8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Шүр-Эрдэнэ: Эцэг, эх хүүхдийн хоорондох амьд харилцааг гар утас орлохгүй

2017-09-21 09:24:00

Монголын Хөтлөгчдийн холбооноос “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ЕБС-ийн бага анги болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааг Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?, Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ гэсэн хоёр асуултад хариулт авсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь дэлгэцийн хамааралтай гэсэн дүн гарсан байна. Уг судалгааны ажлын талаар “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяныг хэрэгжүүлэгч, зохиолч, судлаач П.Шүр-Эрдэнэтэй цөөн хором ярилцсан юм.  

-“Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ямар ажил хийсэн бэ. Аяны зорилго?

 -Аяны хүрээнд энэ хичээлийн шинэ жил есдүгээр сар эхлэхэд хүүхдүүдийн дунд дэлгэцийн хамаарлын судалгаа явуулсан.Судалгаанд ЕБС-ийн  ерөнхий I, II, III анги болон цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 720 хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс “Чөлөөт цаагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ”, “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ” гэсэн хоёр асуулт асуусан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утсаар тоглодог гэсэн хариулт өгсөн. Үлдсэн цөөхөн хувь нь өөр олон төрлийн тоглоомоор тоглох сонирхолтой байдаг гэсэн хариулт өгсөн.  Энэхүү судалгааны гол зорилго нь хүүхдүүдээ дэлгэцийн биш номын нөхөр болгоё, ном уншдаг, сонирхолтой, энэ чиглэлийн хоббийг нь хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Яагаад заавал бага насны хүүхдийг сонгосон гэхээр 4-8 насны хүүхэд аливаа зүйлийг ямар ч шалгаруулж, цензургүйгээс шууд тусгаж авдаг. Мөн эцэг эхчүүд энэ хүүхдүүдэдээ биечилж анхаарал хандуулах гэхээс илүү телевиз, компьютер асааж өгдөг. Эсвэл утсаараа тоглуулах тохиолдол их байдаг. Тиймээс энэ насны хүүхдүүдэд дэлгэцийн донтолт хэр байгааг гаргаж, цаашид хэрхэн арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг судалж гаргахыг зорьсон.

 -Аяны хүрээнд “Адал явдалт Зуна” цуврал зохиол бичсэн гэсэн. Зохиолд дэлгэцийн хор уршгийн талаар хэрхэн яаж өгүүлж байгаа вэ?

 - “Адал явдалт Зуна” хүүхдийн цуврал зохиол бичиж, анхны номоо гаргасан. Номын зорилтот бүлэг нь 4-13 насны хүүхэд. Зохиолд дэлгэцийн тоглоом маш их тоглодог хүүхдийн адал явдлын талаар өгүүлсэн. Тэрбээр дэлгэцийн тоглоом хэт тоглосоноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах, эсвэл тоглоом дотроо орох, гар утас болон хувирах зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд, эргэж хүүхэд болохын тулд хичээж байгаа чармайлалт гарна. Энэ хугацаанд эцэг, эх, найз нөхдөө хүндэлж хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх зэрэг олон зүйлийг ойлгоод гэртээ ирж байгаа талаар гарч байгаа.

-Судалгаанд хамрагдсан хүүхдүүд өдрийн хэдэн цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна вэ?

 -Янз бүр. Гэхдээ зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрт нь телевизор, компьютер асааж өгөөд ажилдаа явдаг гэж хариулж байсан. Энэ ажлын өдрүүдэд ажлын цагаар гэсэн үг. Нэг хүүхэд өдөртөө 4-8 цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна гэдэг маш харамсалтай байна. Өдөрт 30 минутаар 2-3 удаа компьютер, ухаалаг утсаар тоглуулж болно. Түүнээс илүү цагаар хэрэглүүлж болохгүй. Гэтэл зарим хүүхдүүд 4-8 цаг дэлгэцийн өмнө байна гэдэг маш муу.  

-Дэлгэцийн хамаарал бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ? 

-Маш олон сөрөг нөлөөтэй. Хамгийн эхэнд хараа муудна. Сэтгэн бодох чадвар , ой тогтоолт муудах, хэл ярианы хөгжил муу болох зэрэг сөрөг үр дагавартай. Мөн дэлгэцнээс ялгарч буй туяа хорт хавдар үүсгэх магадлал өндөр гэсэн судалгаа байдаг. Хүүхэдтэйгээ ярьдаггүй, ямар нэгэн зүйл болонгуут кино үзүүлдэг, утсаар тоглуулж аргалчихдаг. Үүнээс үүдэн хүүхэд хүнтэй харьцаж чадахгүй, хэл ярианы хөгжил султай болж байна.

-Бага насны хүүхэдтэй, хүүхдээ гар утсаар тоглуулдаг эцэг, эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ. Ямар зөвлөгөө өгөх вэ?

 -Зарим эцэг, эхчүүд манай хүүхэд утас үзээд гадаад үг сурч байгаа, ийм зүйл сурсан гэж сайрхаж ярьдаг. Энэ маш буруу. Бага насны хүүхэд амьд харилцаа маш чухал. Эцэг, эх хүүхдийн хоорондох амьд харилцааг гар утас орлохгүй гэдгийг хэлмээр байна. Тиймээс хүүхэддээ утас өгч аргалахын оронд харилцан ярилцаад үзэх хэрэгтэй, Эсвэл ямар нэгэн зүйл хамт хийж болно. Хүүхдийнхээ  хүсэл, сонирхолд тааруулан дугуйлан секцид явуулж болно. Энэмэчилэн маш олон хүүхэдтэйгээ амьд, эерэг харилцааг бий болгох  арга байна. Үүнийг амьдралдаа хэвшүүлж бага насны хүүхдээ дэлгэцээс хол байлгаачээ гэж хэлмээр байна. Мөн бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамтдаа ном, үлгэр унших цагийг зөв боловсон өнгөрөөх хэрэгтэй.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Энэ хүнүү
2017/09/21 35.189.180.104