8o
Улаанбаатар хот
mobile menu

АХБ: Монголын эдийн засаг 2017 оны эхний хагаст үлэмж хэмжээгээр өслөө

2017-09-26 12:24:00

Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын таамгийг танилцуулсан байна. Тус таамагт  Монгол улсын эдийн засгийн 2017 оны эхний хагаст ажиглагдсан эерэг гүйцэтгэл нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна. Мөн  Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан шинэхэн тайланд дурджээ.

АХБ жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв 2017” тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4 хувь болон 2018 онд 3 хувь байна гэж төсөөлсөн нь 4 дүгээр сард гаргасан 2.5 болон 2 хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн юм.

“Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд, “Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзлэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно.” гэв.

Эдийн засаг 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн байна. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал, мөн бизнес хийх итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр 5 дугаар сард батлагдсан зэрэг нь таамаг хамрах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс юм.

Оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өсч,улмаар төсвийн алдагдал 34.1 хувиар буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувьтай тэнцсэн байна. Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч ДНБ-ний 5.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс улбаалан оны эхнээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.

Инфляци эхний хагас жилд дунджаар 3.0 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортийн өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал энэ жил ба ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment