “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг. Хэрэв 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн цалингаа чамалж суугаа нь олон нийтийн дургүйцлийг улам бүр төрүүлээд байна. Тэгвэл Д.Баярсайхан захиралаа, Та энэ албан тушаалд очихдоо хэдэн төгрөг төлсөн бэ?????????. Ямар шалтгааны улмаас сарын 10 сая төгрөгний цалинг голж байна вэ.