8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Баянгол дүүргийн иргэд өлсгөлөн зарлаж, Баян-Өлгийн шоронгоос оргосон этгээдийг 24 жилийн дараа баривчилсан өдөр

2017-09-27 18:40:00

Алтан шаргал намарт дуртай бүх хүнд Ж.Болд- эрдэнийн “Буцах шувуудын гуниглангуй ганганаа намартай нийтгэн” шүлгийг зориулж байна.

Буцах шувуудын гуниглангуй ганганаа намартай нийтгэн

Буданд төөрсөн хорьдын сарыг ширтүүлдэг дээ

Буруу зөв түмэн бодлоос орчны учгийг атгаж

 Бусдын зовлонг ганцаар үүрмээр санагддаг даа

Уйлах инээхийн орчлон амсхийх завгүй эргэлдэж

 Урд өдөр ард хоцрон он жил улирнам

 Үе үехэн зовниж, ихэнхдээ баярласан

Өнгөрсний урсгалаас өөрийгөө би олсонгүй гэсэн шүлгийг өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаар дамжуулан хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Г.Нямрагчаа: Орчин үед сэтгэлгээний хурдыг хамгийн их шаарддаг болсон

"Оюуны Матриц Академи"-ийн багш Г.Нямрагчаатай ярилцлаа. 

-"Оюуны Матриц Академи"-ийн хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Оюуны матриц академи” анх 2012-2014 онд “Энтин” нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэг жил завсарлаад 2016 оноос “Оюуны матриц академи” болж Ой тогтоолт, Англи хэл, Төсөөллийн шатар, Хурдан уншилт гэсэн 4 чиглэлээр  сургалт явуулж байна. 

- Ой тогтоолтын хичээлд хамрагдсанаар хүн ямар чадвар эзэмших вэ?

-Хүний тархийг баруун зүүн гэж хуваадаг. Зүүн тархи нь логик сэтгэлгээ. Баруун тархи төсөөллөн бодох чадвар.  Ихэнх тохиолдолд хүмүүс өдөр тутамдаа зүүн тархиа илүү ажлуулдаг.  Харин баруун тархиа тэр бүр ажлуулдаггүй. Тиймээс ой тогтоолтоо сайжруулахын тулд баруун тархиа илүү хөгжлүүлэх хэрэгтэй.

Өдөр тутамдаа мартаж, санаад байгаа зүйлийг болиулж сэтгэлгээний хурдтай болгох нь ой тогтоолтын хичээлийн гол зорилго.

Хүн арван жилийн өмнөх зүйл, эсвэл түүнээс ч олон жилийн өмнөх зүйлийг төвөггүйхэн санадаг. Гэтэл өглөө, өдөр, эсвэл хэдхэн цагийн өмнөх зүйлийг мартаад байдаг.

Ой тогтоолт гэдэг нь сэтгэлгээний хурд. Нэг цаг,  нэг минут, нэг секунд ямар урт, эсвэл ямар богино гэдгийг сэтгэлгээний хурд харуулдаг. Сэтгэлгээний хурдыг дадлаар бий болгодог.

Өдөр болгон тодорхой цагийн хугацаанд хүн нэг зүйлийг хийгээд байвал  дадал болдог. Сүүлдээ байнга хийдэг болдог.  Онолоор бол хүнд сэтгэлгээний хурдны дадал суулгах хугацаа 21 хоног гэж заасан байдаг. Энэ хугацаанд нэг зүйлийг давтаж хийж, төсөөллөн бодож чадвал дадал болж сэтгэлгээний хурд, дадал сууна. Орчин үед сэтгэлгээний хурдыг хамгийн их шаарддаг болсон. Тэгэхдээ төгс гүйцэтгэлтэйгээр. Үүнийг ой тогтоолтын хичээлээр хүн бүрт суулгаж өгнө. Хүн өдөрт дэлгүүр орж тав, арван нэр төрлийн зүйл худалдан авах байтал үүнээс 2-3-ыг нь заавал мартдаг. Ой тогтоолтын хичээлд сууснаар үүнийг бүрэн арилгаж, дэлгүүрээс худалдаж авах бүх зүйлээ авч чаддаг чадвар эзэмшнэ. Мөн сэтгэлгээний хурдтай болно, аливаа зүйлийг мартаж, санах нь багасна. Гадаад хэл сурахдаа ч хамгийн ихээр ашиглаж болох арга барил, дадал, чадвар эзэмшинэ.

-Сургалтанд хамрагдахад насны ангилал бий юу. Ажилтай хүмүүс хамрагдах боломжтой юу?

-Насны ангилалын хувьд 8-12, 12-18, 18 дээш насны бүх хүн хамрагдах боломжтой. Манай сургалтанд 56 настай эгч хамрагдаж байгаа. Англи хэлний ангид явдаг. Анх ирж байхдаа би сурч чадах болов уу, надад англи хэл сурах шаардлага байна гэж хэлж ирсэн. Тэр хүний үр хүүхдүүд нь Европт амьдардаг юм байна лээ. Тэдэнтэйгээ чатаар харьцахад хэлний асуудал тулгарсан учраас англи хэлний ангид суралцаж байна. Арван сарын эхээр төгсөнө. Одоо бол хүүхдүүдтэйгээ бүрэн ойлголцож, өөрийгөө ойлгуулж чөлөөтэй англи хэлээр харьцдаг болсон. Үүнээс харахад хүн аливаа зүйлийг сурахад хэзээ ч оройтохгүй. Мөн чин хүсэл эрмэлзэл байхад маш богино хугацаанд бодит үр дүнг мэдэрнэ. Бид сурагчиддаа “Чадна гэвэл чиний зөв чи чадна. Чадахгүй гэвэл чиний зөв чи чадахгүй” гэж хэлдэг. Үүний бодит жишээ бол манай дээрх 56 настай суралцагч юм. Элсэгч тус бүрийн сурах арга барилд тулгаарлан хичээлээ заадгаараа онцлогтой.

-Сургалтанд хамрагдах хугацаа болон үнэ төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-Сургалт нийтдээ 35 хоног явагданаНэг ангид 12 хүүхэд суралцана. Насанд хүрэгчдийн хувьд ажлын бус цагаар сургалтанд хамрагдах боломжтой. Ажилтай хүмүүст зориулж оройны 18:00-21:30 минут хүртэл сургалтанд хамрагдах боломжтой. Харин сургалтын төлбөрийн хувьд 500 мянган төгрөг.

Намрын урамшуулал болгож 300 мянган төгрөг болж хямдруулсан. Манай сургалтын төвийн нэг давуу тал нь төгсөгч сургалтаа төгсөөд гарсан ч бидэнтэй байнга холбоотой байж ахисан түвшинд сургалт авч болдог. Ахиасан түвшинд сургалт авахаар болбол үнэ төлбөргүй авах бүрэн боломжтой байгаа.

-Сургалтын орчин, багш нарын талаар мэдээлэл өгнө үү?

-Манай академи “Peace Tower”-ийн 15 давхарт 1504 тоот байрладаг. Хоёр хичээлийн танхимтай. Хичээлийг  5 багш заана. Ой тогтоолтын хоёр, Англи хэлний хоёр, Хурдан уншилтын нэг 1 багш хичээл заадаг. 

-Ном сурах бичгээ элсэгчид өөрсдөө авах уу?

-Манай сургалтанд хамрагдсан бол ном сурах бичгээр бүрэн хангана. Сургалтын хугацаанд гарах бүх хэрэглэгдэхүүнийг манайхаас гарна. Элсэгчид нэг хувь чээж зураг аваад ирэхэд л хангалттай.

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн сурагчдад шатрын хичээлж зааж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн сурагчдад энгийн шатрын хичээл зааж байгаа. Сурагчид маш сэтгэл хангалууж хүлээн авч, идэвхи санаачлагатай оролцож байгаа. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү

Reuters: У.Хүрэлсүх эрүүл шинэчлэлийн эхлэл, авлигаас зайлсхийх эхлэлийг эрэлхийлж байна

2004 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖЭЭ

(Reuters) агентлагт Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон У.Хүрэлсүх болон Монгол Улсын Засгийн газрын талаар мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд Шадар сайд асан У.Хүрэлсүх  тус улсын шинэ Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд тус намын зүгээс мягмар гарагт ОУВС-ийн хөнгөлөлттэй багцыг нээж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр ажиллаж байна гэжээ. 

Мөн тус мэдээлэлд өнгөрсөн сард тус намын гишүүд  Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах албан бичгийг өргөн барьсан. Тус Засгийн газрыг авлига хээл хахуулын хэрэгт буруутгасан, мөн засаг захиргааныхаа чадваргүй байдлаас огцруулах албан бичгийг өргөн барьсан билээ. 

Олон улсын валютын сангийн зүгээс энэ сарын эхээр шинэ Ерөнхий сайд нь 5.5 тэрбум долларын эдийн засгийн хөнгөлөлттэй багцаас санхүүжилт авахаасаа өмнө Монгол Улсын шинэчлэлийн үүрэг амлалтыг дахин баталгаажуулахыг хүссэн хүлээлттэй байгаа юм. 
У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авсан бөгөөд, түүний томилолтыг батлах юм бол Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох юм. 2004 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тогтворгүй байдал хэвийн үзэгдэл болжээ.

Авлига хээл хахуулийн хэрэгт буруутгагдаж буй МАН-ын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь У.Хүрэлсүх орлогчоор нь ажиллаж байсан нэгэн. "У.Хүрэлсүх нь эрүүл шинэчлэлийн эхлэл, эрх баригч намыг дахин сэргээн босгох, авлигаас зайлсхийх эхлэлийг эрэлхийлж байна" гэж Улаанбаатар хотын "Алтан Бумба" санхүүгийн группийн шинжээч Дэйл Чой хэлэв гэсэн мэдээллийг оруулсан байна. 

