8o
Улаанбаатар хот
mobile menu

ХҮНД ЖИНГИЙН “КОММУНИСТ”

2017-09-25 08:45:00

"Зиндаа" сэтгүүл болон "ZINDAA.MN" сайтын "Гол тоглогч" буланд энэ удаа Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн гэгдээд буй Ухнаагийн Хүрэлсүхийг онцолж байна. 

АХМАД ЛИДЕР

У.Хүрэлсүх тамирчнаар бол “Хүнд жинд хүч үздэг” улстөрч юм. Түүний улс төр дэх жин даац туйлын хүнд бөгөөд суурьтай аж. Өвгөн царс, өч төчнөөн залуу улиасууд өнгөрсөн хугацаанд улс төрийн энэрэлгүй салхи, элдэв шуурганы хөлд үрэгдэж, үндэс ч үгүй хиарч унасан нь олонтаа атал өнөөх У.Хүрэлсүх гэгч мод улам л жин нэмж, салаа мөчрөө тэлэн ургаж өндийсөн байх юм. 

Түүнийг олон нийт яагаад ч юм, улс төрд шинэхэн хүн мэт, эсвэл залуухан кадр мэтээр санадаг. Угтаа бол мань эр тун хуучны хүн билээ. Хаа байсан нөгөө Ху намын үеийн хүн. Тэр үедээ зүгээр ч нэг цүнх баригч байгаагүй, бүр туг баригч нь байсан нэгэн.

У.Хүрэлсүхийг залуу кадртай яагаад андуурдаг вэ гэхээр түүний ааг омог, зориг золбоотой холбоотой. Хар залуудаа улс төрийн тэмцэл хийгээд, хэрсүү сууж хэнхэг тусчихсанаас биш улстөрчид дундаа хөгшин нэгэнд тооцогдохгүй. Өдгөө дөнгөж 50 нас шүргэж байна. Тэгсэн хэрнээ, Н.Энхбаяраас ч өмнө улс төрийн халуун чулуу долоосон чоно гээд бод. П.Жасрайгийн үеэс улс төрд идэвхтэй оролцож, сөрөг хүчний эсрэг өлсгөлөн зарлаж, тухайн үеийн залуучууд дотроосоо онцгойрон тодорсон догь нөхөр л дөө.Тэр үед М.Энхболд, С.Баяр, Н.Энхбаяр нарын бараа сураг ч байхгүй байсан гээд бодохоор аргагүй. Анх их л үзэл сурталжсан, өөрийгөө намынхаа улаан хамгаалагч гээд итгэчихсэн дүртэй гарч ирсэн гэдэг юм.Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч явсан энэ залуу 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болсноос хойш өдгөө бараг хагас жаран өнгөрчээ.

Намын төв хороонд гурван жил орчим ажиллаж, улмаар УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон. Энэ үеэс намынхаа тухайн үеийн нөлөө бүхий хүмүүстэй ойртон нөхөрлөжээ.

Нэгэн ярилцлагадаа “Өчүүхэн жижиг завьтай нэг муу хүүг улс төр гэдэг том далайд гаргаж өгсөн хүн бол Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр гурав” хэмээсэн байдаг. 22 настай цэргийн бага дарга МАХН-ын улаан хамгаалагч болсон түүх ийм. Түүнээс хойш УИХ-ын гишүүнээр тойргоос хоёр, жагсаалтаар нэг удаа сонгогдож,  дөрвөн удаа Засгийн газрын гишүүнээр ажиллажээ. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол мэргэжлийн Засгийн газарт мөн Шадар сайдын алба хашсан юм. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалыг туулаад гарч ирсэн туршлагатай. Тэр одоо ёстой л ир нь ханасан улстөрч болжээ.

 

УЛААН ХАМГААЛАГЧ

Хүнд жингийн “коммунист” гэдгээ тэр олон ч удаа баталсан даа. Нударгаараа ч баталсан, ам хэл, үйл хэргээрээ ч баталсан. Коммунист гэх үг одоо үед доромж мэт сонсогдох болж. Дарангуйлагч, айлган сүрдүүлэгч, муйхарлагч, хэзээ ч бүтэшгүй үзэл санаатай, хүнд сурталтай нэгнийг “аа, муу коммунист” гэж хочлох, гоочлох нь бий. Тэгвэл энд арай өөр утгаар хэрэглэж байна. Хуучинсаг боловч тууштай үзэл санаатай, хамгаалах үнэт зүйлтэй, зарчимтай, захиргаатай гэдэг утгыг илүү оноож, энэ ёгтлолыг ашиглаж буй. Гэхдээ У.Хүрэлсүх бол ёгтолсон ёгтлоогүй коммунист. Учир нь тэр МАН-аа коммунизм, социализмтай нь, өнгөрсөн түүх, өнөө ба ирээдүйтэй нь, алдаа оноотой нь хамт үнэн сэтгэлийн угаас хайрладаг, хамгаалдаг нэгэн. “Энэ намыг хэний ч аавын хүүгээр муу хэлүүлэхгүй” гэж яснаасаа, цуснаасаа өрвөлзөж, өмгөөлдөг нь түүний мөн чанар.

Намдаа хэт үнэнч туйлбартай байдал нь түүнд цогтой тэмцэгчийн дүр төрхийг бий болгосон гэж болно. Намынхаа тугийг шатаалгачихаад, уур гомдол хоёроо барьж дийлэхгүй төрийн ордонд агсам тавьж байсан ч удаатай. Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн өөдөөс харж байгаад "Хүнд гарын баагийнууд аа, томоотой байгаарай" гэж хашгирч чадах аавын хүү түүнээс өөр байхгүй. Л.Гүндалай УИХ-ын гишүүн байхдаа иймэрхүү дүвчигнэлийг үзүүлдэг хэдий ч мань хүний хажууд тамирчин шиг ч харагддаггүй байв.

Харин У.Хүрэлсүх гэнэ гэнэ тэсэрнэ. Ингэхдээ жинтэй буулгана
 МАН руу нь чулуу шидсэн хэнбугайн ч өөдөөс тоосго бариад босоод ирж мэдэх ёстой л шийдсэн тэмцэгч. Түүнд энэ дүр нь сайхан зохидог. Намын улаан хамгаалагч гэдгээрээ ч алдартай. Түүх сөхье.

Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай ид яригдаж байсан үе. Харин иргэний хөдөлгөөнүүд огцруулахгүй гэж жагсаал цуглаан хийж, тухайн үеийн МАХН-ын байр руу дайрлаа. УИХ-ын гишүүд хэрхэхээ мэдэхгүй чуулганыхаа танхимд бүгэж, битүүхэндээ түгшүүртэй сууцгаах үед У.Хүрэлсүхийн уур гэнэт буцалж, чуулганы танхимаас гудамжинд үсрэн гарах нь тэр. Толгойдоо улаан эмблем бүхий цагаан даавуу ороосон нь фронтын дайнд шархтсан цэргийг санагдуулж байв. Зүгээр ч нэг цэрэг биш ээ. Шархандаа халуурч, улангассан тийм цэрэг шиг харагдаж билээ.

Хувьсгалт намынхаа урагдсан тугийг мөрөн дээрээ тавьчихсан жагсаал цуглаан хийгээд гүйж явах нь түүнд зохино гэж янзын. "Манай нам мандтугай. Ура" гээд л тун сүртэй.

ТОПОР МӨН, МУУЖГАЙ БИШ

Одоо У.Хүрэлсүх шинэ хочтой болсон. Тэр нь топор буюу сүх. Их олон утгатай үг шиг байгаа юм.Эртний слави хэлээр топор гэдэг нь “цохих” гэсэн утгатай юм байна.Өнөөдөр энэ үг МАН-д ч, АН-д ч трэнд болж байна. “Hero”-гийн Б.Баатар У.Хүрэлсүх хоёрын хоорондоо утсаар ярьсан бичлэг задарснаар У.Хүрэлсүх “Топор” нэртэй тагнуулч болж хувирсан юм.

Энэ намд хөтөлж, хөлд оруулж, улс төрийн цагаан толгой зааж өгсөн Н.Номтойбаяр нь түүн рүү "хутга" шидэв. Н.Номтойбаяр "Хүрэлсүх бол хөгийн новш байж” гэх утгатай үгс дайж, ярилцлага өгчээ. Тэгээд "Топор Муужгай" гэдэг шинэ томъёолол гаргах гэж оролдов.

Харин У.Хүрэлсүх тэр бичлэгийг худал хуурмаг, эвлүүлэг гэж ч мэлзсэнгүй. “Тийм ээ, миний ярьсан бичлэг мөн” гээд шууд л “улайчихсан”. Бусадтай адил булзах, улайхгүй гүрийх, худлаа гөрөх, хоёрын хооронд гурвын дунд шалчигнах зан түүнд байхгүйн илрэл. Түс тас, ил тод. Хамгаас үнэн зүйл бол ард түмэн "Топор" гэдэг үгийг У.Хүрэлсүхийн духан дээр тодоос тод тамгалж өгсөн мөртлөө "муужгай"-г мартчихлаа. Яагаад? Яаж ч хардаж сонсоод тэр бичлэгт У.Хүрэлсүх намаасаа урвасан гэх үзэл санааны хэлтэрхий ч алга. Тиймээс...

У.Хүрэлсүх топор бол мөн. Харин муужгай биш. Н.Номтойбаяр нарын хэлээд буй муужгайн авир төрх У.Хүрэлсүхд зохихгүй. Гэтэж мяраах, хумсаа нуух, гэм хоргүйгээр хүржигнэх зэрэг шинжийг түүнээс хайгаад ч олохгүй. Тиймээс "живхтэй бацаан"-д дайж явуулсан "муужгай" гэдэг зүйрлэл түүнд наалдсангүй. Ард түмэн тэнэг биш учраас Топор мөн, муужгай биш гэдгийг бүгд ойлгожээ. Ер нь ХҮРЭЛСҮХийн тухай Номтойбаяр мэтийн нусан чавх дүгнэлт хэлэх нь өөрөө тэнэг асуудал. Ярьж байгаа хүн нь Номтойбаяр байсан учраас урвагчийн асуудал угаасаа зохиомол гүтгэлэг юмаа гэдгийг хүмүүс төвөггүй ойлгосон хэрэг.

Үүнээс болж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг ажилласан, намаасаа урвасан гэж буруушаагдаад буй. Энэ нь яг үнэндээ “буруу шаах” буюу худал гүтгэх гэсэнтэй утга ойролцоо сонсогддог. Учир нь У.Хүрэлсүх хэзээ ч намаасаа, нөхдөөсөө урваагүй. Харин ч түүнээс "зарим" хүмүүс аль эрт урвасан байж. Хоёр жилийн өмнөөс л алдарт 60 тэрбумын бичлэгт М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар "Хүрэлсүхийн хөлийг тасдах" тухай ярьжээ. Яг аалзны хөлийг тасддаг шиг гээд байгаа шүү. Тэгвэл нэг жилийн өмнөөс Ерөнхий  сайд асан Ж.Эрдэнэбат намын даргын суудлын төлөө танхимын шадар сайдаа мөрдөн тагнах үйл ажиллагааг эхлүүлж байжээ. "Топор"-ын хувьд улаан нүүрэн дээр нь л М.Энхболдыг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа илт сөргөлдөж эхэлсэн. Учир нь түүнийг чиглэсэн олон дайралтууд тэвчээрийг нь аль эрт ховх "сорчихоод" байсан биз. У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хурал дээр М.Энхболдод хандан “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй! Өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж хэлчихээд гарч ирсэн гэдэг. Энэ үеэс тэр хэзээ ч зогсож болохгүй "хувьсгалт тэмцэл"-ийг өөрийгөө золиод ч хамаагүй хийх ёстой гэдэг илүү том итгэл үнэмшилтэй болсон байх. Үүнийхээ хариуд тэр урвагч, тагнуулч, төрийн дайсан болж хувирав. Хэрвээ түүнийг тагнуулч гэж нэрлэх ёстой бол ийм тэнэг тагнуулчийг би дуулаагүй. Хэрвээ тэр төрийн дайсан юм бол олигархижсан, мафижсан төрийн л дайсан.

ХУЙХТАЙ ЭР

УИХ-ын 65 суудлыг авсан эрх баригч МАН-ынхан У.Хүрэлсүх М.Энхболдын эсрэг үг хэлсэн энэ үеэс л зүрх зориг орж, шүүмжлэл хийгээд өөрчлөлтийн тухай ярьж эхэллээ. Тэр утгаараа У.Хүрэлсүх энэ намын зүрх зориг нь юм.

Ер нь л энэ намын төлөө зүрхтэй, зоригтой үйлдэл олныг хийсэн. Бүтэлтэй нь бий, бүтэлгүй нь ч бий. МАХН-ыг дэмжигч Монголын зүүний хүчний холбоо гэгчийг байгуулж, өдгөө нам доторх хамгийн том фракци болоод буй.  Мөн намын залгамж халааг бэлтгэх Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-г анх байгуулсан. Хүнд хэцүү цаг үед МАН-ын генсекээр ажиллаж, намын  тогоо шанагатай зууралдаж явсан лидер. Намын байраа шатаалгачихаад үнс нурмаас өөр гийх гэгээгүй явахад Тусгаар тогтнолын ордонг босгож, намынхаа голомтыг бат тулсан нэгэн.

Бас МАХН нэрийг МАН болгож сольсон. "Хаясан" нэрийг нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярт "бэлэглэчихсэн" нь хэрэг мандаав. МАНай хүнд гар үүнээс болж олон ч удаа адлуулсан. Гэхдээ үүнд улс төрийн ямар зориг шаардагдсаныг өнөөдөр дурсахад ч халгахаар халуун байна. “Хэрвээ нэрээ сольсноос болж нам сонгуульд ялагдвал би албан тушаалаа өгөх болно” гэж мэдэгдээд, хэлсэндээ ч хүрч МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаа бусдад шилжүүлж байлаа. Түүгээр ч зогсохгүй, намаа ялагдуулчихаад намын нэрээр УИХ-ын гишүүн нэр зүүж явах нь байж болшгүй зүйл хэмээгээд төрийн түшээгийн сэнтийгээс хүртэл татгалзаж байв. Гэтэл өнөөдөр энэ намын удирдлагад өөрөө ялагдчихаад гүрийгээд, гүлдийгээд сууж байгаа улстөрчдийн дэргэд У.Хүрэлсүх дэндүү том, илэрхий зангарагтай харагдаж байна. Харин он цагийн хүрдэнд МАН гэдэг нэр 96 жилийн түүхтэйгээ хамт тодоос тод бичигдэн үлдэж байгааг бид харж байна. 

Н.Энхбаярын ид мандан бадарч, эрх мэдэл сүр хүчээрээ далайлгаж байхад У.Хүрэлсүх л хамгийн анхны бэтгийг хагалсан. Худалч хүнд Н.Энхбаяр Монголын эзэн хаан байсан үе.  Н.Энхбаярын эхнэр Монгол Улсын сайд нарыг гэртээ дуудаж загнадаг байсан тийм үе. НИТХ-ын сценарийг ЭХНЭР гал тогоондоо ноороглодог байсан гэхээр... 2003 онд

Н.Энхбаярт хандан "Энэ төрийн ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу" гэж хэлээд тавьчихсан гэж байгаа. Мөн 2007 онд "Та өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль амалж орж ирсэн хүнийхээ талаарх мэдээллийг илчил. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг" гэж заргалдсан. Тэр үед Н.Энхбаяр шиг том хүн байхгүй, түүний өмнө хэлтэй бүхэн зусардаж, хөлтэй бүхэн тахилздаг байсан атал МАНай хүнд гар л харин тэмцэлдэж, сөргөлдөж зүрхэлсэн. Тухайн үедээ бол яадаг ч байсан, хуйхтай л эр юм байна гэж бодоод өнгөрсөн.

 

“БУРУУ ИШИЛСЭН” СҮХ

Гэтэл одоо Н.Энхбаяраас дутахгүй эрх мэдэл, хүч чадлыг төвлөрүүлсэн М.Энхболдыг сөрж байна. Нэг удаа бол тохиолдол гэхсэн. Хоёроос дээш удаагийн тохиолыг тэгвэл мөн чанар гэнэ. Тэмцэгч мөн чанарын тухайд хоёр зааг ялгаа бий. Нэг нь системийн гаднаас шүүмжилж тэмцэх. Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарын гудамжнаас хийж байсан тэмцлийг үүнд жишээ татаж болно. Нөгөө нь системийн дотроос шүүмжилж тэмцэх. Энэ бол хэцүү. У.Хүрэлсүхийн тэмцэж буй хүчин нь 60 тэрбумынхан, эсвэл М.Энхболд нарын цөөн улстөрч гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 27 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм.Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАК групп багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, хууль хүчний байгууллагын эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын баялгийг харийнхантай цөлмөж дуусах гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.

У.Хүрэлсүх тэмцлийн бамбар бариад босч ирмэгц байдал бишдсэнийг мэдэрсэн М.Энхболд Англид элчин сайдаар сууж асан С.Баярыг дуудаж, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж тэргүүтэн тэвдэж эхэлсэн байна. МАНай хүнд гар өөрсдийг нь сүйд хийж дөнгөнө гэдгийг тэд ойлгохын дээдээр ойлгож байгаа хэрэг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ц.Элбэгдоржийн толгойлсон шударга бусын хонгил цагдаа, прокурорын байгууллага, АТГ, ТЕГ-ыг улс төрийн зорилгоор ашиглаж байна” гэж мэдэгдэж байсан. Ерөнхий сайд байхдаа шүү дээ. Энэ бүлэглэлтэй эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Гэвч ялагдал хүлээсэн юм. Засгийн газар нь огцорч, өөрөө АТГ-т байцаагдаж эхэлснээр хэрэг явдал шувтарсан. Ер нь энэхүү бүлэглэлийг нэр цохож, ил тод зарлаж, тэмцэл өрнүүлсэн улстөрчдийг цагдаа, тагнуул, шүүх, прокурорын байгууллагаар дарж авдаг жам ёс сүүлийн жилүүдэд тогтоод байгаа. Харин өнөөдөр М.Энхболд, Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж, С.Баяр дөрвийн хийсэн нүсэр систем нуран унаж байна. Нурааж байгаа “буруу ишилсэн” сүх нь Хүрэлсүх. Тийм ч учраас өнөөдөр энэ систем У.Хүрэлсүхийг нухчин дарахаар сүүлчийн эрэг шургаараа хүчлэн ажиллаж байна.

БАЛБАХ ТУСАМ ИРЛЭГДДЭГ БАЛТ СҮХ

Үнэндээ бол эрх баригч намынхаа удирдлагын эсрэг, өөрийн талынхныхаа эсрэг, аль өнгөтэй өөдтэйг хамж шимсэн бүлэглэлийн эсрэг сөрнө гэдэг хэр баргийн хүний зүрхэлж хийх ажил биш. АТГ, ТЕГ, ЦЕГ, шүүх прокурор тэр чигтээ эсрэг зогсож байхад шүү. Омголон зан цусанд нь буцалсан нэлээн хүнд жинд хүч үздэг улстөрч л үүнийг чадна. Нам дамжсан бүлэглэл, олигархи тогтолцооны эсрэг сөрөн зогсож, нэг нам, журмын нөхөр гэж тал тохой таталгүйгээр тууштай тэмцэж чадаж байна.

Нийтлэлч А.Баатархуяг “У.Хүрэлсүхийн гараар могой бариулаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд болсон “ухаалаг бэртэгчингүүдийг” тоол гэвэл гурван их хурал болно. Үнэндээ МАН дотор шархаа тоолбол У.Хүрэлсүх шиг, гэхдээ голдуу нуруундаа, өөрийн талынхны сумны шархтай хүн ховор... Бас тэгж сийчүүлчихээд “үхдэггүй” долоон голтой улстөрч” гэж бичсэн.

Түүнийг одоо ч М.Энхболдын ялагддаг Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа эсрэг ажилласан гэж ялын дүгнэлтгүй, шүүхийн тогтоолгүй "цаазлахыг" оролдож байна. Гэтэл намынхаа рейтингийг өсгөх ажлыг хийж, 21 аймгаар хөндлөн гулд давхисан хүн нь У.Хүрэлсүх байж таарсан. Тиймдээ ч орон нутагт М.Энхболд хаа очиж хамгийн өндөр саналуудаа авсан байдаг. Гэтэл хотод навс ялагдсан буруугаа түүнд тохох гээд мань эрийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хөдөлгөчихсөн хэрэг.

Хүрэлсүхд нэг хачин чанар бий. Сүхийг балбаад л, давтаад л байвал улам л ир орж, хат суудаг жамтай. Түүнтэй адил Хүрэлсүхийг муулаад л, хусаад л байх тусам жавхаажаад, зовхио босгоод байх янзтай.

Түүнийг Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбон нэг хэсэг балбав даа. Бас Энэбишийн Мөнх-Очирыг нударгалсан хэргээр шүүрэн шанага болтол нь нүдсэн. Хадгаламжийн банкнаас алдагдсан 14.2 тэрбум төгрөгийн маапаанд МАСЗХ холбогдоод ирэхийн цагт У.Хүрэлсүхийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж буй гэх мэдээлэл ч цацагдаж байлаа. Пургон автомашины хэргийг тэр үеийн цагдаа "олж тогтоогоогүй" байсан бол магадгүй МАН-ын лидерээр аль эрт тодорчих байсан биз. Юун пургон билээ гэж асуух хүн энэ намын тэр үеийн кадрууд дундаас лав гарахгүй байх. Гэхдээ Ө.Энтүвшингийн нөхөн сонгуульд зүтгэж явахдаа пургон машин сонгуулийн үеэр өгснийхөө төлөө ялд унасан гэдгийг сануулах илүүдэхгүй.

УХАМСРЫН ШАНАА

Тэр заримдаа хэтэрхий гэмээр эрс шийдэмгий үйлдэл гаргадаг.Нэг салхилбал хуй дэгдээж байж л санаа амарна. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг төрийн ордонд “унагасан” явдал үүнийг нотолно.Чуулганы хуралдаан дээр Г.Баярсайхан түүн рүү салаавч гаргаж томорсон нь шанааны шалтгаан болж. Аргагүй, АН олонхи болчихсон аатай ч байсан даа. Тэгмэгц У.Хүрэлсүх дуудаж гаргаж ирээд шанаадаад унагачихсан.УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ид явах үедээ өрөөнд нь өөрөө гүйж очиж томорч байгаад мөн л ухамсрын шанаа аваад зугтаж байв. Шанаа хүртсэн Э.Мөнх-Очир хэвлэл мэдээллийн хэрэгслээр детектив киноны зохиол шиг юм хэдэн сар жилээр хөврүүлж билээ. Яг үнэн чанартаа Гарьдхүүгийн Баярсайхан шиг л юм болсон хэрэг шүү дээ. Хэний ч үгэнд орохоо байсан эрхээрээ хатсан, авлигаар сагасан зарим нэгэнд ийм ухамсрын шанаа их тустай ч гэлцдэг дээ.

У.Хүрэлсүх гурван удаа хэлсэн амандаа унаж байсан юм. Эр хүний шийр, улстөрчийн жудагтай байхыг ямар ч албан тушаалаас илүүд үзсэн  гурвын гурван тохиолдол түүнд бий. Эхнийх нь хэрвээ нам нь ялагдал хүлээвэл намын генсекийн албаа өгнө гэж амалсан, өгсөн. Хоёр дахь нь УИХ-ын гишүүнийг шанаадаж унагачихаад “Би гишүүнээсээ татгалзана” гэж хэлээд төрийн сэнтийгээс буусан. Гурав дахь нь МАН 65 суудал авч үнэмлэхүй олонхи болчихоод байхад “Шадар сайдаа өгч байгаад шалгуулна” гэж хэлээд тэр даруй өргөдлөө гаргаж өглөө. Өөрийгөө тагнаж, чагнасан гэх хэрэг үүсгэж, гайтуулах гэсэн өнөөх эрх мэдэлтнүүдийнх нь явуургүй аргад өгсөн эрс зоримог хариулт нь энэ.

Сэтгүүлч Б.Ганчимэг "Хувь хүнийхээ хувьд У.Хүрэлсүх бусдад өс санамтгай, шүд зуумтгай, жавар сэнгэнүүлсэн хүйтэн хүн биш. Лав ханилж яваад хутгалдаг Түгжил зангүй мужик. Бас хулгахгүй, хулчийхгүй, ер нь л яаж ч мэдэх нөхөр дөө" хэмээн тодорхойлж байжээ.

Бусдад шанаа өгсөн үйлдлээ тайлбарлахдаа “Би цэргийн алба хаасан эр хүн. Доромжлолыг тэвчихгүй. Тэвчээрт хязгаар бий” гэжээ. 

МОНГОЛ ХУВЬСГАЛЧ

Түүний тэвчээр өнөөдөр ч тэсэрч, намынхаа 60 тэрбумын гэгдэх бүлэглэлийнхэнд шанаа өгөхөөр шийджээ. Эхний цохилтоо ч хийсэн, тэр цохилтын салхинд Ж.Эрдэнэбатын Засгийн газар хийсч унасан. Одоо МАНАН-г манартал цохиж, шударга ёсыг тогтоох хүч түүнд л байна. У.Хүрэлсүхийн өнөөдрийн тэмцэл шинэ үеийн хувьсгалыг санагдуулж, ард түмний дэмжлэгийг авч байна. 1921 онд Ардын хувьсгал ялаагүй бол, 1990 оны Ардчилсан хувьсгал болоогүй бол өнөөдөр Монгол хаана байхсан бол. Бид бүгдээрээ яг ингэж боддог. Сүүлийн хувьсгалаас хойшхи 27 жилийн түүхийг эргээд харахад Монголд дахиад хувьсгалын тохироо бүрдчихжээ. Гэхдээ буу барьж тэмцдэг биш, хууль сахиулж шударга ёс тогтоодог хувьсгалыг ард иргэд хүсч байна. Олигархжсан төр, нам дамжсан МАНАН бүлэглэлийг хазаарлан зогсоож, хариуцлага тооцохыг иргэд хүсч байна. Гэртээ ороод эхнэрээсээ, гадаа гараад танихгүй хэн нэгнээс, таксинд суугаад жолоочоос, бааранд ороод архичнаас асуу. Монголчууд олигархуудаасаа салж, шударга нийгэм бүтээхийг хүсч байна. МАНАН бүлэглэлийн толгойг бөхийлгөж, ардын нурууг тэнийлгэх үүргийг У.Хүрэлсүхэд оноох болсон шалтгаан энэ аж.

Төрийн толгойд гарсан увайгүй олигархуудыг нам цохих ийм НУДАРГА, авлига, албан тушаалын наймааг тас цавчих ийм СҮХ Монголын төрд ЯГ ОДОО л хэрэгтэй байна. Монголчууд 30 жил ирлэсэн хүнд жингийн ХҮРЭЛСҮХээ далайсан шиг далаймаар байна. Дамдины Сүхбаатар, Санжаасүрэнгийн Зориг, Ухнаагийн Хүрэлсүх... МОНГОЛ ХУВЬСГАЛчдын цуваа тасрах учиргүй.

 

Нийтлэлч  Д.Дамдинжав 

Эх сурвалж: "Зиндаа" сэтгүүл, ZINDAA.MN сайт. 

 

  • Recent
  • Most Read
  • Most Comment