Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, Мөрдөн байцаах газрын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, ажлын хэсгийн гишүүн Б.Манлайбаатар нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Хөнгөн зэргийн согтолттой байж гэсэн задлан шинжилгээний дүн гарчээ
Талийгаачийн автомашинд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-12-ны шилжих шөнө үзлэг хийсэн. Үзлэг хийх үед автомашины гадна тал нь тоос шороонд дарагдсан байдалтай байжээ. Талийгаачийн цогцосыг онцгой байдлын ерөнхий газартай хамтарч ажилласан. Хэргийн газрын үзлэгээр автомашинаас 0,5 “Сархад” нэртэй хагас шил архи, ундаа гэх мэт зүйл олдсон. Архины шилэн дээрээс хоёр хүний гарын хээ болон хоёр ширхэг гар утас олдсон байдаг. Гар утасны цэнэг дууссан учир компьютертэй холбож талийгаачийн ар гэрийхэнд бичлэгийн хуулбарыг өгсөн. Задлан шинжилгээгээр түүнийг хөнгөн зэргийн согтолттой, үхлийн шалтгаан нь амьсгалын замд ус орсноос буюу живж үхсэн гэсэн дүгнэлт гаргажээ. Ажлын хэсгээс түүний энэ үхэл хийж байсан ажил мэргэжилтэй нь холбоотой эсэх талаар нарийн мөрдлөг өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Өмнөх халдлагын хэргүүдийг мөн сэргээн шалгаж байна гэсэн юм. Цогцосыг далайн эргээс 25 метр, доошоо 4 метр гүнээс гаргаж ирсэн. Тогтмол далай дээр хүн нас барсан тохиолдолд далайн гүн ёроолд цогцос олддог тохиолдол ихэвчлэн ийм байдалтайгаар олддог байна.
Талийгаач гурван удаа халдлагад өртсөн
2015.01.07-нд Ирвэс хамгаалах сангийн захирал А.Баяржаргалд талийгаачаас "Би 01.05-ны өдөр гадны халдлагад өртлөө" гэсэн емэйл ирүүлжээ. Түүнийг 5 дугаар сургуулийн хавьд явж байхад, "Ийшээ суучих" гэсэн урдуураа хар хөшиг татсан хар машинтай хүмүүс машиндаа суулгасан байна. Түүний 2 талд хоёр залуу байсан бөгөөд, "Чи УБ хотод байхад амжихгүй шүү" гэж хэлээд, түүний хувцас, гар утсыг хураан авчээ. Удалгүй эд зүйлсийг буцаан өгч, "Эргэж харалгүй гүй" гэж хэлээд орхиод явсан аж. Тэрээр машины дугаар болон хүмүүсийн царайг харж чадаагүй байна. Энэхүү халдлагын талаар А.Баяржаргал захирал 1 дүгээр сарын 20-нд цагдаагийн байгууллагад анх удаагаа мэдээлэл өгчээ. Тус хэргийг СБД-ийн цагдаагийн алба шалгаж, "Алдагдсан эд зүйл алга. Мөн гэмтээгүй учир эрүүгийн хэрэг үүсгэхгүй" гэсэн хариуг хоёрдугаар сарын 26-ны өдөр хэргийг хаасан байна.
2015.04.30-ны өглөө ажлаа хийх явцад үл таних масктай хоёр залуу хутгалж, цохих шиг болсон. Тэрээр 32 км газар мотоциклтойгоо зугтан, ажиллаж байсан байрандаа ирж. Тухайн үед Өмнөговь аймгийн Цагдаагийн газар болон холбогдох хүмүүс нь хэргийн газарт үзлэг хийхдээ орон нутгаа сайн мэддэг анчин, иргэдийг оролцуулсан боловч мотоциклийн хуучин мөрнөөс өөр мөр олдсонгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Хэвлийдээ гурван шархтай түүнийг тухайн үед Өмнөговь аймагт тусгай үүргийн нислэг хийж байсан онгоцоор Улаанбаатарт авчирч Цэргийн төв госпиталд хагалгаанд орсон. 4-5см гүнтэй шарх байсан гэсэн шинжээчийн дүгнэлт байгаа аж. Эмнэлэгт хэвтэж байхад нь цагдаагийн албан хаагчид болсон үйл явдлын талаар тайлбар авсан байдаг. Уг хэрэгт 2015 тавдугаар сарын 1-нээс эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажил явагдаж байсан.
2015.05.24-нд Т.Лхагвасүмбэрэл гэртээ харих замдаа дөрвөн залууд гарынхаа зарим хэсэгт зүсүүлсэн хэрэг гарсан.Энэ хэргийг талийгаач цагдаагийн газар өгөөгүй байна. Харин тэрээр өөрөө Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн аж. Удалгүй хувийн эмнэлэгт хэд хоног эмлүүлсэн байна. Үүний дараа АНУ-руу явах байсан учир ЦЕГ-т мэдээлэл өгөөгүй гэж дараа нь тайлбар мэдүүлэг өгчээ. Энэ тухай Өмнөговь аймгийн цагдаагийн газраас 2015.05.01-нээс эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Гэвч талийгаач зургаадугаар сард Цагдаагийн газарт хэд хэдэн удаа байцаалт өгсөн ч дахин очоогүй. Улмаар 2015 оны есдүгээр сард түүнийг ирж байцаалт өгүүлээч гэсэн албан бичгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт илгээжээ. Тиймээс ямар нэгэн хэрэг хаах болон дүгнэлт, шийдвэр гараагүй.