Баян-Өлгийн шоронгоос оргосон этгээдийг 24 жилийн дараа баривчилж ял оноожээ

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас "Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд яллагдагч оргон зайлсан үндэслэлээр түдгэлзээтэй байсан 602048 дугаартай хэргийг сэргээн шалгах явцад оргодол Т-гийн байгаа газрыг олж тогтоон баривчилжээ. Яллагдагч Т нь Баян-Өлгий аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 6/08 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх  хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байна.

Гэвч тэрээр тухайн ялыг эдэлж байгаад хорих ангиас оргож 1993 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баривчлагдаж, Баян-Өлгий аймгийн Сум дундын 6-р шүүхээс өмнө нь эдэлвэл зохих ял дээр нь оргосон хэрэгт нь нэмж ял оноон, нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэжээ. 

Гэтэл ялтан Т нь 1993 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн  хорих ангиас дахин оргосон байна. Ингээд 24 жилийн турш оргосон оргодлыг "Оргодол-шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд баривчлан шийтгүүлсэн нь хэрэг хуучирдаггүй гэдгийн баталгаа болжээ.

Оргодол Т нь анх оргохдоо 29 настай байсан бол энэ жил 53 нас хүрчээ. Давтан удаагийн үйлдлээр оргосон түүний хэрэгт Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек хяналт тавьж, 2015 оны  Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн байна.

Баян-Өлгий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор оргодол Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өлсгөлөн зарлаж буй иргэдтэй дүүргийн удирдлагууд уулзав

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох тухай дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамж гарсан билээ. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд хуулийн дагуу шат дараатайгаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд харин зарим худалдаа эрхлэгчид эсэргүүцэл үзүүлсээр байна. Баянгол дүүргийн дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хороолол 32-ын автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан, өлсгөлөн зохион байгуулж буй иргэдтэй Дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг дүүргийн хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар газар дээр нь очиж танилцлаа.

Өлсгөлөн зарлаж буй 12 иргэнээс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн эмч, сувилагч нар очиж шинжилгээ авч, биеийн байдлыг үзсэн бөгөөд анхан шатны үзлэгээр даралт нь ихэссэн, хавантай, ханиадтай нийт 5 иргэн байсан бол хөхүүл хүүхэдтэй дөрвөн эмэгтэй байжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын 1999 оны А/26,10 тоот тушаалд хөхүүл эхчүүд өлсгөлөнд оролцохыг хориглосон заалт байдаг байна.

Дүүргийн удирдлагууд өлсгөлөн зарлаж буй иргэдийн биеийн байдалтай танилцаж, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу энэхүү үйлдлээ таслан зогсоохыг шаардсан юм.

Х.Баттулга: У.Хүрэлсүхийг ЕС-аар томилохыг яаралтай шийдвэрлэхийг УИХ-аас хүсье

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.

Уг хариу албан бичигт:

“Монгол Улсын Их Хуралд

Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын Нам нь Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Их Хуралд оруулж байна.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлаас хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Автобусны жолооч согтуу байсныг илрүүлжээ

Нийслэл хотын гудамж замд 2017 оны 9-р сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж иргэд жолооч нарыг ихээр бухимдуулж байгаа тул Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байна.

Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-р баазын жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

"Засгийн газрын бүтцийг эвдэхгүй, сандал ширээний хэрүүл хийхгүй"

Өнгөрсөн нэг дэх өдөр МАН Бага хурлаа хийж, бүтэн 16 цаг хуралдсан. Тус хурлаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтсон. Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон У.Хүрэлсүх илтгэл тавихдаа өмнө нь байгуулсан Засгийн газрын бүтцийг эвдэхгүй хэмээн хэлсэн байна. Өвөлжилт хүндэрч, ард иргэдийн амьдрал ахуй хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсэх магадлалт өндөр байгаа энэ үед сандал ширээний хэрүүл хийж, яам тамгын газрыг хуваахаа болино хэмээн хэлжээ. Тиймээс өмнө нь боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сайжруулах зарчмаар боловсон хүчин дээрээ тодорхой хэмжээний шинэчлэл хийх замаар шинэ ЗГ-ын байгуулна гэж мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Цогцэцэг авгай Н.Энхболдын нэр хүндийг нэг мөсөн унагааллаа, ичиж амьдрах хэрэгтэй, ямар их шунал вэ.
2017/09/28 43.242.243.96
Зочин
Цогцэцэг авгай өөриын хувиын арьсны эмнэлгийг яаж ямар мөнгөөр барьсан бэ гэдгийг шалгамаар бна мөн барилгын ажилчдыг.пизда гээд байнга загнаж бдаг гэсэн ш дээ ийм ухамсаргүй
2017/09/27 66.181.183.244