8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм. Жижиглэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлахаа мэдэгдэж, Хилийн боомтууд 4 хоног амрахаар болсон өдөр

2017-09-20 18:45:00

Ирж яваа цагийн өнгө, буцах шувуудын ганганаанд уярч шаргалтана. Энгэр газрын хад чулуу, жаргах нарны илчинд  хоргодон хоргодож  чийг даана. Энэ бол намрын өнгө. Энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Бяцхан охины захидалд хариу өгөх ухамсар Д.Баярсайхан захиралд үлдсэн үү

Сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын 130 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах талаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нар ярилцаж буй яриа задарсан.Тэгвэл бодит байдал дээрээ 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн үү. Хэрэгжсэн байж болзошгүй баримт мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Тодруулбал, Төрийн банкны захирлуудын томилгооны тухай мэдээлэл 60 тэрбум бодит амьдрал хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг төрүүлж байна.

  Анх 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон байдаг. Тухайн албан тушаалтаны схем дээр Төрийн банкны талаар дурьдаж ярилцсан байдаг.

60 тэрбумын бичлэгийг хийсэн Г.Доржзодовын сайтаас Төрийн банктай холбоотой санхүүгийн схемийн баримтыг авав.

60 ТЭРБУМЫН СХЕМ ТӨРИЙН БАНК

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юмТөрийн банкийг Зоос банкны буурин дээр байгуулсан бөгөөд Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. Банкны салбарын 4-т бичигддэг томоохон банкнуудын нэг. Тэгвэл Төрийн банкны салбарын захиралуудыг  Төрийн өндөр албан тушаалтан,  нэр нөлөө бүхий хүмүүсийн хамаатан садан, эсвэл ойрын хүмүүсээ шургуулсан байна.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн цалин 15 сая, Тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая,Орлогч захирал Б.Энхсайхан цалин 10 сая, Орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, Орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая, Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас 8 сая төгрөг, Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа 8 сая, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат 8 сая төгрөг, Эрсдэл хариуцсан захирал Г.Дэлгэрбаяр 8 сая, Бизнес хариуцсан захирал Н.Энхтайван 8 сая, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Хууль, эрх зүйн газрын захирал Б.Амарсанаа 8 сая төгрөгний цалинг тус тус авдаг юм байна. Энэ мөнгөн дүн болон жирийн нэг албан тушаалтаны жил хөдөлмөрлөж олдог мөнгө. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд бол зүгээр л ганц сарын цалин.

100 хувь төрийн өмчит Төрийн банкны эдгээр захиралууд хэний нөлөөгөөр тус суудалд заларч өдий хэмжээний цалин хангамж эдлэж сууна вэ. Жишээ нь, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга  дүү. Түүний сарын цалин болох 18 сая төгрөг нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм.

Харин Төрийн банкны Орлогч захирал Б.Энхсайхан нь одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад нь хамт ажиллаж байсан нэгэн. Б.Энхсайханы нөхөр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай нэг нутгийн хүмүүс. Мөн үүнээс гадна Орлогч захирал Г.Тогтохбаатар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мөн хамт ажиллаж байсан, ойрын хүн. Сарын 8 сая төгрөгний цалин авдаг Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан . Цагтаа МАН-ын дарга М.Энхболдын туслахаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараа энэ албанд ирсэн. Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Р.Содхүүгийн охин. Энэ мэт төрийн өндөр албан тушаалтануудын хамаатан, туслах, ойрын хүмүүс төрийн өмчит Төрийн банкинд эзэн суужээ.

Ц.САНДУЙ БОЛОН, А.ГАНБААТАР НАРЫН ТӨЛӨВЛӨСӨН САНХҮҮГИЙН СХЕМ, АЛБАН ТУШААЛТНЫ ҮНЭ ХАНШ

Үүнээс харахд Төрийн банкны захирлууд МАН-ын угшилтай, хэн нэгний нэр нөлөөгөөр энэ албан тушаалд очжээ. Тэгвэл эдгээр хүмүүс энэ албан тушаалд очихын тулд хэдэн төгрөг төлсөн бэ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схемээр бол Ерөнхий захирал Д.Баярсайхан 300 сая төгрөг төлж байж, энэ албан тушаалд очсон байх ёстой. Тэд албан тушаалтны үнэ ханшны схемийг ингэж боловсруулсан байдаг. Тодруулбал,

Ахлах мэргэжилтэн-10 сая

Хэлтсийн дарга – 15 сая

Санхүү-20 сая

Орлогч дарга-20 сая

Дэд дарга – 100 сая

Дарга- 300 сая

Ерөнхий захирал- 300 сая төгрөг хэмээн схемчилсэн байдаг.

Төрийн банкны Ерөнхий захирал томилогдсон даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халжээ 

 Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 албан тушаалтан, мөн долоон захирлын албан тушаалтай хүнийг ажлаас нь халсан байдаг. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх биш эдгээр хүмүүсийн оронд өөр  хүмүүсийг дахин ажилд авсан байдаг.

Энэ талаар Төрийн банкны хүний нөөцийн мэргэжилтэн асан Н.Отгончимэг, “Яг энэ албан тушаалууд дээр гаднаас хүмүүс авсан. Ажилтан ажилд авах ямар ч сонгон шалгаруулалтын стандартгүйгээр ажилд авсан. МАН-ын даргын тодорхойлолттойгоор хүмүүсийг ажилд авсан гэж би сонссон” хэмээн ярьжээ.

Алжаас халагдсан хүмүүс бүгд шүүхэд хандаж, хуулийн байгууллагаар явсан ч үр дүнд төдийлөн хүрээгүй. Анхан шатны шүүх эдгээр хүмүүсийг үндэслэлгүй халсан гэсэн үнэн зөв шийдвэр гаргасан боловч , дээд шүүх дээр очихоор анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан байна гээд хэрэгсэхгүй болгожээ. Мөнгө эрх мэдэл ийм л хүчтэй байна.

Д.Баярсайхан нэгэн гэр бүлийг сүйрлийн ирмэгт аваачжээ

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы тушаалаар халагдсан 267 хүн, 267 өрх гэр бүлийн амьдрал ямар байдалд орсоныг тэд төсөөлөхгүй. Тэгвэл өчигдөр орой  Цензургүй сурвалжлага нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудаст, 267 хүний нэг болж ажлаа халагдсан нэгэн эмэгтэйн охин болох тавдугаар ангийн сурагч Эгшиглэнгийн Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханд хандаж бичсэн захидлыг нийтэд дэлгэлээ. Тус захидалыг Эгшиглэн охин өнгөрсөн жил буюу 2016 оны өвөл бичсэн байна. Охины ээж Монгол шуудан банк, Хадгаламж банк байхаас нь эхлүүлээд Төрийн банкинд нийт 12 жил ажилласан. Эгшиглэнгийн аав осолд ороод гэртээ хэвтэж эмчүүлдэг, охин хоёр дүүтэй бөгөөд нэг нь 3 настай, нөгөө нь 5 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Тэднийх 8 хувийн орон сууцны зээлтэй. Энэ гэр бүлийн 5 хүнийг тэжээдэг байсан ээж нь ажлаас халагдаад гэртээ уйлсаар ирсэн тухай бичжээ. Хүнд өвчтэй нөхрийнхөө өрөөнд ороод чимээгүйхэн уйлж суусан түүхийг охин бичсэн нь олон хүнийг сэтгэлийг шархалуулж байна. Бас яагаад халагдсаныг охин Д.Баярсайхан захирлаас  асуусан байна. Тус захидлыг уншсан хэний ч сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Д.Баярсайхан захиралын ажлаас халсан 267 хүн, яг л ийм нөхцөл байдалтай гэртээ очсон нь ойлгомжтой. Та үүнд хариуцлага хүлээх үү. Бяцхан охин Эгшиглэнгийн захидалд хариу өгөх ухамсар Д.Баярсайхан захиралд үлдсэн болов уу. 

 Үүнээс харахад  Төрийн Банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан гэгч энэ эрхэм Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2014 онд боловсруулсан төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах санхүүгийн схемийг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлжээ гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Д.Баярсайхан Төрийн банкны захиралаар ирсэн даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халж, оронд МАН-ын даргын тодорхойлолттойгоор өөр хүмүүсийг ажилд авсан нь санхүүгийн схемийг хэрэгжүүлсэн нь тодорхой болов уу. 

Д.БАЯРСАЙХАН ЗАХИРАЛ ЦАЛИНГАА ЧАМАЛЖ СУУНА

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр бий болгосон. Мөн Д.Баярсайхан захирал сарын 18 сая төгрөгийн цалин авдаг болох нь нэвтрүүлгийн үеэр ил болсон. Харин тэрбээр  үүнийгээ “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг. Хэрэв 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн цалингаа чамалж суугаа нь олон нийтийн дургүйцлийг улам бүр төрүүлээд байна. Тэгвэл Д.Баярсайхан захиралаа, Та энэ албан тушаалд очихдоо хэдэн төгрөг төлсөн бэ?????????. Ямар шалтгааны улмаас сарын 10 сая төгрөгний цалинг голж байна вэ. 
 
 Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ТУЗ-ийн шийдвэргүйгээр хууль зөрчиж 9 зөвлөх томилжээ

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн томилогдоод 10 сарын хугацааг ардаа үдлээ. Х.Бадамсүрэн захирлыг  томилогдсон цагаас хойш шинэ байр болон, цалин мөнгө, томилгооны асуудал олны анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл өчигдөрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хууль бус томилгоо ил болж эхэллээ. Түүний хууль бус томилгооны талаар өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Х.Бадамсүрэн захирал өөртөө 9 зөвлөхийн орон тоог дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгаа талаар баримт дэлгэлээ.

Тодруулбал, 
Техникийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа /тэтгэвэр/
Үйлдвэр технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж /тэтгэвэр/
Хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Санхүү эдийн засаг хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа 
Худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ /1956 онд төрсөн тэтгэвэр/
Дотоод асуудал хариуцсан зөвлөх Б.Цэцэг-Очир /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Захирлын олон талт ажиллагаа хариуцсан туслахаар Б.Бүрэн
Гадаад ажилтнуудын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Дмитриев А.А 


Ерөнхий Захирлын зөвлөхөөр Х.Владимирийг тус тус томилсон байна. Эдгээр 9 зөвлөхийн 5 нь тэтгэвэртээ гарсан хүнийг өндөр хэмжээний цалин өгч томилсон байна. 
Мөн үүнээс гадна ТУЗ-ийн шийдвэргүйгээр дахин 11 үүрэг гүйцэтгэгч, хэлтсийн захирлыг шинээр томилсон байна. 

ҮА хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэцогт
Нийгмийн асуудал хариуцсан  дэд захирал Д.Дэлгэрбаяр
БҮ-даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батмөнх
Их барилгын хэлтсийн дарга Д.Батбаяр
Их барилгын хэлтсийн орлогч дарга Д.Өнөбат
Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр
Хангамжийн хэлтсийн орлогч дарга К.Ганзориг
Хөгжлийн бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат
РСЦ ХХК-ийн дарга Н.Энхбат
Спортын ордны дарга Ц. Даваахүү
Эрдэнэт сувилалын цогцолборын дарга Бат-Эрдэнэ нарыг хууль зөрчин томилсон байна. 


Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан байхад хууль зөрчин эдгээр хүмүүсийг томилжээ. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэрт 270 орчим ОХУ-ын гэрээт ажилчин ажиллаж байна. Үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн учраас эдгээр хүмүүсийг эх оронд нь буцаах оронд нь Монгол хүмүүсийг ажиллуулах ажил үе шаттайгаар явагдаж байгаа.Тухайлбал ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд ОХУ-ын 270 ажилчныг 150 болгож цөөлнө” хэмээн хэлсэн байдаг. 
Эрдэнэт үйлдвэр ОХУ-тай 40 гаруй жил хамтарсан үйлдвэрийн статустай ажилласан.Энэ хугацаанд хамтарсаар ирсэн Оросын ард түмэнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Гэтэл үйлдвэр төрийн мэдэлд шилжсэн хэмээн Орос ажилчидаа нутаг буцааж, харин өөрөө тэтгэвэрийн хэдэн хөгшин хүмүүсийг зөвлөхөөр томилоод сууж байх юм. Уг томилгоог хийхдээ ямар ч ТУЗ-ийн шийдвэргүйгээр томилсон нь олны анхаарлыг татаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эрх баригч намын дарга, удирдах албан тушаалтаны хүмүүс өөрийн ойр дотны хамаатан садан, туслахаа Төрийн өмчит томоохон компаниудад шургуулдаг явдал хэрээс хэтэрсэн. Энэхүү томилгоонууд нь төрийн албыг 60 тэрбумаар шожигнотол зарах МАН-ын стратеги,  санхүүгийн схем бодит байдал дээр хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.  Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн зөвлөх болон хэлтсийн захирал үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон эдгээр хүмүүс хэн бэ. Өмнө нь хаана ажиллаж байсан, хэний шахаагаар Эрдэнэт үйлдвэрт шургалсан талаар бид дараагийн дугаартаа мэдээлэл хүргэх болно. 

60 тэрбумын хэрэг мартагдах учиргүй

Төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын бичлэг мартагдах болоогүй. Мартагдах учиргүй. Ингэж хэлсний учир нь сүүлийн хэдэн өдөр Засгийн газар огцорч, нийгэм, улстөрийн амьдралд олон үйл явдал, халуун сэдвүүд өрнөж байна. Тухайлбал Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо, Багш нарын цалинг нэмүүлэх түр хорооныхон маргааш орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн, Эмч, жолооч тээвэрчид шат шатны байгууллагад шаардлага хүргүүлэв. Тэд цалингаа нэмүүлэх, нийгмийн халамжаа сайжруулахыг удирдах байгууллага, Засгийн газарт хүргүүлээд байна. Мөн үүнтэй зэрэгцэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болох бэ гэсэн асуудал өнөөдөр олны анхаарлыг ихэд татаж байна. 

Энэ мэтчилэн нийгэм, улстөрийн халуун сэдвүүдийн дунд алдарт 60 тэрбумын хэрэг “сураг алдарчих" юм биш биз.

60 тэрбум төрийн эсрэг, авлигалын эсрэг Эрүүгийн тусгай зүйл заалттай хэрэг. Гэтэл өнөөдөр 60 тэрбумын хэрэгт холбогдоод байгаа М.Энхболд намын даргын суудлаа өгөөд, Ц.Сандуй ажлаасаа өөрийн хүсэлтээр огцроод энэ хэрэг намдах учиргүй. Эсвэл Прокурорын байгууллага хаасан болохоор ингэс тэгс гээд өнгөрөх хэрэг биш. Энэ хэрэг яагаад таг болчихов.  НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаа өгөх өргөдөл өгсөн. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”  хэмээн хэлсэн байна.  

Тэр ингэж хэлж байхдаа 60 тэрбумын хэрэгт холбогдсон гэдгээ мартав уу. Эсвэл прокурорын байгууллагаас хэргийн хаасан болохоор Ц.Сандуй ингэж ярив уу.

Ц.Сандуй нийслэлийн намын даргын хувьд хүлээн ажил үүргийн хариуцлага алдаж Ерөнхийлөгчийн сонгуульд 7 дүүрэгт ялагдал хүлээсэнд хариуцлага тооцож, ажлаа өгөх нь зүйн хэрэг. Харин 60 тэрбумын хэрэг өөр. Ц.Сандуйг 60 тэрбумын хэрэгт холбогдсоныхон төлөө хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийдэх ёстой


Ц.САНДУЙ 60 ТЭРБУМЫН "АВТОР” ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ҮҮ 

Учир нь өнгөрөгч наймдугаар сарын 17-ны өдөр МАН-ын УЗ-ийн хурал болсон. 60 тэрбумын хэрэгт холбогдуулаад Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудал УЗ-ийн гишүүдийн дунд яригдсан ч  МАН-ын дарга М.Энхболд “60 тэрбумын асуудлыг шүүхээс эвлүүлэг гэж үзсэн учир Ц.Сандуйд хариуцлага тооцох шаардлагагүй” гэсэн байр суурийг илэрхийлж “улаан нүүрээрээ” хамгаалж гарсан.  Үүний дараахан Ц.Сандуйгийн ярианы бичлэг дахин цацагдсан. Гэхдээ энэ удаад  хоёр жилийн өмнө  төрийн албан тушаалыг зарж 60 тэрбум төгрөг болгох тухай ярианы бичлэг  биш, харин саяхан болсон МАН-ын  УЗ-ийн хурал дээр тэрбээр 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг өөрийн биеэр батлаад хэлчихсэн бичлэг задарсан юм. Тус бичлэгт Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ:

Тус бичлэгт Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ: “… тэр Доржзодов гэдэг нөхрийг  Ганбаатараар дамжуулан оруулж ирж энэ илүү дутуу балай юмыг ярьж, танилцуулга нэрээр хэд хэдэн удаа хийсэн. Би сонссон, гэхдээ энийг хэрэгжүүлээгүй шүү дээ, бүгдээрээ л яриад тэндээсээ сонсож байсан…, тэр дунд ийм асуудлууд яригдсан…” хэмээжээ. 

