МАН-ын Бага хурал энэ сарын 25-ны өдөр буюу ирэх даваа гаригт 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газар огцорч, Бага хурлаар шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх тов гарсан өдрөөс хойш Ерөнхий сайдад өрсөлдөх хүмүүсийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, олны дунд таамаг дэвшүүлсээр өнөөдрийг хүрэв. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдал нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” хэмээн захилдал илгээж Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдлээ.
Тэгвэл 30 дахь Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж буй Ө.Энхтүвшин гэж хэн бэ. Монгол Улсын 30 Ерөнхий сайд болох уу, Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж чадах хүн мөн үү. Түүний улс төрийн түүхэн замналаас хэд хэдэн баримт мэдээллийг эргэж сөхье. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа. 2005 онд "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож намаа шинэчлэх тухай ярьж явсан.
Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилогдон цагаас хойш түүний байгуулсан "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрээр шантаажилж байж тухайн үеийн БСШУЯ-ны сайд болж байсан түүхтэй.
2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан. 2008 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож байсан. “МАХ” Ө.Энхтүвшин гэдэг “хоч”-той болсон нь түүний улс төрийн амьдрлын “оргил” үе байсан гэхэд болно. Учир нь 2013 онд Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байна гэж шүүмжилж махны үнэ 1200 төгрөгт хүрчихлээ гэж хэлсэн нь олныг “мэл гайхуулж”, “цэл хөхрүүлж” байсан түүхтэй. 2013 онд нэг кг мах 8-10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Махны үнэ мэдэхгүй УИХ-ын гишүүн өнөөдөр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаа нь хэр зохистой вэ. Хамгийн сонирхолтой баримтыг энд онцолъё. 2014 онд Ө.Энхтүвшин намын дарга М.Энхболдод "Нөхөрсөг зөвлөгөө, шүүмжлэл хэлэх тухай" гэх ил захидал хаяглан илгээж байсан.
Энэхүү захидалд “Улс төрийн боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуун, харьцангуй нэр цэвэр явсан зам мөр зэрэг гол шалгууруудыг гээгдүүлсэн ноцтой гажуудлаа нэн даруй засна” гэсэн утга агуулгатай зүйл бичиж байжээ.
Тэгвэл “МАХ” Ө.Энхтүвшин “МАНАН”-гийн гар хөл болох уу. “МАНАН”-г үргэлжлүүлэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болно гэнэ үү . Түүний хэлснээр Улс төрийн боловсон хүчнийг шилж сонгохдоо мэдлэг, боловсрол, шударга, эх оронч чанар, ажлын дадлага туршлага, олон түмний үнэлгээ, улс төрийн ноён нуруу, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, хувийн эрх ашгаа доогуур тавьж чаддаг байх болон хариуцлага хүлээх ёс суртахуунтай нэгний сонгох хэрэгтэй юм бол Монгол Улсын Ерөнхий сайд ХЭН БАЙХ бэ.