8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Багш нар өнөөдөр хоёр дахь удаагаа ажил хаяж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан өдөр

2017-09-26 18:40:00

“Хүнийг алдааг нь биш оноог нь тоолж байж урамшуулж. Ажлын бүтээмж, үр дүнг нь сайжруулдаг” гэдэг сайхан үгийг хамт энэ сайхан өдрийн мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр”тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Б.Чойжилсүрэн: Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ

Өчигдөр  МАН-ын бага хурал болж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх тодорлоо. МАН-ын бага хурлын гишүүд үүр цайтал хуралдаж, ийнхүү шийдвэрээ гаргалаа.  МАН-ын бага хурлаар үндсэн 4 асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал,

 МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын  хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

МАН-ын бага хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болсон бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир руу "гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ" гэж дайрсан байна. Тэд Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт байрлах зоогийн газарт нэлээд ширүүн маргалдсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “Эр хүмүүсийн хоорондын жижиг тоглоом байсан. Юу болсныг Д.Элдэв-Очироос өөрөөс нь асуу" хэмээн хэлсэн байна. 

МАН-ЫН ИХ ХУРЛЫГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20, 21-НД ХУРАЛДУУЛНА 

Мөн үүнээс гадна намын их хурлыг арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдуулах шийдвэрийг гаргалаа. Уг хурлаар намын даргын суудлыг хэнд өгөх болон намын дотоод дүрэмтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэх юм. Мөн Бага хурал болон Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох үйл явц өрнөхөөр боллоо. 
Мөн өчигдрийн хуралдаанаар их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг хэлэлцсэн тогтлоо. Үүний дараа намын дотоод асуудлуудаа хэлэлцэж дууссаны дараагаар өчигдрийн оргил мөч болох Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. анал хураалт явуулахад  МАН-ын бага хурлын 331 гишүүнээс 294 гишүүн ирж саналаа өгсөн байна.  Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхэд 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод 5 санал өгсөн байна. Ийнхүү гишүүдийн 64.9 хувийн саналаар Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ бага хурлын гишүүдээс аваад байна. Одоо түүнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, УИХ-ын намрын чуулганы эхний өдөр хэлэлцүүлэн батлах эсэхийг шийдвэрлэх үлдлээ. 

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авлаа

МАН-ын есдүгээр Бага хурал үүр цайтад хуралдаж, дүнгээ гаргалаа.  Бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.Тодруулбал, 

МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийх, 

 Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл,

Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын  хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах,

Хамгийн сүүлд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Тэдгээрээс олны анхаарлыг татаж буй гол асуудал нь  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах байлаа. Ерөнхий сайдыг тодруулах, Бага хурлын гишүүдийн нууц санал хураалт 03:45 минутын үед эхэлж,  04:36 цагт санал хураалтын дүн танилцуулж дууссан байна. Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдсөнөөс, У.Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий  сайдад нэр дэвших эрхээ авлаа. Одоо эрх баригч нам Ерөнхий сайдаа тодруулсан тул холбогдох хуулийнхаа дагуу эрх сарын 2-нд буюу намрын чуулганаар хэлэлцэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх замаар хэлэлцэн батлах юм.

У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаад 2017 оны есдүгээр сарын 7-нд үүрэг гүйцэтгэгч болсон.

Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа

Хойд Солонгосын тухай та бидний мэдэхгүй 9 баримт

Хойд Солонгос, АНУ-ын дундах  заналхийлэл бие биедээ өгч буй хариу цохилтууд дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Хойд Солонгос нь хамгийн нууцлаг, хаагдмал орон гэдгээрээ дэлхий даяар алдартай. Хойд Солонгос руу жуулчны үүднээс ч нэвтрэх, гарахад ч хэцүү байдаг. Тус улсыг 21-р зууны үеэс бусад улс орноос тусгаарлагдсан гэж үздэг. Тус улстай холбоотой статистик тоо баримтыг олоход хэцүү бөгөөд ихэнхдээ тооцоололд тулгуурласан байдаг.  Тэгвэл одоо Хойд Солонгосын тухай бидний мэдэхгүй баримтуудыг танилцуулж байна.

1. Ким Ил Сун 1948 онд Хойд Солонгосыг байгуулсан. Түүний удам угсаа нь өнөөдрийг  хүртэлх хугацаанд Хойд Солонгосыг захирч байгаа билээ. Хойд Солонгосыг энэ хугацаанд гурван хүн удирдаж байсан бол Өмнөд 12 Ерөнхийлөгч удирдсан байна. 

2.Хойд Солонгост гурван сая хүн  гар утас  хэрэглэдэг. Энэ нь танд магадгүй их тоо санагдаж байгаа боловч, 25 сая хүн амтай оронд 10 хүн тутамд нэг хүн утастай гэсэн үг. Ихэнх хэрэглэгчид нь Пхеньян нийслэлд төвлөрсөн байдаг байна. Хойд Солонгосын гар утасны зах зээл хязгаарлагдмал хэдий ч өсөн нэмэгдэж буй цорин ганц утасны сүлжээ болох Корольолин юм.  Энэ нь Египетийн Orascom компаний түншээр байгуулагдсан бөгөөд энэ нь олон жилийн туршид цорын ганц сонголт байсаар байна.Гэвч Orascom 2015 онд Хойд Солонгос өрсөлдөгч сүлжээгээ байгуулж байсныг олж мэдээд, хөрөнгө оруулагчдадаа гурван саяаас дээш хэрэглэгчидээ алдсан гэж мэдэгджээ.

Хойд Солонгосын ихэнх хэсэг нь гар утасны хомсдолтой ч, гар утасны интернэтийг зөвхөн "хувийн интернет"-т нэвтрүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд энэ нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хаагдсан интренэт систем юм.

3. Хойд Солонгосын эрэгтэйчүүд Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдтэй дундаж өндрийг харьцуулахад бага зэрэг намхан гэсэн судалгаа байдаг аж. Сөүлийн Sungkyunkwan Их Сургуулийн профессор Даниэль Швекендек нь Өмнөд Солонгосын хилийг гаталж буй хойд солонгос дүрвэгчдийн өндрийг судалжээ. Үр дүнд нь тэд дунджаар 3-8 см (1.2 -3.1 инч) ялгаатай байв.

4.Швекендекийн хэлснээр өндөр ялгаа нь генетикийн хувьд хамаагүй гэжээ. Учир нь энэ хоёр популяци ижил учраас.Тэрээр мөн дүрвэгсэд нь ядуу байх нь  жижигхэн байх магадлалтай гэсэн баримтыг эсэргүүцсээр байсан юм. Мөн тэрбээр Хойд Солонгосын эрэгтэйчүүд намхан байгаа нь хүнсний хомсдолтой холбоотой гэж үзсэн байна.

Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын зургуудыг харвал замын хөдөлгөөн байхгүй өргөн уудам, цэвэр зам байдаг. Гэхдээ Нийслэлээс гарахад энэ нь арай өөр юм. Хойд Солонгос 2006 оны байдлаар 25,554 км автозамтай гэсэн байдаг боловч,  яг үнэндээ 3 хувь нь л хатуу хучилттай байдаг гэнэ. Энэ бараг л 724 км юм.

5.Мөн Хойд Солонгост 1000 орчим хүн тутмын 11 нь машин эзэмшдэг гэж тооцоолол байна. Машингүй зорчигчд автобусны буудал дээр ямар их удаан оочер үүсгэн зогсож байгааг доорх зурагнаас харж болно.

6. Хойд Солонгос эдийн засгаа дунджаас дээш гаргахын тулд нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Хойд Солонгос нүүрснийхээ ихэнх хувийг Хятад руу импортолдог бөгөөд энэ нь 2017 оны хоёрдугаар сард хоригложээ. Зарим шинжээчид үүнийг шийтгэлийн мөн чанар гэж харж байгаа юм."Хориг тавьсаны дараа Хятад дахь нүүрсний боомтууд дээр Хойд Солонгосын усан онгоцнууд ирэх үгүйг нь шалгадаг хүмүүс байдаг" гэж Олон улсын эдийн засгийн Петерсон институтийн судалгааны шинжээч Кент Бойдон ярьж байна.

1973 он хүртэл Хойд болон Өмнөд Солонгосын хөрөнгө хувьд нэлээд тэнцвэртэй байсан.Түүнээс хойш Өмнөд Солонгос нь дэлхийн тэргүүлэх аж үйлдвэрийн үйлдвэрлэгчдийн нэг болсон. Ийм хурдацтай хөгжихөд үндэсний томоохон компаниуд болох Samsung болон Hyundai зэрэг компаниудын ач юм.

7.Хойд Солонгос хүн амын тоогоор 52-т ордог бол дэлхийд дөрөв дэх хамгийн том армитай улс гэж тооцогддог.Цэргийн зардал нь ДНБ-ний 25 хувьтай тэнцэх тооцоотой байгаа бөгөөд бараг бүх Хойд Солонгос хүн цэргийн хэлбэрээр сурч байна.

8.1990-ээд оны сүүлчээр болсон өлсгөлөн нь Хойд Солонгос дахь дундаж наслалтыг эрс багасгасан.Хоол хүнсний хомсдол нь одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын иргэд яагаад урт удаан амьдардаггүй нь энэ олон шалтгаануудын нэг юм.

9. Хойд Солонгос нь Өмнөд Солонгосоос илүү их төрөлттэй байна. 2017 онд Өмнөд Солонгос улсын төрөлт хурдацтай буурсан ба, улс орны төрөлтийг хурдасгах тэмцэл үргэлжилсэн хэвээр байна. Хүн амаа өсгөхийн тулд хүүхдийн тэтгэмжинд 70 тэрбум доллар (53 тэрбум паунд) зарцуулж, эцэг эхийн амралтыг сайжруулж, үргүйдлийн эмчилгээнд зарцуулсан байна.

Эх сурвалж: Bbc.com

Г.Дөлгөөн 

Батлан хамгаалах яаманд албан тушаалын томилгоо, тендертэй холбоотой зөрчлүүд илэрчээ

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас байгуулагдсан ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабт ажилласан дүнгээ хэлэлцүүллээ.

Дүнг хэлэлцүүлэхэд Төрийн албаны зөвлөл, Үндэсний Аудитын газрын болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцсон юм.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлжээ.

Тус яамны 2015 оноос хойшх үйл ажиллагаатай танилцахад тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байна.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал илэрсэн зарим зөрчил, дутагдлыг цаашид гүнзгийрүүлэн шалгах чиглэлээр 2 ажлын хэсэг гарган ажиллахыг даалгажээ.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу Олон нийтийн дэд зөвлөлийг ажилд нь нэн яаралтай оруулахыг үүрэг болголоо.Ингэснээр тус яамны үйл ажиллагааг иргэд, олон нийт хянах боломжтой болох юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг “Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ажилласан тайлангийн дүнгийн мөрөөр, энэ хэлэлцүүлгээс гарсан санал, шүүмжлэл нэг бүрийг бид цаашид үйл ажиллагаандаа анхаарч хэрэгжүүлж ажиллах болно.

Санаатай гэхээсээ илүү санамсаргүй, хуулийн мэдлэггүйгээс болж алдах явдал байна. Тиймээс Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтарч ажиллая” гэлээ.

Шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байхыг анхааруулж байна

Энэ сарын 25-27-нд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй тул тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг анхааруулж байна.   

Иймд иргэд, жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохоос гадна тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, дулаан хувцас, шатахууны нөөцөө сайтар бэлтгэх, Ус цаг уур орчны хүрээлэнгээс  өгч буй цаг агаарын мэдээнд анхаарах, онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс зөвлөж байна.

Самар түүхээр гарсан эмэгтэйг эрэн хайж байна

Архангай аймгийн Жаргалант сумын төвөөс баруун зүгт 12 км-т буюу Баянцагаан багийн “Согоотын Эх” гэдэг газар энэ сарын 20-ндтус сумын харьяат, 42 настай, иргэн Х “Самар түүнэ” гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыгесдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагт хүлээн авч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, орон нутгийн 115 иргэн, нийт 120 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Мөн энэ сарын 17-ны өдрийн 09 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс урд зүгт 28 км-т буюу Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар 33, настай эрэгтэй С Сэлэнгэ мөрөнд живжээ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 09:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 53 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм байна. Өнгөрсөн ням гариг (IX/24)-ийн байдлаар, Булган аймгийн Баян-Агт сумын Нуга багийн Цагаан хашаа гэдэг газар хүртэл усаар 35 км-т эрэн хайж 2,5-3 метрийн гүнд 8 удаа шумбалт хийжээ.

