МАН-ын есдүгээр Бага хурал үүр цайтад хуралдаж, дүнгээ гаргалаа. Бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.Тодруулбал,
МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийх,
Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл,
Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах,
Хамгийн сүүлд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тэдгээрээс олны анхаарлыг татаж буй гол асуудал нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах байлаа. Ерөнхий сайдыг тодруулах, Бага хурлын гишүүдийн нууц санал хураалт 03:45 минутын үед эхэлж, 04:36 цагт санал хураалтын дүн танилцуулж дууссан байна. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдсөнөөс, У.Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авлаа. Одоо эрх баригч нам Ерөнхий сайдаа тодруулсан тул холбогдох хуулийнхаа дагуу эрх сарын 2-нд буюу намрын чуулганаар хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх замаар хэлэлцэн батлах юм.
У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сарын 7-нд үүрэг гүйцэтгэгч болсон.
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа