Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай орж байна. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дуусжээ.
Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан. Мөн “Ногоон хэрэм” төслийн хурдны авто замын трасстай давхацсан хэсгийг трассаас гарган мэдээллийн санд бүртгэсэн байна.
Тус авто замын 70 хувийг БНХАУ-ын Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп хийхээр шалгарч, үлдсэн 30 хувийг “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар гүйцэтгэхээр Зам, тээврийн яамтай гэрээ байгуулсан юм.
Гэрээгээр авто замын газар шорооны ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2019 оны дөрвөн сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж.