8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 40 ишлэл

2017-09-22 15:24:00


Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН улс төрийн түүхэнд тун ховор тохиох 65 суудал авч тэдний  баярлаж бахдаж явсан цаг саяхан. "Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана" гэдэг шиг тэдний энэ баяр бахдал жил хэртэй үргэлжилж харамсалтай нь Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод  14 хонож байна.  Энэ хугацаанд МАН дотор дараагийн  Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг сэдэв хүчтэй өрнөж түрүүчээсээ нэрс нь тодорч эхэллээ. Намдаа шинэчлэл хийж, Монголын төрд шударга ёсыг тогтоохын төлөө Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар  хамтран зүтгэх хэрэгтэй гэдгийг намын олонх гишүүд нь үзэж байгаа аж.  Ц.Нямдоржийн хэлсэнчлэн шиг “Ядарсныг тэтгэж, задарсныг дарах цаг нь  ирээд байна.  Одоо л тэдний зангарагтай үг "бай"-гаа оносон үйлдэл нь энэ төрд ус агаар мэт хэрэгтэй байна.  Хахир хатуу  зантайгаараа эртнээс алдартай  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн  зангарагтай  шулуудсан  үгс нь олон нийтээс үргэлж алга ташилт авч байдаг. Тэрбээр Монголын улс төрд 27 жилийн амьдралаа зориулсан  одоо л хойш суулгүй тайзны өмнө гарч ирэх цаг нь болсон. Түүнд мэдлэг чадвар, туршлага, улс төрийн зангараг бүгд бий.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэв нэр дэвшсэн бол илт давамгай ялалт байгуулах байсан гэдгийг улс төр судлаачид дүгнэсэн байдаг. Эндээс  харвал түүнийг Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшээд гараад ирвэл олон нийт уухайлан дэмжих нь дамжиггүй. Харин У.Хүрэлсүхийн хувьд намынхаа үнэт зүйл, үзэл санааг хамгаалж 20 гаруй удаагийн жагсаал цуглааныг нөхдийнхөө хамт зохион байгуулж, Ардын намын улаан хамгаалагч гэсэн нэр хоч хүртэл зүүж явсан нэгэн.  2006 онд  намын байр руу нь  дайрсан сөрөг хүчнийхэнтэй тэмцэж, намынхаа шатсан тугийг парламентын танхимд барьж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж ч байсан. Харин одоо  шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэхээр тэр дахин босч ирлээ. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар МАНАН"-г арилгаж шударга ёсыг эргүүлэн авчрах  хамтын тэмцлийг эхлүүлэхээр   дөрөө харшуулан барианы зурхай руу эргэлээ. Ингээд тэдний  онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.  

Ц.Нямдорж:

  1. “Би бол сонгуульд мөнгө, хүч хэрэглэдэггүй. Ганц хөл дүүжлэх унаа, хуудас сонин байхад надад хангалттай. Тэгээд л болоо.

  2. 2000 оны үед рецедив гэмт хэрэгтнүүдийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байлаа. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна.

  3. “Амьд буй цагтаа Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Надаас салах аргыг нь би зааж өгье. Чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү” 

  4. Би түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүд маань зээлээр байшин бариулсан”

  5. “Ер нь баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй. Өнгөрсөн 25 жилд газар, лиценз авъя гэвэл авах л байлаа. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал нэрээр луйвар хийж баяжих бололцоо ч байсан. Би 16 жил Увсаас сонгогдож УИХ-д суусан. Надад тэнд ганц ширхэг тоосго ч байхгүй.

  6. Би зарим хүнд “Ийм их хөрөнгө хураагаад, улс төртэй зууралдаад явах ямар хэрэгтэй юм бэ. Мянган жил амьдрах биш. Үхэхийн цагт хоёр мeтр газар ч хэрэггүй. Чандарлаад бумбанд хийчихдэг болсон. Яах гэж ингэж шунадаг юм бэ” гэж хэлдэг юм” 

  7. “Ядарсныг тэтгэж, задарсныг дарж явах нь төртэй байхын учир” гэж тэр хэлэх дуртай. 

  8. “Төрийн алба хашна, төрийн хүн байна гэдэг уг нь нарийн дэг жаягтай юм шүү дээ. Төрийн хүний явдал, суудал хүртэл төрийн ёс жаягийг дагах ёстой юм”

  9. “Ард түмэн л миний дарга. Надад өөр дарга байхгүй. Аль ч утгаараа. Надтай хууль ярих дарга одоо манай эд нар дотор хэд байгаа юм бэ. Зүгээр л, байхгүй” 

  10. Би энэ УИХ-д 25 жил ажиллаж байгаа. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.  Энэ 25 жилд гаргасан хамгийн хүнд улс төрийн үйлдэл байсан.

  11. Нэгдүгээрт, Ц.Элбэгдорж гэдэг хүн Монгол улсын ерөнхийлөгч байх үедээ Монголын улс төрийн намуудыг самарсан даа. 2009 онд Ерөнхийлөгч болчхоод МАХН гэдгийг зориуд дээд шүүхээр бүртгүүлж, энэ намыг самарсан. 2013 онд Ерөнхийлөгч болоод АН-ыг дотор нь холилдуулж самарч, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан. Энэ бүхнээс болж АН-ыхан бие биенээ харж чадахаа больсон. Манайд намд энэ хумс их хүндээр орж ирсэн.

  12. Тэрээр НИТХ-ын дарга Сандуйгийн талаар Өөрийнхөө эрх мэдэлд шунаж, намын нэрийг унагаасан хүн өөрөө ажлаа өгчихөөд явчихаж болдоггүй юм байх даа. Цагаандаа гарна гэдэг нь энэ байхдаа.

  13. "Надруу та нар дайрцгаа.  Далан хэдүүлээ нийлээд дайр. Тэгэх тусам ард түмэн намайг дэмждэг юм. Олон удаа сонгосны учир үүнд бий.

  14. Хууль хулгайлдаг, ёс зүй хулгайлдаг, зарчим хулгайлдаг, Үндсэн хууль хулгайлдаг хулгайчийн систем амь бөхтэй оршиж байхад Үндсэн хуулийн цэц үхсэн юм шиг сууж байна. 

  15. Монголын төр хулгайч нарын өмнө сөхрөх ёсгүй. Монголчууд олон юм хүсдэггүй. Зүгээр л жаахан шударга байгаач гэдгийг хүсч байна. Тэрнээс хоногийн хоолоо төрөөс гуйдаг монгол хүн байдаггүй. Үүнийг Авлигатай тэмцэх газар, түүний албан хаагчид байнга бодож явах ёстой юм даа.

  16. Хууль хулгайлдаг, ёс зүй хулгайлдаг, зарчим хулгайлдаг, Үндсэн хууль хулгайлдаг хулгайчийн систем амь бөхтэй оршиж байхад Үндсэн хуулийн цэц үхсэн юм шиг сууж байна. 

  17. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах үйл ажиллагааг зохион байгуулсан хүн нь Ц.Элбэгдорж өөрөө.  Зургаадугаар сарын 29-нд Ташкентад гурван улсын уулзалт болоход ХХБ-ны О.Орхон нь өөрөө очиж эцсийн цэг тавьсан. Би үүнийг л хэлсэн юм. Одоо мэдэн будлиад байж хэрэггүй.

  18. Сайдын суудал овоон дээр тавьдаг хадагны үнэ цэнтэй адил боллоо. Арай хэтэрч байна. 

  19. Засгийн газрыг огцруулах асуудал бол олигархуудтай хийж буй тэмцлийн нэг хэсэг юм шүү. МАНАН-гаас салъя гэсэн ойлголт гэж бодож байна. АН-ынхан баярлаж байна гэж сонссон. Баярлаад байх зүйл байхгүй. Ц.Элбэгдорж гэж зальжин хүний найруулсан хороос болж Монголын төр дуусч байна.

  20. Би аливаа үйлдэл хийхдээ албан тушаал ерөөсөө боддоггүй. Энэ улсад аливаа асуудал болохгүй байна, төр нь төр биш болсон учраас эрүүл хэвийн төртэй болох шаардлага байна гэдгийг л би хэлж байгаа юм.

У.Хүрэлсүх: 

  1. Бурхны сургаалд “Чи хэрвээ зовлонгоос ангижиръя гэвэл, эхлээд зовлонгийн шалтгааныг ол” гэсэн байдаг. Тэгэхээр монголчууд бидэнд зовлон байна. Тэр зовлон бол мөнгө цагаан, нүд улаан гэдэг шиг улс төр, бизнесийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хэсэг эрх мэдэлтнүүдийн мафижсан бүлэглэл төрд бий болсон явдал.

  2. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна шүү дээ.

  3. УИХ, намын Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ саналыг ч сонсолгүйгээр цөөн хэдэн дарга нарын хүрээнд томилгоо хийсэн нь МАН-ын боловсон хүчний бодлогыг бүхэлд нь нураасан. Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, мэргэжлийн биш мэрэгчдийн Засгийн газар бий болж эхэлсэн дээ. Төрийн боловсон хүчний бодлого Төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд, хундаганы ард шийдэгддэг болсон.

  4. Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрээ солихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи. Ардын нам бол миний эцэг өвгөдийн нам. Би энэ намд 17 настай байхдаа элссэн. Өлсөж цангаж, жагсаж цуглаж, өгсөж уруудаж, ялж ялагдаж, тэмцэж зүтгэсэн миний амьдралын 32 жилийн түүх энэ намтай салшгүй холбоотой.

  5. Намайг зохион байгуулалттайгаар алчихдаггүй л юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал, насаа дуустал тэмцэнэ.

  6. Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.

  7. Би намын даргын сонгуульд итгэл төгс өрсөлдөнө. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай.

  8. Одоо л бид эрс шийдэмгий бодлого хэрэгжүүлж, эргэж буцсан чөтгөрийн тойргоосоо гарахгүй бол тун удалгүй нөгөө Грек, Нигери, Аргентиний цөлмөгчдийн тогтолцоо руу эргэлт буцалтгүй орох эрсдэл хол биш, ойрхон болчихлоо.

  9. Энэ өөрчлөлтийн төлөө монголчууд бид хамтдаа тэмцэх цаг болжээ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үг бий. Эцэст нь, энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нийгэмд шударга ёс тогтоох явдал хамгийн чухал. Нийгэмдээ шударга ёс тогтоосон улс гүрэн урагшлан хөгжиж, тогтоож чадаагүй нь уруудан доройтож, мөхсөн түүх дэлхийн түүхэнд олон бий шүү дээ.

  10. Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна. Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.

  11. Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Эцэг өвгөдийн минь байгуулсан Эх орончдын нам ч үүний өмнө өвдөг сөхрөх ёсгүй.

  12. Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.

  13. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаална. 

  14. Монголд хууль ёсыг сахиулах ёстой хууль хүчний байгууллага улс төрийн зорилгоор ашиглагдаж, шударга ёсыг уландаа гишгэж байгаад би үнэхээр их харамсаж байна.

  15. Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.

  16. Ах нь хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлчихдэг, цэх шулуун зантай офицер хүн.

  17. Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой. Ямар нэг арга саам хэрэглэж, Монгол морьдын уралдаанд эрлийз болон холимог цусны морь "шургуулах"-ыг оролдвол шууд хуулийн байгууллагад тухайн хүнийг өг.

  18. Cонгуулийн үеэр хуруугаа ч хөдөлгөөгүй, хаа явсан нь харагдаагүй зарим нэг хий үзэгдлүүд одоо их хошуу нэмэрлэж байгаа сурагтай.

  19. Бизнес, улс төр хоёр хутгалдаад ирэхээр л бүх муу муухайгийн эхлэл тавигдаад байна. Бизнес нь бизнесээ л хий. Битгий улс төрд орж ирж ир, та нарт зохихгүй.

  20. Би намаа хаана ч, хэнээс ч өмөөрнө. Миний амьдралын 32 жил энэ намтай холбоотой. МАН-ыг шүүмжилж болно, доромжилж бол болохгүй. “60 тэрбумчид” МАН цаашлаад Монголын ард түмнийг доромжилсоор байна.

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hudlaa
ene 2-n yarih hiih uldel bodit baidlaas tom zurun ih muu humuus de.
2017/09/23 43.242.242.163
уул шугамандаа үнэн л хэлжээ. үр дүнг л ард түмэн харна.
иргэн
2017/09/22 202.131.243.186