Өчигдөр МАН-ын бага хурал болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо. МАН-ын бага хурлын гишүүд үүр цайтал хуралдаж, ийнхүү шийдвэрээ гаргалаа. МАН-ын бага хурлаар үндсэн 4 асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал,
МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
МАН-ын бага хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир руу "гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж дайрсан байна. Тэд Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт байрлах зоогийн газарт нэлээд ширүүн маргалдсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “Эр хүмүүсийн хоорондын жижиг тоглоом байсан. Юу болсныг Д.Элдэв-Очироос өөрөөс нь асуу" хэмээн хэлсэн байна.
МАН-ЫН ИХ ХУРЛЫГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20, 21-НД ХУРАЛДУУЛНА
Мөн үүнээс гадна намын их хурлыг арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Уг хурлаар намын даргын суудлыг хэнд өгөх болон намын дотоод дүрэмтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм. Мөн Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох үйл явц өрнөхөөр боллоо.
Мөн өчигдрийн хуралдаанаар их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хэлэлцсэн тогтлоо. Үүний дараа намын дотоод асуудлуудаа хэлэлцэж дууссаны дараагаар өчигдрийн оргил мөч болох Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. анал хураалт явуулахад МАН-ын бага хурлын 331 гишүүнээс 294 гишүүн ирж саналаа өгсөн байна. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод 5 санал өгсөн байна. Ийнхүү гишүүдийн 64.9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ бага хурлын гишүүдээс аваад байна. Одоо түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр хэлэлцүүлэн батлах эсэхийг шийдвэрлэх үлдлээ.