60 тэрбумын асуудлыг ярьснаа шүүхээр тогтоолгох шаардлагагүйгээр, эвлүүлэг мөн биш гэж маргах хэрэггүйгээр өөрөө нотлон хэлчихсэн.  Нэгэнт Ц.Сандуй 60 тэрбумын "автор” болохоо өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн. Энэ мэтчилэн Ц.Сандуй өөрөө 60 тэрбумын хэрэгт холбоотой гэдгээ нотлоод байхад түүнд яагаад хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийдвэрлэхгүй байна бэ?. 

Дональд Трамп: Хойд Солонгосыг шаардлагатай бол "албадан нураахад"  бэлэн байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейд илтгэл тавьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч тус илтгэлдээ  Ираныг "харгис дэглэмийн багахан бүлэглэл" гэж нэрлэсэн  бөгөөд АНУ-ын зүгээс Хойд Солонгосыг шаардлагатай бол "албадан нураахад"  бэлэн байна хэмээн мэдэгдсэн байна. Мөн Дональд Трамп хэлэхдээ “АНУ өөрсдийгөө эсвэл холбоотнуудаа хамгаалах шаардлага гарах юм бол бид Хойд Солонгосыг бүрэн устгахаас өөр аргагүй болно” хэмээн хэлсэн байна. 

Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ: Трампын хэлсэн үг дундаж зууны үед хэрэглэгдэх үг бөгөөд энэ нь 21-р зуунд байх ёсгүй хэмээн хариу хэлсэн байна. Хойд Солонгосын Ерөнхийлөгч энэ устгалын заналхийлэлд хариу хараахан өгөөгүй байгаа юм байна. Мөн Вашингтон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн зэвсгийн шалгалтыг Хойд Солонгост дахин дахин сэрэмжлүүлсээр байна. Мягмар гаригт ноён Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ийг  "Пуужинтай хүн амиа хорлох даалгаварт явж байна’’ хэмээн шүүмжлэн хэлсэн байна.
Шведийн Гадаад хэргийн сайд Margot Wallstrom, BBC-д: "Буруу цагт, Буруу яриаг, буруу үзэгчдэд хэллээ" хэмээн Дональд Трампыг шүүмжилсэн байна. 
Дональд Трамп илтгэлдээ  Венесуэлд Засгийн Газрыг авлигад автсан ба "социалист дэглэмийн дарангуйлал" хэмээн нэрлэсэн байна.  Үүний эсрэг АНУ улс арга хэмжээ авахаар бэлдэж байгаа талаар анхааруулан хэлжээ. Үүний хариуд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Жорж Arreaza "аюул заналхийлэл"-ийг нь эсэргүүцэж, "Трамп бол дэлхийн ерөнхийлөгч биш ... тэр ч байтугай өөрийн засгийн газрыг удирдаж чадахгүй" гэж шүүмжилсэн байна. 

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ДӨРӨВ ХОНОГ амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ирэх сард дөрөв хоног амарна гэж ГХЯ-наас мэдэээллээ.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2017 оны аравдугаар сарын 1,2,3,4-ний өдрүүдэд  Хятад Улсын Үндэсний баяр болон Намрын баярын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор  ажиллахгүй.Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Х.Баттулга: Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцоогүй нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа. Энэ талаар болон цаг үеийн бусад мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй.  Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болох юм байна лээ. Мөн Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Манай улсын Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцохоор зорьсон. Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан. Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой. Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж АТГ байгаа. Харамсалтай нь АТГ-т эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа.
Нүүрсний хувьд манай улс нүүрснээс бусад бүтээгдэхүүн экспортолдог улс байх ёстой.Нүүрсний үнийн өсөлт буулт хоёр дээр бид эдийн засгаа томьёолж ярьдаг. Тэгвэл одоо бодит эдийн засагтай байх хэрэгтэй байна. Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг зорилгыг хэрэгжүүлэх чин хүсэлтэй байгаасай гэж бодож байна. Монголоо гэсэн сэтгэлтэй сайд гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй" хэмээн хэллээ.

 "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаа өгөөгүй гэв

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарсан. Бид энэ талаар Эрдэнэт үйлдвэрээс тодуулахад "Ташаа мэдээлэл байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өргөдлөө өгөөгүй" хэмээн хэллээ. Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нь 2016 оны 11-р сарын 23-ы өдрийн  22-р тогтоолоор томилогдсон. Өмнө нь  Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн хийж байсан билээ. 

Жижиглэн худалдаа эрхлэгчид өлсгөлөн зарлана

Хархорин захын зам дагуу худалдаа эрхэлдэг худалдаа эрхлагчид мөн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 3,4 дүгээр хороололд гар дээрээс худалдаа наймаа эрхлэгчид өлсгөлөн зарлана хэмээн мэдээлэл хийлээ. “Нийслэл хотод гар дээрээс худалдаа эрхлэгч 1000 гаруй иргэн байдаг бөгөөд тэднийг байнга хөөж тууж, торгууль, хураамж авдаг. Улсаас нэг ч төгрөг гуйгаагүй, өөрөө өөрсөддөө ажлын байр бий болгож , амьдралаа авч яваа иргэдийг шахаж хавчих нь хэвийн үзэгдэл болсон тул бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэхээр болсон. Бид 100 гаруй хүний ажлын байрын төлөө тэмцэж байна. Үүний төлөө би үхэж ч чадна” хэмээн худалдаа эрхлэгчид ярьж байна. Жижиглэн худалдаа эрхлэгч 50 хүн маргаашнаас хуурай өлсгөлөн зарлахаар болсон гэнэ. 

85 дугаар цэцэрлэгийн тааз нурж унажээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн 'А' бүлгийн бие засах өрөөний дүүжин тааз өдрийн 16:00 цагийн орчимд нурсан байна. Азаар энэ үеэр 00 өрөөнд хүүхэд байгаагүй аж. Тус цэцэрлэг  ашиглалтад ороод 39 жил болж байгаа, хуучны барилга. Цэцэрлэгийн 'А' бүлгийн бие засах өрөөний дүүжин тааз нурсанаас гадна  спорт заалны тааз, хана усанд идэгдсэн байдалтай өдийг хүрчээ. 1979 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан энэ цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ өнөөдөр 600 гаруй хүүхэд энд суралцдаг. 'Бие засах өрөөний дүүжин тааз нурсан юм чинь, үүнтэй адил ус нэвчсэн бусад хэсгийн тааз ч унах эрсдэлтэй байгаа аж. Тус цэцэрлэгт урсгал засвар хийх шаардлагатай болж байгаа тул дүүргийн Засаг дарга болон холбогдох яам анхааралдаа авч, түргэн шуурхай шийдэж өгөхийг цэцэрлэгийнхэн хүсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
АРД ТҮМЭН МИНЬ ААР СААР АСУУДЛААР ӨЛСӨЖ БАЙХЫН ОРОНД МАНАН-ГЫН ХАР ХҮЧИЙГ УСТГАЧИХВАЛ АМЬДРАЛ АЯНДАА САЙХАН БОЛОХ БОЛНО ШҮҮ.ТИЙМЭЭС ӨЛСГӨЛӨНГӨӨ ӨРГӨТГӨЖ МАНАН-Г ДАРАХЫН ТӨЛӨӨ АРД ТҮМЭНГ УРИАЛААРАЙ. БИ
2017/09/21 202.179.26.185
ИРГЭН
ТИЙМЭЭС ШҮҮХ ЦАГДАА ПРОКУРОРУУДЫГ Ч ГЭСЭН ШАЛГАЖ 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ДАХИН СЭРГЭЭЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ НУЛИМСАН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРАХ ХҮРТЭЛ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. МОНГОЛЧУУД АА.БОСОХ СЭРЭХ ЦАГ НЬ
2017/09/21 202.179.26.185
ИРГЭН
ШҮҮХ ПРОКУРОРЫНХОН Ч ГЭСЭН 60-ЫН ХУЙВАЛДААНД ОРОЛЦОЖ АЛБАН ТУШААЛ АВСАН БОЛООД Л ТЭД ЭНЭ ХЭРГИЙГ ЗҮГЭЭР Л ХААЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ. ТИЙМГҮЙ БАЙСАН БОЛ СОХОР ДҮЛИЙ ТЭНЭГ Л БИШ БОЛ ИЙМ ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭ
2017/09/21 202.179.26.185