Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн томилогдоод 10 сарын хугацааг ардаа үдлээ. Х.Бадамсүрэн захирлыг томилогдсон цагаас хойш шинэ байр болон, цалин мөнгө, томилгооны асуудал олны анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл өчигдөрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хууль бус томилгоо ил болж эхэллээ. Түүний хууль бус томилгооны талаар өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Х.Бадамсүрэн захирал өөртөө 9 зөвлөхийн орон тоог дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгаа талаар баримт дэлгэлээ.
Тодруулбал,
Техникийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа /тэтгэвэр/
Үйлдвэр технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж /тэтгэвэр/
Хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Санхүү эдийн засаг хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа
Худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ /1956 онд төрсөн тэтгэвэр/
Дотоод асуудал хариуцсан зөвлөх Б.Цэцэг-Очир /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Захирлын олон талт ажиллагаа хариуцсан туслахаар Б.Бүрэн
Гадаад ажилтнуудын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Дмитриев А.А
Ерөнхий Захирлын зөвлөхөөр Х.Владимирийг тус тус томилсон байна. Эдгээр 9 зөвлөхийн 5 нь тэтгэвэртээ гарсан хүнийг өндөр хэмжээний цалин өгч томилсон байна.
Мөн үүнээс гадна ТУЗ-ийн шийдвэргүйгээр дахин 11 үүрэг гүйцэтгэгч, хэлтсийн захирлыг шинээр томилсон байна.
ҮА хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт
Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал Д.Дэлгэрбаяр
БҮ-даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батмөнх
Их барилгын хэлтсийн дарга Д.Батбаяр
Их барилгын хэлтсийн орлогч дарга Д.Өнөбат
Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр
Хангамжийн хэлтсийн орлогч дарга К.Ганзориг
Хөгжлийн бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат
РСЦ ХХК-ийн дарга Н.Энхбат
Спортын ордны дарга Ц. Даваахүү
Эрдэнэт сувилалын цогцолборын дарга Бат-Эрдэнэ нарыг хууль зөрчин томилсон байна.
Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байхад хууль зөрчин эдгээр хүмүүсийг томилжээ. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэрт 270 орчим ОХУ-ын гэрээт ажилчин ажиллаж байна. Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн учраас эдгээр хүмүүсийг эх оронд нь буцаах оронд нь Монгол хүмүүсийг ажиллуулах ажил үе шаттайгаар явагдаж байгаа.Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө” хэмээн хэлсэн байдаг.
Эрдэнэт үйлдвэр ОХУ-тай 40 гаруй жил хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан.Энэ хугацаанд хамтарсаар ирсэн Оросын ард түмэнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн хэмээн Орос ажилчидаа нутаг буцааж, харин өөрөө тэтгэвэрийн хэдэн хөгшин хүмүүсийг зөвлөхөөр томилоод сууж байх юм. Уг томилгоог хийхдээ ямар ч ТУЗ-ийн шийдвэргүйгээр томилсон нь олны анхаарлыг татаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эрх баригч намын дарга, удирдах албан тушаалтаны хүмүүс өөрийн ойр дотны хамаатан садан, туслахаа Төрийн өмчит томоохон компаниудад шургуулдаг явдал хэрээс хэтэрсэн. Энэхүү томилгоонууд нь төрийн албыг 60 тэрбумаар шожигнотол зарах МАН-ын стратеги, санхүүгийн схем бодит байдал дээр хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн зөвлөх болон хэлтсийн захирал үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон эдгээр хүмүүс хэн бэ. Өмнө нь хаана ажиллаж байсан, хэний шахаагаар Эрдэнэт үйлдвэрт шургалсан талаар бид дараагийн дугаартаа мэдээлэл хүргэх болно.