АХБ: Монголын эдийн засаг 2017 оны эхний хагаст үлэмж хэмжээгээр өслөө

Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын таамгийг танилцуулсан байна. Тус таамагт  Монгол улсын эдийн засгийн 2017 оны эхний хагаст ажиглагдсан эерэг гүйцэтгэл нь нүүрсний экспорт нэмэгдэж, бизнесийн орчин сайжирснаар цаашид үргэлжлэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна. Мөн  Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүчин чармайлтаа хадгалж, гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтой байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ)-наас гаргасан шинэхэн тайланд дурджээ.

АХБ жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв 2017” тайлангийнхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 4 хувь болон 2018 онд 3 хувь байна гэж төсөөлсөн нь 4 дүгээр сард гаргасан 2.5 болон 2 хувийн таамаглалтай харьцуулахад өссөн дүн юм.

“Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээгдэж байснаас илүү өндөр байлаа” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен хэлээд, “Ирээдүйн эдийн засгийн өсөлтийг хангахад нэн чухал уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх Засгийн газрын эрмэлзлэл нь төлөвлөгөөт хөрөнгө оруулалтыг баталгаажуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Монголын ашигт малтмалын нөөц баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь улс орны ирээдүйн хөгжилд чухал хэдий ч, уул уурхайн салбарт тулгуурласан өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй байлгах, мөн эдийн засгийн төрөлжилт, илүү өндөр бүтээмжийг бий болгохын тулд бүр ч их зүйлийг хийх хэрэгтэй болно.” гэв.

Эдийн засаг 2016 онд 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өсч хүчтэй сэргэсэн байна. Нүүрсний экспорт цаашид ч өндөр хэвээр байх магадлал, мөн бизнес хийх итгэлийг сэргээхэд нэмэр болсон ОУВС-гийн хөтөлбөр 5 дугаар сард батлагдсан зэрэг нь таамаг хамрах хугацаанд өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс юм.

Оны эхний хагаст төсвийн орлого 41.1 хувиар өссөнөөр төсвийн зарлага 9.6 хувиар өсч,улмаар төсвийн алдагдал 34.1 хувиар буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувьтай тэнцсэн байна. Мөн эхний хагас жилд нүүрсний экспорт огцом нэмэгдэж гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.5 хувиар өсч, урсгал дансны алдагдал 42.8 хувиар буурч ДНБ-ний 5.6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын албан нөөц 6 дугаар сарын эцсийн байдлаар 2016 оны эцсийнхээс өөрчлөгдөөгүй буюу 1.3 тэрбум ам.доллар байгаа нь 2.6 сарын импортын дүнтэй тэнцэж байна. Эдгээрээс улбаалан оны эхнээс 6 дугаар сар хүртэлх хугацаанд төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.6 хувиар чангарчээ.

Инфляци эхний хагас жилд дунджаар 3.0 хувьтай байсан нь 2016 онд төгрөг суларч импортийн өндөр үнээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэлсэнтэй холбоотой. Түлшинд тавигдсан онцгой татвар түлшний үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн таамгийг бууруулж тогтоолоо. Оны хоёрдугаар хагас жилд импортын хэмжээ үргэлжлэн өсөх хандлагатай байгаа учир урсгал дансны алдагдал энэ жил ба ирэх жил нэмэгдэх төлөвтэй байна хэмээн бичсэн байна.

НИТХ-ын хуралдаан энэ сарын 29-нд болно

Энэ сарын 29-нд буюу баасан гарагт НИТХ-ын XI хуралдаан болно. Хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох юм. Тодруулбал, өнгөрсөн 22-ний өдөр болсон НИТХ-аар даргыг сонгох ёстой байсан ч НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын санал тоо тэнцсэн.  Тиймээс уг асуудлаар НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан байдаг. Уг завсарлагын хугацаа энэ сарын 29-нд дуусч байгаа юм. 

Багш нар өнөөдөр хоёр дахь удаагаа ажил хаялт зарлаж байна

“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлаж байна. Багш нарын түр хорооноос  Засгийн газарт багш нарын цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан юм. Тус шаардлагынхаа хариу автал ажил хаялт үргэлжилна гэж түр хорооны гишүүд мэдээлэл өгсөн байна. Өмнөх ажил хаялтад нийслэлийн ЕБС 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцжээ.

Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон байна. Багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment