МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Одоогийн байдлаар Ерөнхий сайдад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Н.Энхболдын нэр албан ёсоор яригдаж байгаа. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэжээ.
Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдлээ
2017-09-22 09:36:03