8o
Улаанбаатар хот
mobile menu

7 хоногийн тойм: Багш нар ажил хаялт зарлаж, ОУХМ П.Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

2017-09-24 09:50:44

Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд олон үйл явдал болж өрнөлөө. Цалингаа нэмэхгүй бол сануулах ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан багш нар энэ сарын 21-ний өдөр ажил хаясан. Мөн үүнээс гадна НИТХ-ын дарга Ц.Сандуйг ажлаас чөлөөлөгдөж, орны хүнийг томилох хуралдаан боллоо. Мөн Төрийн банкны захирал нарын цалин дуулиан дэгдээлээ. Хар бараан мэдээн дунд гэрэл гэгээтэй мэдээ ч мөн гарлаа. Тодруулбал, ОУХМ Пүрэвдоржийн Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо. Энэ бүх мэдээллийг багтаасан 7 хоногийн тоймоо хүргэж байна. 

Санал хураалтын дүн тэнцэж тус хуралдаанаар НИТХ-ын дарга тодорсонгүй

Ц.Сандуй руу оймс шидэж эсэргүүцлээ илэрхийллээ

Өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын ын XI хуралдаан боллоо. Хуралдаанаар  НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэв. Энэ үеэр төлөөлөгч Э.Бат-Үүл “Албан  тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа Ц.Сандуй нөхдөдөө буруу өгч болохгүй. НИТХ бол улстөрөөс ангид байгууллага.” Гэсэн бол НИТХ-ын дарга Ц.Сандуй  “Нийслэлийн МАН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн 7-д нь ялагдал хүлээсэн учир улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм” хэмээлээ.
 
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга “Сонгуультай холбоотойгоор 7 дүүрэгт ялагдсан учраас нийслэлийн МАН-ын даргаа өгч байна гэлээ. Тэгвэл НИТХ-ын даргын албаа өгөх нь ямар учиртай вэ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм. Адилхан л хотыг хариуцсан дарга. Тиймээс НИТХ-ын дарга ажлаа өгч байгаа нь “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой.  МАН эрүүл, тулхтай, зарчимтай нам юм бол ярих битгий хэл бодох ч ёсгүй. Мафийн бүтцийг бүгдээрээ мэднэ. Төрийн албан тушаалыг худалдаж аваад, хууль, хяналтын байгууллага өөрийн хүнээ шургуулдаг. Тиймээс л Ц.Сандуй дарга 60 тэрбумын асуудлаас биш өөр асуудлаар ажлаа өгч байна гэлээ. Тэгвэл МАН-д “60 тэрбум”-ын асуудал наадсан хэвээр байгаа юм байна” хэмээлээ.

Ингээд төлөөлөгчид үг хэлсний дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх тухай санал хураалт явуулав. Төлөөлөгчдийн 82 хувийн саналаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөв. Үүний дараа НИТХ-ын даргыг сонгох хурлын санал хураалт болсон юм. Санал хураалтын дүн тэнцэж тус хуралдаанаар НИТХ-ын дарга тодорсонгүй. НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Д.Баярсайханы нэрийг дэвшүүлсэн. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлээд байсан билээ.НИХТ-ын даргад нэр дэвшсэн Баярсайхан, Амарсайхан нар тус бүр 17 санал авч тэнцжээ. Иймд хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Нийслэлийн МАН 5 хоногийн завсарлага авлаа.Нэмж хэлэхэд 5 хоногийн дараа НИТХ-д дахин ямар ч төлөөлөгч өрсөлдөх эрх нээлттэй юм. Мөн үүнээс гадна ИТХ-ын даргыг сонгох төлөөлөгчдийн хуралдааны  эхэнд   НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу боодолтой оймс шидэн эсэргүүцлээ илэрхийлжээ.   Эх сурвалжийн мэдээлснээр уг хүн МАН-ын бага хурлын гишүүн аж. Тэрбээр "Хөөе Сандуй Улаанбаатар хотын иргэдийн амьдрал хэцүү байхад чи ингээд зогсож байдаг" гэж хэлээд оймсоо шидсэн байна. 


Бяцхан охины захидалд хариу өгөх ухамсар Д.Баярсайхан захиралд үлдсэн үү


Сүүлийн хоёр жилийн хугацаанд МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын 130 минутын бичлэг цацагдсан. Тус 60 тэрбумын бичлэг дээр төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр шожигнотол зарах талаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нар ярилцаж буй яриа задарсан.Тэгвэл бодит байдал дээрээ 60 тэрбум амьдрал дээр хэрэгжсэн үү. Хэрэгжсэн байж болзошгүй баримт мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Тодруулбал, Төрийн банкны захирлуудын томилгооны тухай мэдээлэл 60 тэрбум бодит амьдрал хэрэгжсэн үү гэдэг эргэлзээг төрүүлж байна.
  Анх 2014.09.08 12:00-13:30 Шинэ Монгол хаад групп ХХК-ийн 4 давхарт МАН-ын дарга М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцсон 90 минутын уулзалт болсон байдаг. Тухайн албан тушаалтаны схем дээр Төрийн банкны талаар дурьдаж ярилцсан байдаг.


60 ТЭРБУМЫН СХЕМ ТӨРИЙН БАНК


Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Төрийн банкийг Зоос банкны буурин дээр байгуулсан бөгөөд Хадгаламж банкыг Төрийн банкинд нэгтгэсэн байдаг. Банкны салбарын 4-т бичигддэг томоохон банкнуудын нэг. Тэгвэл Төрийн банкны салбарын захиралуудыг  Төрийн өндөр албан тушаалтан,  нэр нөлөө бүхий хүмүүсийн хамаатан садан, эсвэл ойрын хүмүүсээ шургуулсан байна.


Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн цалин 15 сая, Тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая,Орлогч захирал Б.Энхсайхан цалин 10 сая, Орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, Орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая, Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас 8 сая төгрөг, Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа 8 сая, Санхүү хариуцсан захирал Л.Чинбат 8 сая төгрөг, Эрсдэл хариуцсан захирал Г.Дэлгэрбаяр 8 сая, Бизнес хариуцсан захирал Н.Энхтайван 8 сая, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Л.Жамбасүрэн, Хууль, эрх зүйн газрын захирал Б.Амарсанаа 8 сая төгрөгний цалинг тус тус авдаг юм байна. Энэ мөнгөн дүн болон жирийн нэг албан тушаалтаны жил хөдөлмөрлөж олдог мөнгө. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд бол зүгээр л ганц сарын цалин.


100 хувь төрийн өмчит Төрийн банкны эдгээр захиралууд хэний нөлөөгөөр тус суудалд заларч өдий хэмжээний цалин хангамж эдлэж сууна вэ. Жишээ нь, Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга  дүү. Түүний сарын цалин болох 18 сая төгрөг нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа юм.


Харин Төрийн банкны Орлогч захирал Б.Энхсайхан нь одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад нь хамт ажиллаж байсан нэгэн. Б.Энхсайханы нөхөр нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай нэг нутгийн хүмүүс. Мөн үүнээс гадна Орлогч захирал Г.Тогтохбаатар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат мөн хамт ажиллаж байсан, ойрын хүн. Сарын 8 сая төгрөгний цалин авдаг Үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Алтанзагас нь Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. МАН-ын бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан . Цагтаа МАН-ын дарга М.Энхболдын туслахаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараа энэ албанд ирсэн. Мэдээлэл технологи хариуцсан захирал С.Гэрэлмаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Р.Содхүүгийн охин. Энэ мэт төрийн өндөр албан тушаалтануудын хамаатан, туслах, ойрын хүмүүс төрийн өмчит Төрийн банкинд эзэн суужээ.


Ц.САНДУЙ БОЛОН, А.ГАНБААТАР НАРЫН ТӨЛӨВЛӨСӨН САНХҮҮГИЙН СХЕМ, АЛБАН ТУШААЛТНЫ ҮНЭ ХАНШ


Үүнээс харахд Төрийн банкны захирлууд МАН-ын угшилтай, хэн нэгний нэр нөлөөгөөр энэ албан тушаалд очжээ. Тэгвэл эдгээр хүмүүс энэ албан тушаалд очихын тулд хэдэн төгрөг төлсөн бэ. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон Ц.Сандуйн зөвлөх Шинэ Монгол Хаад группын Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын төлөвлөсөн санхүүгийн схемээр бол Ерөнхий захирал Д.Баярсайхан 300 сая төгрөг төлж байж, энэ албан тушаалд очсон байх ёстой. Тэд албан тушаалтны үнэ ханшны схемийг ингэж боловсруулсан байдаг. Тодруулбал,

