8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МАН-ын 40 гаруй гишүүн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжиж, Хөвсгөл аймагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

2017-09-21 18:40:00

Улаанбаатарт өвлийг угтсан анхны цас бударлаа. Урд орой шивэрсэн бороо шөнөдөө цас болон өглөөг угтав. Өнөөдөр нийслэлд нойтон цас орж, хальтиргаатай байгаа тул та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сануулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээтэй байна. Дээрх байгалийн таагүй үзэгдлээс шалтгаалан замын үзэгдэх орчин хязгаарлагдах, зорчих хэсгийн гадаргууд хальтиргаа гулгаа үүсэх, зарим өндөр даваа, гүвээ тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх боломжгүй болох зэрэг эрсдэлтэй байгаа тул орон нутагт зорчиж буй жолооч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

• Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
• Замын гадаргуу, тээж яваа ачаа, тээврийн хэрэгслийн онцлогт хурдаа тохируулан явах.
• Аюулгүй байдлаа хангаж жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг хэрэглэх.
• Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож зайлшгүй зогсолт хийхдээ аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлж, ослын зогсолтын тэмдэг, ослын дохионы гэрлийг зайлшгүй хэрэглэх.
• Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд гэрлийг шилжүүлж аюулгүй байдлыг хангах.
• Ургац хураалт, тээвэрлэлт хийж байгаа тээврийн хэрэгслүүд “Ачаа тээвэрлэх журам”-г баримтлах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Ингээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Тэр бол “МАНАН”-гийн үргэлжлэл

-М.Энхболдын сайн дүү  Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болох уу?-

Улаанбаатар хот “МАНАН”-тай өглөөг угтаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйд хариуцлага тооцох асуудлыг нийслэл дээр ярина биз” гэснээс хойш нийслэлийн МАН-ын даргаар хэн томилогдох бол гэсэн асуулт харилт нэхэн “хөвөрсөөр”. Энэ хэрээр Ц.Сандуйгийн оронд хэн томилогдох бол гэсэн яриа, таамаг ч гарч эхэлсэн. Тэгвэл НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, НИТХ-ын төлөөлөгч Оюуны ундраа группын захирал Ц.Амарсайхан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшүүлжээ. Өчигдөр болсон нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаанаар НИТХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.

Хурлаар Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан нарын нэрийг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх санал оруулсан байна. Өнөөдөр НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан нарын нэгнийх нь нэрийг НИТХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Тэгвэл энэ гурван хүнээс хотын фракциас НИТХ-д дарга нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн Ж.Батбаясгалан гэнэ.

Нийслэлийн МАН-ын НИТХ-ын шинэхэн даргад яригдаж байгаа Ж.Батбаясгалан гэж хэн бэ?. Тэр “МАНАН”-гийн үргэлжлэл. Товчхондоо хотод “МАНАН” үргэлжлэн татах уу. Учир нь хотын фракциас НИТХ-д дарга нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн Ж.Батбаясгалан нь М.Энхболд, Т.Бадамжунай нартай ойрын харилцаатай бол Г.Төмөрбаатар, Д.Баярсайхан нар нь Ц.Сандуйгийн хүмүүс гэгддэг аж.  Ж.Батбаясгалан өмнө нь М.Энхболдын өөрийн хүн гэгддэг Т.Бадамжунайгийн туслах, бие төлөөлөгч хийж байсан. Т.Бадамжунай УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд, МАН-ын Нарийн Бичгийн дарга ажлыг хийж байсан. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

П.Шүр-Эрдэнэ: Эцэг, эх хүүхдийн хоорондох амьд харилцааг гар утас орлохгүй

Монголын Хөтлөгчдийн холбооноос “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ЕБС-ийн бага анги болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааг Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?, Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ гэсэн хоёр асуултад хариулт авсан байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь дэлгэцийн хамааралтай гэсэн дүн гарсан байна. Уг судалгааны ажлын талаар “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяныг хэрэгжүүлэгч, зохиолч, судлаач П.Шүр-Эрдэнэтэй цөөн хором ярилцсан юм.  

-“Хүүхдээ дэлгэцээс аваръя” аяны хүрээнд ямар ажил хийсэн бэ. Аяны зорилго?

 -Аяны хүрээнд энэ хичээлийн шинэ жил есдүгээр сар эхлэхэд хүүхдүүдийн дунд дэлгэцийн хамаарлын судалгаа явуулсан. Судалгаанд ЕБС-ийн  ерөнхий I, II, III анги болон цэцэрлэгийн ахлах бүлгийн нийт 720 хүүхдийг хамруулсан. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс “Чөлөөт цаагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ”, “Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсдэг вэ” гэсэн хоёр асуулт асуусан. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утсаар тоглодог гэсэн хариулт өгсөн. Үлдсэн цөөхөн хувь нь өөр олон төрлийн тоглоомоор тоглох сонирхолтой байдаг гэсэн хариулт өгсөн.  Энэхүү судалгааны гол зорилго нь хүүхдүүдээ дэлгэцийн биш номын нөхөр болгоё, ном уншдаг, сонирхолтой, энэ чиглэлийн хоббийг нь хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Яагаад заавал бага насны хүүхдийг сонгосон гэхээр 4-8 насны хүүхэд аливаа зүйлийг ямар ч шалгаруулж, цензургүйгээс шууд тусгаж авдаг. Мөн эцэг эхчүүд энэ хүүхдүүдэдээ биечилж анхаарал хандуулах гэхээс илүү телевиз, компьютер асааж өгдөг. Эсвэл утсаараа тоглуулах тохиолдол их байдаг. Тиймээс энэ насны хүүхдүүдэд дэлгэцийн донтолт хэр байгааг гаргаж, цаашид хэрхэн арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг судалж гаргахыг зорьсон.

 -Аяны хүрээнд “Адал явдалт Зуна” цуврал зохиол бичсэн гэсэн. Зохиолд дэлгэцийн хор уршгийн талаар хэрхэн яаж өгүүлж байгаа вэ?

 - “Адал явдалт Зуна” хүүхдийн цуврал зохиол бичиж, анхны номоо гаргасан. Номын зорилтот бүлэг нь 4-13 насны хүүхэд. Зохиолд дэлгэцийн тоглоом маш их тоглодог хүүхдийн адал явдлын талаар өгүүлсэн.Тэрбээр дэлгэцийн тоглоом хэт тоглосоноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах, эсвэл тоглоом дотроо орох, гар утас болон хувирах зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд, эргэж хүүхэд болохын тулд хичээж байгаа чармайлалт гарна. Энэ хугацаанд эцэг, эх, найз нөхдөө хүндэлж хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх зэрэг олон зүйлийг ойлгоод гэртээ ирж байгаа талаар гарч байгаа.

-Судалгаанд хамрагдсан хүүхдүүд өдрийн хэдэн цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна вэ?

 -Янз бүр. Гэхдээ зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрт нь телевизор, компьютер асааж өгөөд ажилдаа явдаг гэж хариулж байсан. Энэ ажлын өдрүүдэд ажлын цагаар гэсэн үг. Нэг хүүхэд өдөртөө 4-8 цагийг дэлгэцийн өмнө өнгөрүүлж байна гэдэг маш харамсалтай байна. Өдөрт 30 минутаар 2-3 удаа компьютер, ухаалаг утсаар тоглуулж болно. Түүнээс илүү цагаар хэрэглүүлж болохгүй. Гэтэл зарим хүүхдүүд 4-8 цаг дэлгэцийн өмнө байна гэдэг маш муу.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ТУЗ-ийн шийдвэргүйгээр хууль зөрчиж 9 зөвлөх томилжээ

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ТУЗ-ийн шийдвэргүйгээр хууль зөрчиж 9 зөвлөх томилжээ

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн томилогдоод 10 сарын хугацааг ардаа үдлээ Х.Бадамсүрэн захирлыг  томилогдсон цагаас хойш шинэ байр болон, цалин мөнгө, томилгооны асуудал олны анхаарлыг татсаар ирсэн. Тэгвэл өчигдөрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хууль бус томилгоо ил болж эхэллээ. Түүний хууль бус томилгооны талаар өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Х.Бадамсүрэн захирал өөртөө 9 зөвлөхийн орон тоог дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгаа талаар баримт дэлгэлээ.

Тодруулбал, 
Техникийн асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Адъяа /тэтгэвэр/
Үйлдвэр технологи хариуцсан зөвлөхөөр Н.Бямбадорж /тэтгэвэр/
Хангамж хариуцсан зөвлөхөөр С.Жамбаа /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Санхүү эдийн засаг хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа 
Худалдаа хариуцсан зөвлөхөөр Я.Пүрэвээ /1956 онд төрсөн тэтгэвэр/
Дотоод асуудал хариуцсан зөвлөх Б.Цэцэг-Очир /1957 онд төрсөн тэтгэвэрт гарсан/
Захирлын олон талт ажиллагаа хариуцсан туслахаар Б.Бүрэн
Гадаад ажилтнуудын асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Дмитриев А.А 


Ерөнхий Захирлын зөвлөхөөр Х.Владимирийг тус тус томилсон байна. Эдгээр 9 зөвлөхийн 5 нь тэтгэвэртээ гарсан хүнийг өндөр хэмжээний цалин өгч томилсон байна. 
Мөн үүнээс гадна ТУЗ-ийн шийдвэргүйгээр дахин 11 үүрэг гүйцэтгэгч, хэлтсийн захирлыг шинээр томилсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү

Д.Уранбилэг: Амьдралын боломжгүй хүүхдүүд сурагчдын 50-60 хувийг эзэлдэг

Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгтэй ярилцлаа.

МОНГОЛД АНХНЫ ХҮҮХДИЙН ТОДОТГОЛТОЙ ГАЛЕРЕЙТАЙ БОЛЛОО

-Сайн байна уу? Энэ жил Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн үйл ажиллагаа их эрчимтэй байгаа харагдсан. Төвийнхөө  сонин сайхнаас хоёулаа яриагаа эхлүүлэе гэж бодож байна?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай төв саяхан  29 дэх  хичээлийн жилийн нээлтээ хийж 16 төрлийн 23 дугуйланд  2000 орчим  хүүхэд  элсүүлэн авсан. Өнгөрөгч хичээлийн жилд 900 хүүхэд суралцсан бол энэ жил хүүхдийн тоо 2000 хүрлээ. Уран бүтээл хийх хүсэл сонирхолтой хүүхдүүд улам нэмэгдэж байгаад баяртай байна. Өнгөрсөн жил хүүхдүүдийнхээ танин мэдэх, сурч боловсрох, хөгжихөд олон улсын болон дотоодын олон томоохон арга хэмжээ, үзэсгэлэн, уралдаан зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Сүүлд хийсэн ажлуудаасаа дурьдвал  "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдийн Уран бичлэгийн наадмыг ӨМӨЗО-ны Соёл урлагийн солилцооны нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа. Мөн Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулсан. Хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэг, өөрсдийн хүч хөдөлмөрийн үр дүнд төвдөө “ОРД” хэмээх хүүхдийн уран бүтээлийн сайхан галерейтай боллоо. Тун удахгүй  албан ёсны нээлтийн арга хэмжээ хийхээр бид урам зоригтойгоор бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.

-Хүүхдийн уран бүтээлийн галерей гэхээр их сонин содон сонсогдож байна?

-Монголд анхны хүүхдийн тодотголтой галерей байгаа юм. Уран бүтээлч хүүхэд бүр бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргахыг хүсдэг боловч жишигт нийцсэн, гол нь үнэ төлбөргүй галерей байдаггүй. Тиймээс хүүхдийн хөгжлийг бодитоор дэмжихүйц ажил болсон. Галерейны нээлтийг тохиолдуулан Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үе үеийн төгсөгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

-Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан. Хичнээн орны хэдэн уран бүтээлч хүүхдүүд оролцсон бэ?

-Наадамд БНХАУ, ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар улс, Монгол улсаас 510 хүүхэд, нийт 580 бүтээлээр оролцлоо. Оролцсон бүх хүүхдүүдээ шагнаж урамшуулж баярлууллаа. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхдийн авьяас чадвар, бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах, хүүхдийн хүсэл тэмүүллийг дэмжих, хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Эдгээр олон улсын наадмыг зохион байгуулсанаар  уран бүтээлч хүүхдүүддээ урам зориг хайрласан үр дүнтэй ажил болсон.

- Хүүхдийн уран бүтээлийн наадмын үеэр оролцогч уран бүтээлч хүүхдүүд маань ч Монгол орныхоо сайхан бүхнийг өөрсдийн уран бүтээлдээ шингээж чадсан нь үнэхээр бахархууштай санагдсан. Энэ наадмыг дахин манай оронд зохиогдох боломжтой юу

-Тиймээ боломжтой. Бид Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар зорьж байна. Ирэх жил ӨМӨЗО-ны Хөх хотод хийхээр төлөвлөж байгаа. Мөн “Монгол Туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадамд Буриад, Халимаг, Тувагийн хүүхдүүдийг хамруулахаар ярилцаж байна. Гол нь санхүүгийн асуудалаа хэрхэн шийдэхээс л шалтгаална.Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү.

МАН-ын 40 гаруй гишүүн "У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэж мэдэгджээ

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг огцорсоны дараа дараагийн Ерөнхий сайдын марафон эхэлсэн. Ерөнхий сайдад нэлээд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд ихэнхи гишүүд улс төрийн туршлага, насны хувьд ч тэр У.Хүрэлсүх зохицно гэж саналаа нэгтгэсэн байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн "У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн албан бланк дээр, МАН-ын 40 гаруй гишүүн гарын үсгээ зурж, МАН-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн малчин М-ийн гурван тугал халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч лабораторид шинжлүүлэхэд "Боом" өвчин болох нь тогтоогджээ.Иймд тухайн өвчин гарсан газарт Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна.Боом өвчний голомтод таван айлын 11 хүн, мянга гаруй мал байгаагаас 200 гаруйг нь вакцинжуулсан байна. 

Багш нарын ажил хаялт хугацаагүй үргэлжлэнэ

Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийлээ. Одоогоор улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай байна. Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй үргэлжилнэ. Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна хэмээн мэдээлэл хийлээ. Ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай, СӨБ 28 хувьтай. Харин улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. Нийт 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна.Энэ бол “Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой” багш нар хүсэж байна.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ойлгомжгүй
40 гишүүн Хөвсгөл аймагт хорио цээр тогтоосон гэдэг нь Хөвсгөлийн Энхтүвшинг гаргахгүй гэсэн санаа юу?
2017/09/23 107.167.113.75