8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Уранбилэг: Амьдралын боломжгүй хүүхдүүд сурагчдын 50-60 хувийг эзэлдэг

2017-09-21 10:59:00

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгтэй ярилцлаа.

Монголд анхны хүүхдийн тодотголтой галерейтай боллоо

-Сайн байна уу? Энэ жил Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа их эрчимтэй байгаа харагдсан. Төвийнхөө  сонин сайхнаас хоёулаа яриагаа эхлүүлэе гэж бодож байна?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай төв саяхан  29 дэх  хичээлийн жилийн нээлтээ хийж 16 төрлийн 23 дугуйланд  2000 орчим  хүүхэд  элсүүлэн авсан. Өнгөрөгч хичээлийн жилд 900 хүүхэд суралцсан бол энэ жил хүүхдийн тоо 2000 хүрлээ. Уран бүтээл хийх хүсэл сонирхолтой хүүхдүүд улам нэмэгдэж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил хүүхдүүдийнхээ танин мэдэх, сурч боловсрох, хөгжихөд олон улсын болон дотоодын олон томоохон арга хэмжээ, үзэсгэлэн, уралдаан зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Сүүлд хийсэн ажлуудаасаа дурьдвал  "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн Уран бичлэгийн наадмыг ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа. Мөн Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулсан. Хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг, өөрсдийн хүч хөдөлмөрийн үр дүнд төвдөө “ОРД” хэмээх хүүхдийн уран бүтээлийн сайхан галерейтай боллоо. Тун удахгүй  албан ёсны нээлтийн арга хэмжээ хийхээр бид урам зоригтойгоор бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.

-Хүүхдийн уран бүтээлийн галерей гэхээр их сонин содон сонсогдож байна?

-Монголд анхны хүүхдийн тодотголтой галерей байгаа юм. Уран бүтээлч хүүхэд бүр бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргахыг хүсдэг боловч жишигт нийцсэн, гол нь үнэ төлбөргүй галерей байдаггүй. Тиймээс хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжихүйц ажил болсон. Галерейны нээлтийг тохиолдуулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үе үеийн төгсөгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

ОУ-ын хүүхдүүдийн уран бүтээлийн наадамд БНХАУ, ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар улс, Монгол улсаас 510 хүүхэд, нийт 580 бүтээлээр оролцлоо

-Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан. Хичнээн орны хэдэн уран бүтээлч хүүхдүүд оролцсон бэ?

-Наадамд БНХАУ, ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар улс, Монгол улсаас 510 хүүхэд, нийт 580 бүтээлээр оролцлоо. Оролцсон бүх хүүхдүүдээ шагнаж урамшуулж баярлууллаа. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах, хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжих, хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Эдгээр олон улсын наадмыг зохион байгуулсанаар  уран бүтээлч хүүхдүүддээ урам зориг хайрласан үр дүнтэй ажил болсон.

- Хүүхдийн уран бүтээлийн наадмын үеэр оролцогч уран бүтээлч хүүхдүүд маань ч Монгол орныхоо сайхан бүхнийг өөрсдийн уран бүтээлдээ шингээж чадсан нь үнэхээр бахархууштай санагдсан. Энэ наадмыг дахин манай оронд зохиогдох боломжтой юу

-Тиймээ боломжтой. Бид Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Ирэх жил ӨМӨЗО-ны Хөх хотод хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Монгол Туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадамд Буриад, Халимаг, Тувагийн хүүхдүүдийг хамруулахаар ярилцаж байна. Гол нь санхүүгийн асуудалаа хэрхэн шийдэхээс л шалтгаална.

Миний хувьд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийг үнэ төлбөртэй байлгахын эсрэг байр суурьтай байдаг

-Энэ жилээс эхлэн Хүүхдийн  Урлан бүтээх төвийг ямар ч үнэ төлбөргүй болсон гэж сонссон. Бусад хүүхдийн хөгжлийн байгууллагууд дийлэнх нь төлбөртэй байдаг шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний төлбөртэй болговол илүү олон тэмцээн уралдааныг Олон улсын хэмжээнд хийх боломжтой болохгүй юу?

-Миний хувьд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийг үнэ төлбөртэй байлгахын эсрэг байр суурьтай байдаг. Учир нь манай төв газар зүйн байршилын хувьд гэр хороололтой хаяа дэрлэдэг болохоор амжиргааны төвшин доогуур, амьдралын боломжгүй хүүхдүүд сурагчдын 50-60 хувийг эзэлдэг. Хэрэв төлбөртэй болговол энэ хүүхдүүд сургалтанд хамрагдах боломжгүй болно. Хүүхдүүд цагийг дэмий сэлгүүцэж өнгөрөөснөөр элдэв гэмт хэрэг, ёс бус зүйлд уруу татагдах, PC тоглоом, гар утсанд донтох аюултай. Тиймээс манай байгууллага төлбөртэй сурах боломжгүй олон сайхан авьяаслаг хүүхдүүдээ дэмжих, ур чадварыг нь хөгжүүлэх, олон улсад таниулах чин хүсэлтэй ажилладаг. Бид хүүхдийн хөгжлийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж байгаа.

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвд суралцсанаар  ямар давуу талтай вэ?

-Хүүхэд өөрийн оюун бодол, сэтгэхүйгээр урлан бүтээх нь тодорхой зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, тэвчээртэй болдогоос гадна амьдралын арга ухаанд суралцаж мэргэжлийн чиг баримжаагаа олж авдаг.

-Шинэ хичээлийн жилдээ ямар ажлууд төлөвлөж байна вэ. Цаашдын үйл ажиллагааны талаар?

-Манай хамт олон “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна. Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн 30 жилийн ой 2018 онд тохионо. Ойн хүрээндээ бид  хүүхдийн хөгжлийг дэмжсэн 30 ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Олон улсын урлаг соёлын болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж гадаад харилцаагаа улам бүр өргөжүүлэхээр хичээж байна.

-Яагаад заавал “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн уриаг сонгох болов?

-Улс үндэстний дархлаа бол ард иргэд уламжлалт түүх соёлоо хэрхэн зөв өвлөж үлдэх, зохистой залгамжлан авч явахаас шууд хамаардаг. Бидний хойч үе, ирээдүйн Монголын хөгжлийг бүтээх хүүхдүүд  түүх соёлоо мэдэж, өв уламжлал, зан заншлаа дээдэлдэг байж улсаа хүчирхэг авч явна шүү дээ.  Тийм учраас бид хүүхэд багачууддаа түүх, өв соёлоо залгамжлуулан үлдээж, баялаг бүтээгчдийг сурган хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

 -Миний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR MAXWELL
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын: +33751490980
2019/11/19 197.211.58.125