Ахлах мэргэжилтэн-10 сая
Хэлтсийн дарга – 15 сая
Санхүү-20 сая
Орлогч дарга-20 сая
Дэд дарга – 100 сая
Дарга- 300 сая
Ерөнхий захирал- 300 сая төгрөг хэмээн схемчилсэн байдаг.

Төрийн банкны Ерөнхий захирал томилогдсон даруйдаа 267 хүнийг ажлаас нь хоморголон халжээ 
 Д.Баярсайхан Төрийн банкны Ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 албан тушаалтан, мөн долоон захирлын албан тушаалтай хүнийг ажлаас нь халсан байдаг. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарласан байдаг. Гэтэл бодит байдал дээрээ бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх биш эдгээр хүмүүсийн оронд өөр  хүмүүсийг дахин ажилд авсан байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 


Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно


Олон улсын валютын сан Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг тодорхойгүй хугацаанд хойшлуулсан гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс гадна Сангийн яам  хүүхдийн мөнгийг сүүлийн хоёр сард өгөөгүй байгаа бөгөөд хэзээ өгөх нь тодорхойгүй байгаа юм. ОУВС болон  хүүхдийн мөнгийг хэзээ олгох  талаар  Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.
-ОУВС-гийн Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөр зогссон гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс гарч эхэлсэн. Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдсэн үү?  

-Сангийн яаманд энэ талаар албан ёсоор мэдэгдээгүй.Сангийн яам болон  Монголбанкинд албан ёсоор энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. 
-ОУВС-аас эхний ээлжинд орж ирсэн мөнгийг юунд зарцуулсан вэ. Хөтөлбөрийн хүрээнд одоо хичнээн хэмжээний санхүүжилт хийгдэх бэ?
-Эхний орж ирсэн мөнгийг төсвийн алдагдалыг санхүүжүүлэх зорилгоор төсөв рүү оруулсан. Нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа.  Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл  хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох бүрэн боломжтой боллоо гэж Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдийн мөнгийг хүртэл нөхөж олгосон. Гэтэл өнгөрсөн сараас эхлээд хүүхдийн мөнгийг яагаад олгосонгүй.  Цаашид үргэлжлүүлэн олгох уу?
-Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно.  Өнөөдөр төвсийн тодотголыг өргөн барих сүүлийн хугацаа. Төсвийн тодотголыг өргөн барьсны дараа бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. 
 
Багш нарын сануулах ажил хаялт цаашид хугацаагүй болно гэдгийг мэдэгдэв
 
"Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.Энэ дагуу өнөөөдөр багш нар ажил хаялт зарлаж байгаа юм.Энэ талаар "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос 21-ий өдөр мэдээлэл хийлээ. Ажил хаялтад нийслэлийн ЕБС-тйн багш нарын 43 хувь, СӨБ 28 хувь, улсын хэмжээнд ЕБС-ийн 56 хувь, СӨБ-ийн багш ажилчдын 23 хувь нь оролцсон байна.  Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа аж. Харин цаашид энэ тоо өснө гэдгийг "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ныхон тухайн үед мэдээлсэн.
 
"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй байгаа учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна.Одоогоор ажил хаялт улсын хэмжээнд 60 хувьтай байна.Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна" гэв.


Х.Баттулга: НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга "Бид НҮБ-тай ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал гэсэн таван зүйл дээр хамтарч ажиллая гэдэгт санал нэгдсэн. Монгол Улсын төрийн тэргүүнүүд НҮБ-тай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын энэ удаагийн буюу 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй юм билээ.Манай улсаас гадна Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байсан.Энэ жилийн чуулган "Хүн төвтэй-хөгжил" сэдвийн хүрээнд болно.Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил чуулганд оролцох юм. Манай улсын тухайд жил бүр чуулганд оролцдог байсан юм билээ.Харин энэ жилийн тухайд Засгийн газар огцорчихсон хэзээ мөдгүй томилох асуудал яригдаж байгаа үед Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж ажиллах ёстой.Тиймээс чуулганд оролцсонгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь бид цаашид гадаад айлчлалуудын үр дүнг судалж, Монгол Улсад ямар хэрэгтэй вэ гэсний судалж үзсний үндсэн дээр айлчлал хийж байхаар болсон" гэв.

Наймдугаар сарын шилдэг тамирчид тодорлоо


Монголын үндэсний олимпийн хороо өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, ялагчдын нэрс ил болсон байна. Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар санал асуулгын дүнгээр сарын шилдэг тамирчид болсон байна. Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.
Есдүгээр сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшигчид 10 дугаар сарын эхний долоо хоногт тодорхой болно. Санал асуулгын дүн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногт дуусан шилдэг тамирчны нэр тодрох учиртай.


ОУХМ Пүрэвдоржийн Орхон цэргийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо


"Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртлээ. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь (Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал өчигдөр түрүүлсэн) тамирчин боллоо. 2017 онс гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртэв. 


БОАЖ-ын сайд Д.Оюунхорол дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо


БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл 5 жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа. Сайдын зүгээс Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан  Дэрэвгэр жиргэрүүг устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн байна.
Анх 2015  онд тус ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг 5 жилээр хориглосон шийдвэр гарч байсан. Гэвч хориглох шийдвэр гарахаас  өмнө аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлыг ихээр түүж нөөцөлсөн учраас эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг салбарын яаманд ирүүлэх болсон юм. Улмаар 2 жилийн хугацаатай түүж бэлтгэх асуудлыг шийдвэрлээд, ийнхүү буцаан 5 жилийн хугацаатай түр хориглож байна.
Дэрэвгэр жиргэрүү нь ургамлын Шүхэртний овог багтах Монгол орны Хэнтий, Хангай, Монгол дагуур, Дорнод н тал хээрийн бүсэд тархсан ургамал бөгөөд  80 см-ээс 1 м хүртэл нь эгц доош орсон голлосон үндсийг нь эмийн түүхий эд болгон ашигладаг байна. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж магадлалтай юм.

Эрэн сурвалжлагдаж байсан иргэдийг Дундговиос саатуулжээ


Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг Дундговь аймагт түр саатуулан шалгаж байгаа аж.  Энэ сарын 17-18-ны өдөр Дундговь аймгийн постонд үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, эрүүгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар нь дээрх гурван итгээдийг илрүүлжээ.  Тэднийг тус дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн эрэн сурвалжилж байсан байна. 


ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ шат дараалалтайгаар нэмнэ гэсэн хариу өгчээ


Энэ сарын 15-нд  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн Газарт хүргүүлсэн билээ. Уг шаардлагад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг дараах хариуг өгсөн байна
ШААРДЛАГЫН ХАРИУ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээрт туссаны дагуу ажиллагсадын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрт тусгуулахаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгэээр сарын 19-ний өдрийн 1а/3442 тоот албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүллээ.
 
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, сүрьеэгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор боллоо.
 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа.
Харин үлдсэн 25 хувийг иргэн өөрөө төлж байгаа бөгөөд иргэний төлсөн төлбөр нь тухайн эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болдог. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 264/А/293 дугаар хамтарсан тушаалын 2.7-д заасны дагуу энэхүү орлогыг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гарч байгаа шууд зардал болон байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болсон. Иймээс өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эмч, ажилтнууд үр дүнгийн урамшуулал авах бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн байгууллага өөрөө шийдэн олгох эрх зүйн орчин нь дээр дурьдсан хамтарсан тушаалаар нээгдсэн болно гэж хариуг хүргүүлсэн байна. 


Ирэх долоо хоногоос цочир хүйтэрнэ


Маргааш ихэнх нутгаар цаг агаар эргээд тогтворгүй болж, хүйтэрнэ. Харин ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 25-нд Төвийн нутаг, Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна. Тиймээс энэ сарын 25, 26-нд өмнөх хоногуудаас илүү хүйтэрнэ гэдгийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Тодруулбал есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв байдлын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. 

Салхины хүч энэр сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч,  шороон болон цасан шуурга шуурна. Энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment